Гудамжны урлаг үзэсгэлэнд тухлах “Өдрүүд” үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Гудамжны урлаг үзэсгэлэнд тухлах “Өдрүүд” үргэлжилсээр

“Занаду Арт” галерейд  өнгөрсөн даваа гаригт зураач Б.Анхбаяр “Өдрүүд” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ.  Тэрбээр Варшав хотноо дунд сургуульд суралцан 2009 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн зураасан зургийн ангийг дүүргэсэн залуу уран бүтээлч юм. Түүний бие даасан энэхүү үзэсгэлэнд “Urban art”-ийн чиглэлээр хийхийг зорьсон 50 гаруй бүтээл тавигджээ. “Urban art” гэх хотын амьдрал руу хандсан, уг орчинд амьдардаг эсвэл энэхүү хэв маягийг таашаадаг хүмүүсийн идэвхтэй, бүтээлч үйл ажиллагаа болсон уг урсгал нь “Graffiti”, “Street art” хэмээх хоёр том төрлийг нэгтгэж байдаг аж. Эдгээр уран бүтээлчид ихэнхдээ олон нийтийн газар, гудамж талбайд зөвшөөрөлгүй эсвэл хууль бусаар бүтээлээ хийдэг нь олон нийтэд бүдүүлэг, хувийн өмчид халдсан явдал мэтээр ойлгогдох нь бий. Тэгвэл уг үзэсгэлэнгийн тухайд эдгээрийг галерейн танхимд тавигдаж буй өвөрмөц шийдлээр зохион байгуулж, арга техникийн хувьд уран зургийн зотон дээр граффитын “character” дүр хэмээх төрлөөр ихэнх бүтээлээ хийхийн зэрэгцээ цоолбор, urban toys-н нэгэн төрөл paper toys, шүршдэг будагны  лаазыг ашигласан “can art” зэрэг бүтээлүүдийг дэлгэн харуулжээ. Уг бүтээлүүдийн дүрүүд нь нэг талаас хөгжилтэй, хошин, комикс, хүүхэлдэйн киноных мэт харагдах боловч нөгөөтэйгүүр ironic, драматик, уйтгар гуниг, ганцаардал зэрэг тодорхой нэг сэтгэл хөдлөл, уур амьсгалыг илэрхийлж байдаг нь уран бүтээлчийн урлагийн ертөнцөд өнгөрүүлсэн тэр л “өдрүүд”-ээс урган гарсан аж. Түүний энэхүү үзэсгэлэн ирэх сарын 4-н хүртэл үргэлжилнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж