Харин залуучуудын оронд тэдэнд тулгамдсан асуудал ямар байна, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар сэтгэлд нийцдэггүй. Иймээс залуучуудын хүрээний зарим асуудлыг энэ удаад хөндөхөөр шийдлээ.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр
Ийм нэртэй баримт бичиг Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 282 дугаар тогтоолоор батлагджээ. Уул нь залуучууд биднийгээ дэмжих, хөгжүүлэх учиртай бодлогын томоохон баримт бичиг аж. Тогтоолд өнөөгийн Шадар сайд болон тухайн үеийн НХХ-ийн сайд Л.Одончимэд нарын гарын үсэг дурайж байна. Уг хөтөлбөрийг дориухан дэмжиж, Засгийн тогтоолд гарын үсэг зуралцсан сайд нь тэгсгээд огцорчихсон.
2007-2015 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан уг хөтөлбөрийн зорилт хэрхэн биелж, хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж буйг ёстой л “бурхан, тэнгэр”-ээс өөр мэдэх эзэнгүй. Эсвэл өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан төрийн нууцын “маш өндөр” зэрэглэлтэй болсон байх. Учир нь ийм хөтөлбөр байдгийг та мэдэх үү гэж асуувал олонхи залуучууд “үгүй” гэж хариулна гэдэгтэй 100 хувь итгэлтэй байна.
Уул нь хөтөлбөр боловсруулах ажлыг чамгүй өргөн хүрээ хамруулж, улс төрийн намын дэргэдэх залуучууд, оюутны байгууллагууд болон МЗХ, МОХ, Скаут, Сурагчдын байгууллагын төлөөлөл оролцсон юм даг. Тэр үед Ж.Мөнхбатаар ахлуулсан МАСЗХ, Г.Ганбатаар ахлуулсан ИЗЗХ, хэнийг нь санахгүй ч /ахлагч байсан л байх/ нэгнээр толгойлуулсан АЗХ-ны ажлын хэсгүүд хөтөлбөрт санал өгөх аянд тун ч идэвхийлж, “Найрамдлын хэлэлцүүлэг” /миний бие ийн нэрлэв/-ийг амжилттай бас үр дүнтэй явуулсан санагдана.
Гэтэл залуучуудын саналыг тусгасан хөтөлбөр маань жинхэнэ утгаараа “хэрэггүй цаас” болж хэн нэгний ширээний буланд магадгүй аль хэдий нь хогийн саванд нь ямар нэгэн хэрэгжилт, тайлбаргүй хэвтэж буйг бодохоор харамсалтай. Харамсах ч юу байхав дээ, ийм зүйл ердийн үзэгдэл болчихсон төр улс юм даа. Гэхдээ л нэгэн цагт боловсруулахад нь идэвхи гаргаж асан нэр бүхий байгууллага, албан тушаалтнууд болон монголын олон мянган залуус хэрэгжилтийн тайланг сонсох, биелэлтийг нэхэж шаардах учиртай. Тэрхүү хөтөлбөрийн нэгдүгээр шатны хэрэгжилт бүтэн 2 жил 8 сарын тэртээ дууссан бол хоёрдугаар шатыг дүгнэхэд 1 жил 4 сар, хөтөлбөр бүрэн дуусахад 4 жил үлдлээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа 50 хувиасаа өнгөрсөн ч залуучууд бидний ажил, амьдралд мэдрэгдсэн зүйл огт алга. Засаг, төрөөсөө хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэн асууя. Хийж гүйцэтгэсэн ажлыг нь сонсоё. Үлдсэн хугацааг нь “Дүлийгийн үлгэр”-ээр дуусгачихгүйсэн Залуусаа.
Монгол залуус “гадагш” цувна
Эр биений чадал нь жигдэрч, бодол санааны оньс нээгдэх идэр сайхан залуус эх орноосоо дайжиж байна. Орон гэрээ тэжээх, ээж ааваа тэтгэх, үр хүүхдээ өсгөх хүүгийн, охины, аавын, ээжийн, ахын, эгчийн, дүүгийн үүргээ биелүүлэхээр ажлын хүндийг гололгүй хүний нутаг руу тэмүүлэх тэднийг чичлэхээ энд азная. Харин тэд бол тусгаар Монгол Улсын иргэн гэдгийг дахин дахин хэлье.
