БНСУ-ын Чанвон хотод Өмнөд Солонгосын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ким Дал Жины нэрэмжит 16 дахь удаагийн яруу найргийн наадам есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болжээ. Олон улсын наадамд БНСУ-ын найрагчдаас гадна Японы Кичёое Кавазу, Ясуя Тажима, Францын Моучард Клауди Амедий, Хятадын Вижа Хин нарын яруу найрагчид урилгаар оролцсон бол манай улсаас МЗЭ-ийн шагналт найрагч Г.Сүхзориг уригдан оролцлоо.
Ким Далжины нэрэмжит энэ удаагийн наадмын тэргүүн байрын шагналыг Францын яруу найрагч Моучард Клауди Амедий хүртэж, 10000 ам.долларын эзэн болсон бол яруу найрагч Г.Сүхзоригт зохион байгуулагчдын зүгээс тусгай байрын шагнал олгосон байна.
Ким Далжин нь 1907 онд төрж 1989 онд нас эцэслэсэн бөгөөд БНСУ-ын уран зохиолд буддизмын философийг шинэчлэн хөгжүүлснээрээ нэрд гарсан, Солонгос үндэсний их бичгийн хүн юм. Сонирхуулахад, Солонгосын өмнөд эргийн хот болох Чанвоны Чинээ хотод орших яруу найрагч Ким Далжины төрж өссөн байшинг соёлын хамгаалалтад авсан байдаг ажээ.
Т.Маша