Уулзалтын хүрээнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудал, цөлжилт, уул уурхайн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн үнэлгээ, шар шороон шуурга, экотуризм зэрэг асуудлаар хоёр тал байр сууриа солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж байна. Өнөөгийн дэлхийд байгаль орчноо хамгаалах, бэрхшээлийг даван туулахад улс орнууд нэгдсэн бодлого чиглэлээр хамтран ажиллах нь чухал болохыг бодлогын зөвлөлдөх уулзалтын нээлт дээр БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд, хоёр орны хамтран хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгээс танилцуулсан.
Монгол-Япон улсууд хоёр орны байгаль хамгаалах асуудлаар сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажилласны илрэл бол Монгол-Япон улсын Байгаль орчны яамд хоорондын бодлого чиглэл тодорхойлох хурлыг 2006 оноос жил бүр зохион байгуулсан явдал юм. Мөн “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”, хогийн нэгдсэн цэг байгуулах, цэвэр хөгжлийн механизмыг хэрэгжүүлэх, экологийн аялал жуулчлалын судалгаа хийх, байгаль орчны салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор өрнүүлсэн олон төсөл, ажлууд амжилттай хэрэгжсэн. Эдгээр нь Монгол орны байгаль орчны салбарын тогтвортой хамгаалал, ашиглалтыг хангахад томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.
Байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний оролцоонд үндэслэсэн менежмент нэвтрүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлд хоёр талын цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх саналыг энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад БОАЖЯ-наас дэвшүүлээд байна.