ОХУ-ын Буриад Улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын өнөөдөр /2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр/ хүлээн авч уулзлаа. Ах, дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг” гээд энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлтийн 70 орчим хувь ногддог бөгөөд сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж, нааштай үзүүлэлтүүд гарч байгаа”-г онцолжээ.
Ерөнхий сайд С.Батболд мөн “Бараа эргэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ талаар хоёр талын эрх барих дээд байгууллага анхаарах, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой алхам хийж байгаагийн адил Оросын тал ч анхаарч байгаа гэдэгт найдаж байгаа” гэдгийг онцоллоо. Уулзалтын үеэр хоёр талаас ажлын хэсэг гаргаж, шалган нэвтрүүлэх хэсэгт гарч байгаа хүндрэл, саад бэрхшээлийг шийдэх зөвлөмж гаргахаар шийдлээ. “Буриад улсын хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр төсөл, байр сууриа боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагадаа уламжлахад бэлэн байна” гэдгээ Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайдад хэллээ.
Ингээд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэнд нь Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайд Батболдод талархал илэрхийлээд, “Таны тэргүүлсэн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна” гээд “Хоёр талын худалдаа эргэлт, түүний дотор Монголоос Буриад руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсч, худалдааны тэнцвэрт байдал бий болсон” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч В.В.Наговицын “Монголын аж ахуйн нэгжүүд Буриад Улсын газар нутагт хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хөргөлтийн агуулах барих болсон нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх болно. Мөн иргэний нисэхийн байгууллага Улаан-Үд хотноо засвар үйлчилгээ хийлгэх, аж ахуйн нэгжүүдийн хувьд жижиг оврын онгоц худалдан авах талаар гэрээ хэлцэл хийх сонирхол бий болж байгаад баяртай байна” гэдгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд уламжиллаа.
Мөн уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбар болон иргэд хоорондын харилцан зорчих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа талаараа харилцан санал солилцов. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 20 жилийн ойн ёслолд оролцсон. Энэ үеэр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын төрийн дээд одонгоор Ерөнхий сайд С.Батболдыг шагнасныг Ерөнхийлөгч В.В.Наговицын гардуулсан юм.