Монгол залуус зүг үл мэдэн тэмтчих газар нь дэлхийн өнцөг булан бүрт. Гэхдээ АНУ, европын орнууд, Япон ялангуяа Өмнөд Солонгос руу чиглэсэн “дүрвэлт” зонхилж байна. Зарим залуус тэнд байгаагаа зүүдэндээ харж, тэнд очоод ажиллаж байгаагаар өөрийгөө төсөөлдөг гэдэгт эргэлзэмгүй. Харин тэнд амьдрал бас л өөр байдаг. Бодож байснаас тэс өөр. Уулзаж ярилцсан олон залуусын үгнээс “эх орон минь биднийг эргүүлж аваач”, “монгол минь сайхан болсон уу?”, “намайг очвол энд байгаа шиг ажлын байр олдох уу?” гэхийг олонтоо сонсоно.
Газар нутгаараа монголын уудам нутгаас хавгүй бага, хүн ам нь биднээс хэд дахин олон өөрөөр хэлбэл, 99,646 километр квадрат дээр 50 илүү сая хүн “чихэлдэн” амьдрах тэр жижигхэн улс монгол залуусыг яагаад сансарын хар нүх мэт сорж татаад байна? Эх орон нь тийм муухай юмуу? Энэ асуултанд хариулчих, үүнийг зогсоох санаачлага төрийн байгууллага, эрхэм түшээдэд даанч алга. Харин ч эсрэгээрээ…
Эх орны ирээдүй, өөрсдийн үргэжлэл болох залуучуудыгаа гадаадад явуулах ажлыг төр өөрөө “идэвхийлэн” зохион байгуулдаг. Зорилготой, бодлоготой явуулдаг бол ойлгохсон. Харин ч харь нутагт “боолчлолын дөнгө”-рүү онгоц, онгоцоор нь залуучуудаа илгээж тэднийхээ оронд урд хөршөөсөө вагон, вагоноор нь ажилчид авчирна. Түүнийгээ “гадаад ажиллах хүч” гэх сайхан нэрээр засгийн тогтоол, сайдын тушаал болгож албажуулна.
Үнэхээр ч сайхан монгол орон минь “муухай монгол”, “залуучууд хэрэггүй монгол” болоо юу даа гэж харуусан бодмоор. Уул уурхайн том том ордууд эргэлтэнд орох, түүнийг дагаад ажлын байр олноор нэмэгдэх тухай төрийнхөн, хэвлэлийнхэн бишгүй л сэнхрүүлнэ. Монгол нутгийг хэрэн холбох “мянганы” гэх замын ажил ч явагдана. Тэнд ажиллагсдын дийлэнх нь “төрийн зөвшөөрөл”-тэй гадныхан. Олонх нь урд айлын хүүхдүүд.
Эхнэрийгээ усанд явах хойгуур хажуу “айлын хүүхэн”-тэй шалиглах эцэг-төрийн завхрал, монгол залуусаа дорд үзсэн буруу бодлого, залуучуудыгаа дэмжинэ гэхээр мөнгө тараадаг “хорлонт санаа” хэзээ дуусгавар болж, сайхан цаг ирэх болоо. Үндэсний хэмээх нэртэй хөтөлбөрөө ч хэрэгжүүлж дийлэхгүй суугаа төрийн томчуудад залуусаа гэх бодлого, ядаж сэтгэл дутаж буй нь ойлгомжтой. Монгол залуус эх орондоо сайхан амьдрах, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх тэр цагийн төлөө дуу хоолойгоо нийлүүлэх, төр алдаагаа ухааран засч хамтдаа урагшлах эс бөгөөс “гадагш” тэмүүлэх залуус дуу аялан цуврана.
Дэлхийн олон орон алт, зэс, нүүрснээс илүү “хүмүүн”-ээ баялаг эрдэнэ, үнэт капитал гэж үнэлдэг. Ингэж харвал монгол залуус тусгаар улсын иргэн, энэ орны өнөө бас ирээдүй нь байлтай. Монголын төр монгол залуусаа “гээх” ёсгүй. Энэ улсыг гадны ажиллах хүчин бус тэд л авч явна.
Бүхээгт онгоцонд суугаад
Бүрэнхий тэнгэрт дүүлэн
Хэний төлөө, юуны тулд
Монгол залуус “гадагш” цувна вэ…
Мөнгө биш ажил өгөөч даргаа
Сар болгон банкны үүдэнд иргэд дугаарлан зогсдог уламжлал нэгэнт тогтжээ. Уул уурхайн баялагийн хуваарилалт, улс төрчдийн бэлэн амлалт, намуудын халз өрсөлдөөний үр шимээр сар бүр 21000 төгрөгийг зүгээр сууж байгаад халаасалчихдаг болсон нь хэн бүхэнд сайн л хэрэг. Сайн гэхээр “сахалаа будах” тухай үлгэрийн жишиг энэ явдалд давтагдаж буй нь нэн харамсалтай. Хэдэн оны өмнө “хүүхдийн” гэх нэрээр анх бий болсон орчин үеийн бөгөөд одоогийн мөнгөн борооны үргэлжлэл давхар халамжлуулагчдаараа “идэр залуус”-ыг тодрууллаа.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах чанартай боловсон хүчнээ сургана, бэлтгэнэ гэдэг тухайн улсын хамгийн том, алсын хараатай ёстой л стратегийн үйл ажиллагаа. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Сайн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө мөнгийг хайрлах биш зарах хэрэгтэй. Гэхдээ дээд боловсролын санхүүжилтийн ч билүү тиймэрхүү нэртэй саяхан батлагдсан хууль лав биш. Оюутнууддаа хайртайдаа биш, ирээдүйдээ анхаарсандаа биш зөвхөн улс төр бодож, сонгуулийн шоугаа санаж “нэгэн” улс төрчийн хүчтэй явуулга, хатгаас, шахаасаар УИХ ийм шийд гаргасанд ичмээр. Баталсан түшээд ичих байтугай улайхгүй байхад авах оюутнууд нэхэх нь яавч буруу биш.
Сурч боловсрох залуус нас хүний амьдралын хамгийн чухал бөгөөд гэрэл гэгээтэй, хийж бүтээх, сайхан амьдрахын ирмүүн тэмүүллээр дүүрэн байдаг. Оюутан насны дурсамжаа эргэн санахад ажил, амьдралын анхны туршлагыг хэнээс ч зэмлүүлэхгүй “алдах эрх”-тэйгээр тэндээс л олж өөртөө шингээсэн байх нь маргашгүй үнэн. Гэтэл залуучуудын энэ сайхан үеийг “популист” улс төрчдийн мөнгөний “марафон” зүгээр л үлээж, дэвсэлж байна. Мөнгөн бороогоор халамжлан “бэлэнчлэх” сэтгэлгээнд оюутнуудаа сургах бус хэрэгтэй, дутагдалтай мэргэжилтнээ бэлтгэх, чанаржуулахад бодлогоор анхаарыг УИХ-ын “мандат”-тангуудад сануулая.
Оюутнууддаа анхаарахыг үнэхээр тэгж их хүсээд байгаа бол нэгд тэдэнд олгодог боловсролыг нь чанартай ядаж төгсөөд асуудалгүй борлогддог болгочих, хоёрт хичээл дээрээ хэрэглэдэг техник, лабораторийг олон улсын жишигт үгүйдээ аль нэг хөгжингүй орны захын сургуулийн чанарт хүргэчих, гуравт тэдэнд хичээл заадаг багш нарыг хэн ч голохгүй, юунаас ч чамлагдахгүй чанартай өөрөөр хэлбэл, "мөлжүүртэйхэн" багш бэлтгэх дөрөвт, монголд авсан дипломыг аль ч оронд зөвшөөрдөг, аргаа барахад төгссөн сургууль нь дампуурчихдаггүй тогтолцоог бий болгооч гэж зөвлөх байна.
Татвар төлөгчдийн халааснаас “улсын төсөв” нэрээр жилдээ 130 тэрбумыг халамжинд бус дээр өгүүлсэн саналын ядахад нэгийг бүрэн хийвэл тунчиг алсын хараатай ажил болохсондоо. Үр дүнтэй, ирээдүй хойчдоо тустай үйлд мөнгийг зарвал татвар төлөгчид дургүйцэхгүй нь л лавтай. Ийм халамжийн санаачлагыг, үгүй ээ мөнгө тараах амлалт өгсөн “улсын дарга” нэгийг бодоосой билээ.
Твит ID: batsumberel304