
Тус компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Дорнод ураны ордыг ашиглалтад бэлтгэх зорилгоор 21 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн энэ хугацаандаа Торонтогийн Хөрөнгийн бирж дээр “Бид Монголын Дорнод ураны ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг“ хэмээн хувьцаагаа борлуулж буй. Хувьцааных нь ханш өчигдрийн байдлаар тус бирж дээр 0.48 канад.доллартай тэнцэж байсан нь тогтмол ханш гэхэд болно. Үүнээс дээшлээд нэг канад.долларт хүрч байсан. Хөрөнгийн зах зээл дээр бага ханштай хувьцаанд ордгийн дээр Монголын Засгийн газрын сүүлийн үед баримталж буй байр сууриас үүдээд 20 гаруй сая ам.долларын алдагдал хүлээсэн аж. Гэхдээ энэ бол бодит тоо биш. Зөвхөн тус компаниас гаргасан мэдээлэл. Харин Цөмийн энергийн газраас Торонтогийн Хөрөнгийн бирж рүү “Хан ресурс” бол залилан хийж буй компани. Монголд ямар ч ураны ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэггүй. Бүгдийг нь түдгэлзүүлсэн тул хувьцаа борлуулах эрхийг нь хасах хэрэгтэй” гэсэн албан бичиг явуулсан ч тодорхой хариу ирээгүй байгаа гэнэ. Мөн Хятадын “CNNC” холдинг хувьцааг нь худалдаж авах яриа хэлэлцээрт орох үед Цөмийн энергийн агентлагаас мөн л “Энэ бол Монголын төртэй ярих асуудал. Та нар шууд шийдэх эрхгүй” гэдгийг дуулгасан. Үүнд нь хятадууд “Энэ бол бизнесийн харилцаа” гэдгээс өөр тодорхой хариулт ирүүлээгүй байна.
Тэгвэл социализмын үед оросууд анх 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 27 орчим мянган тонны нөөцтэй гэдгийг нь баталсан уг орд юуны учир ийм их хэл ам дагуулна вэ. Монголын Засгийн газар хийгээд Оросын талын энтнэцүү хувь эзэмшдэг 42 хувийг нь эзэмшдэг “Төв Азийн уран” компанийн эрх ашиг хаана нь бүдрэв гэдэг нь сонирхолтой өнцөг. Тус компанийн 58 хувийг эзэмшдэг “Хан ресурс”-ын удирдлага л дан ганц эзэмшигч нь мэт бухимдлаа илэрхийлээд байгаа нь хачирхалтай.
Үүний шалтгаан нь оросууд ч, манайхан ч өнгөрсөн хугацаанд өөрсдийн эзэмшлийн хувь хэмжээнд нийцэхүйц хөрөнгө оруулалтыг Дорнод ураны ордод хийгээгүй явдал юм. Бүх хөрөнгө оруулалтыг нь дан ганцаар хийсэн канадууд өдгөө эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэж байна. Үүнийг нь Канадын төр ч албан ёсоор хараандаа авч, ураны асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан ёсны захидлыг Цөмийн энергийн газарт өнгөрсөн жилийн сүүлчээр ирүүлсэн. Үүнд нь Монголын тал тулган шаардлага гэх маягаар хандаж, хатуурхсан байр суурь илэрхийлсэн. Энэхүү үл дуусах маргаан нь С.Баяр болон ОХУ-ын дотно харилцаагаар тайлбарлагдаж буй. Нэг ёс канадууд бидний ордыг Орост өгөхийн тулд Монголын Засгийн газар хатуурхаж байгаа гэдгийг нуухгүй байгаа. Мөн Орос, Монголын удирдагчид Дорнод уран орд дээр түшиглэж “Дорнод уран” гэсэн компанийг байгуулсан нь ч асуудал үүсгэж буй. Өмнө нь Канад, Монгол, Орос гэсэн гурван хамтрагч Дорнодын ордыг ашиглалтад оруулахын тулд “Төв Азийн уран” компанийг байгуулчихаад гэнэт салан тусгаарлаж, хоёулаа шинэ аж ахуйн нэгж байгуулсан нь канадуудад эсэргүүцэх бодит шалтгаан өгсөн. Мөн тэднийг эрс орхиж, Японд урилга илгээсэн нь ч таалагдахгүй байгаа.
Гэтэл маргаан дээр маргаан дэгдээх мэт Монголын төрийн өмчит “МонАтом” компанийн дарга Р.Бадамдамдин энэ оны нэгдүгээр сарын 25-нд Канадад айлчлах үеэрээ Цөмийн энергийн газарт дуулгалгүй нэгэн санамж бичигт гарын үсэн зурчихсан аж. Энэ нь “Хан ресурс”-ын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг долоо хоногийн дотор сунгаж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх баталгаа болж буй. Үүнд нь Цөмийн энергийн газрын удирдлага ураны талаар Монголын төрийн бодлогыг Р.Бадамдамдин толгой мэдэн шийдсэн гэж бухимдахад хүрсэн. Улмаар Цөмийн энергийн газрын үүрэг болгосны дагуу ажиллах ёстой “МонАтом”-ын дарга Японд өөрийн салбар компанийг байгуулж, япон хүнийг Монголыг төлөөлсөн төлөөлөгчөөр томилсон гээд уран тойрсон асуудал нь зөвхөн дээрх гурван орны амбиц бус төрийн түшмэдүүдийн хувийн амбицаас үүдсэн “хатгалгаа”юм.
Ураны асуудал улам бүр ээдрээтэй болж байхад “Хан ресурс” Монголын Засгийн газрыг шууд утгаараа олон улсын арбитрын шүүхэд дуудахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Үүнд нь Засгийн газар няцаалт өгөх, лицензийг нь төрийн мэдэлд авах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шинэ даалгавар өгсөн. Ингэхдээ “Хан ресурс”руу дайралгүйгээр, ураны 160 гаруй лицензийг эзэмшиж буй 90 орчим аж ахуйн нэгжид шалгалт хийхийг үүрэг болгожээ. Харин тус газар “Хан ресурс”-т илүү анхаарал хандуулж буй нь тодорхой. Энэ талаар “Хан ресурс” компанийнхан “Дээрээс үүрэг болгосон бололтой. Яаж ийгээд л жижиг, сажиг зөрчил илрүүлдэг юм” хэмээдэг.
Уран дагасан том амбицаас үүдэж, Орос болон Канадын хооронд Монголыг хавчуулсан зөрчил үүсэхгүй гэх баталгаа алга байна. Хэдийгээр “Хан ресурс” хөрөнгийн зах зээл дээр бага үнэлгээтэй компанид ордог ч хувьцаа эзэмшигчдийнх нь итгэл тавьж байгаа орд бол Дорнод уран. Энэ ордыг ашиглалтад ороход шаардагдах бүтээн байгуулалтын ажлыг 2012 онд дуусгахаар төлөвлөсөн. Нийтдээ хөрөнгийн зах зээл дээр 59 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаа гаргасан байгаа. Гэтэл Цөмийн энергийн газрын мэдэгдлийн улмаас 20 сая ам.долларын хохирол хүлээсэн. Ерөнхийдөө УИХ Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх үеэс л “Ийм хууль байж болохгүй” хэмээн эсэргүүцэж эхэлсэн. Түүнчлэн ураны салбарт олгосон цорын ганц ашиглалтын лицензийг нь эзэмшдэг юм.
Харин Монголын Засгийн газраас тэдний эсрэг хийх хамгийн том дайралт бол “Ямар үндэслэлээр “Төв Азийн уран” компанийн 58 хувийг канадууд эзэмшсэн бэ” гэдгээр “но” илрүүлэх явдал юм. Үүний учир шалтгааныг илрүүлэх үүргийг Төрийн өмчийн хороонд өгсөн ч одоог хүртэл тодорхой бус байгаа. Мөн “Хан ресурс” ашиглалтын лицензийг нь түдгэлзүүлчихээд байхад олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг “Лицензтэй” хэмээн хуурч байгаа гэх тайлбар. Гэхдээ энэ бол Засгийн газрын бодож олсон хамгийн гол тактик ч эргээд “Алтан дорнод Монгол”-той шүүхдэлцэж байгаа хэмжээний сул зардал гаргахаас өөр аргагүй болох юм.
Хэрэв маргаан үүслээ гэхэд ялалт байгуулж чадахгүй л бол “Монгол Улс 2015 онд атомын цахилгаан станцтай болно” гэсэн Засгийн газрын зорилт “будаа” болоход хүрнэ. Энэ зорилтын хамт зөвхөн Орос, Японтой хамтарч биелүүлнэ гэдэг найзархуу мөрөөдөл нь ч талаар болж мэдэх юм. Ийн Монголын ураныг тойрсон их гүрнүүдийн амбиц хийгээд төрийн албан тушаалтнуудын хувийн амбицийн эцсийн үр дагаврыг тооцоолоход бэрхтэй байна.
Наад зах нь канадуудыг ураны салбараас гаргалаа гэхэд нөхөн төлбөр төлөх зайлшгүй шаардлагатай. Оюутолгой болон Тавантолгойгоос олох ашгийг “Хүний хөгжлийн сан”-тай хамаатуулахад хоёр хуваах хэрэг гарна. Мэдээж канадууд Оюутолгойг бидэнд өгсөн юм чинь Дорнод ураныг нь оросуудад өгүүлчихье гэж хандах нь юу л бол. Ядахад уг асуудлыг Засгийн газраар хэлэлцэх тухай мэдээлэл байсан ч олон удаа хойшлогдож буй. Энэ нь эцсийн шийдвэр Дорнод ураныг төр мэдэлдээ авах нь тодорхой гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй бөгөөд олон улсын арбитрын шүүхэд хэрхэн өөрсдийгөө аврах вэ гэсэн зөв гаргалгааг олохын тулд хойшлуулж буй бололтой байна билээ.
Г.Отгонжаргал