Уг нэвтрүүлэг нь ашгийн төлөө бус, улс төр болоод бизнесийн санаа агуулаагүй бөгөөд зөвхөн Монголын түүхийг бичих гэж уран бүтээлчид хамтран ажиллажээ. Уран бүтээлийн багийнхан харахаасаа илүү хадгалагдах нэвтрүүлэг хийх ёстой хэмээн үзэж байгаа учраас энэхүү нэвтрүүлгээрээ 100 DVD хийгээд дараа нь ном хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Хэвлэлийн хуралд оролцсон Бавуугын Лхагвасүрэн гуай “Энэ нэвтрүүлгийн гол зорилго бол эгэл хүний тухай эгэл нэвтрүүлэг гэж хэлж болно. Яагаад эгэл гэж хэлж байгаа вэ гэвэл энэ үг нь хальтхан сонсоход дэндүү даруу юм шиг сонсогддог ч гэсэн эгэл юм орчлонг бүтээдэг. Энэхүү нэвтрүүлэгт бид элдвийн маяг, асуух асуухгүй асуултууд, улс төрийн каррьер, даврах хүслээ дамжуулах нэвтрүүлэг болгохыг хүсээгүй юм. Хамгийн жирийн, хамгийн их үйлийг бүтээсэн, Монгол хүний бахархал болсон хүмүүсийг бид нар оруулахыг хичээж байгаа. Сүүдэргүй хүн гэж байх биш. Гэхдээ бага шиг сүүдэртэй. Сүүдэртэйгээсээ гадна сүүдэрт дайрагдаагүй хүн байгаасай хэмээн хүсэж байгаа” хэмээн ярьсан юм.
Уг нэвтрүүлэгт оролцох эхний 20 гаруй хүнийг сонгон нэвтрүүлгээ бичиж байгаа бөгөөд дараа дараагийн хүмүүсийг хамт олон, ард түмний саналын дагуу сонгон шалгаруулж хийх гэнэ. Гэхдээ сонгууль мэт туйлшруулахгүй, салбар салбараас төлөөлөл болгон оруулна хэмээн уран бүтээлчид нь мэдээллээ.