Ерөнхийлөгч хэлэхдээ “Цөмийн хаягдал, түүнийг булшлахтай холбоотой асуудлаар та бүхэнтэй уулзъя гэж бодсон юм. Энэ сэдэв манай олон нийт, хэвлэл мэдээллийнхний хүрээнд яригдаад нэлээд удлаа, намжихгүй байна. Албан ажил хариуцсан хүмүүсийн зүгээс өгч байгаа тайлбаруудтай танилцлаа. Төрийн байгууллагуудын зүгээс үүнд анхаарлаа хандуулаач гэсэн хүсэлт, шаардлагууд хүртэл ирж байна. Иргэд маань сонор сэрэмжтэй байж, энэ асуудлыг гаргаж тавьж, төр засгийн байгууллагууд анхаарлаа хандуулахыг шаардаж байгаа нь зөв зүйтэй. Үүнд талархаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч үүнд нэлээд идэвхтэй оролцож байгаа. Эндээс нэг дүгнэлт хийж болох юм. Энэ нь ямар нэг зүйлийг нууцаар хөшигний ард хийх боломжгүй гэдгийг харуулж байна. Ялангуяа улс орны аюулгүй байдлын асуудал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа. Байдал ямар байгаа талаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад үүрэг өгөөд судлуулсан. Өнөөдөр Монголд цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой эрх зүйн ямар баримт бичгүүд байна вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт авах хэрэгтэй. 2009 онд Цөмийн энергийн тухай хууль гарсан. Энэ хууль хүчин төгөлдөр байгаа. Цөмийн эрчим хүч, хаягдалтай холбоотой маш олон заалт энд тодорхой бичигдсэн. Мөн онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсан байдаг. Энэ баримт бичигт Цөмийн эрчим хүч, цацраг идэвхт эх үүсвэр, хаягдлын талаар бас их тодорхой бичсэн. Өөр нэг хууль бий. Тэр нь Аюултай хог хаягдалын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экпортлох тухай хууль юм. Эдгээр хууль, бодлогын баримт бичиг бол Монгол Улс цөмийн эрчим хүчээ ашиглах, түүнээс үүдсэн харилцаануудыг зохицуулна. Аюултай хог импортлох гэдэгт цөмийн хаягдалтай холбоотой харилцааг оруулсан байна. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль гэж бий. Үүнд бас цөмийн зэвсгийн хаягдалтай холбоотой асуудлыг зааж, Монгол Улсын газар нутагт байршуулах, тээвэрлэхийг хориглосон заалтууд байдаг. 2010 онд Засгийн газрын тогтоол гарч, Цацрагт идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр батлагдсан. Ийм баримт бичгүүд байна.
Эндээс нэг дүгнэлт хийхэд, цөмийн эрчим хүч, ураны баялгаа ашиглах талаар цаашид яаж ажиллах талаар эрх зүйн зохицуулалт Монголд байна. Цөмийн хаягдал, ялангуяа гадаад оронд бий болсон цөмийн хаягдлыг Монголд авчрах асуудал хуулиар хориотой байгаа. Хоёр дахь дүгнэлтийг дараах зүйлээс хийж болно. 1996 оны Чернобылийн осол гарсны дараа цөмийн эрчим хүчний асуудалд ямар байдалтай хандах вэ гэдэг яриа маш идэвхтэй өрнөсөн. Бараг 25 жил үргэлжилсэн гэж хэлж болно. Гэтэл 2011 оны гуравдугаар сард Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол болсон. Энэ ослын дараа бусад улс орон, тухайлбал Монгол ямар сургамж авах ёстой вэ. Энэ асуудал сөхөгдөж яригдаагүй байх. Мэдээж манай судлаачид, ажил алба хариуцсан хүмүүс анхаарч байгаа биз ээ. Олон орон байр сууриа илэрхийлээд байгаа. Фүкүшима байтугай өчигдөр Францын цацраг идэвхт материал шатаадаг зуух дэлбэрсэн шүү дээ. Нэг хүн нас барж, дөрвөн хүн шархдсан. Франц өөрийн эрчим хүчний 80 хувийг цөмийн эрчим хүчнээс хангадаг бөгөөд дэлхий дээр хамгийн аюулгүй байдлаар цөмийн эрчим хүчийг ашигладаг орон гэж тооцогддог. Тэгтэл тэнд ийм осол болж байна. Энэ бүх байдлаас дүгнэхэд 2011 оны гуравдугаар сараас өмнөх бидний баримталж байсан бодлого, хойшид ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бодох шаардлагатай болжээ. Цөмийн эрчим хүч, хог хаягдал гээд яригдаж байгаа асуудлыг төрийн бодлого боловсруулах хэмжээнд авч үзэх шаардлагатай болсон байна. Та бүхэнд хэлэхэд ҮАБЗ дээр асуудлыг авч хэлэлцье гэж төлөвлөж байгаа. Өмнө нь Засгийн газрын хүрээнд асуудлыг маш нухацтай ярьж, Монгол Улс цаашид ямар байр суурьтай байх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас энд байгаа Зоригт сайд, Засгийн газрын бусад гишүүд, ажил хариуцсан хүмүүс ҮАБЗ-ийн хуралд нэлээд сайн бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын зарим байнгын хорооны дарга энд байна. Энэ хүмүүс ч гэсэн УИХ дээр гишүүдийнхээ, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох ёстой гэж бодож байна.
Ер нь хоёр хандлага байна. Үнэхээр Монголд цөмийн эрчим хүчийг ашиглах дээр анхааралтай байх ёстой. Ийм хэмжээнд манай улс хүрсэн үү, үгүй юу гэсэн нэг хандлага байна. Бас цөмийн хаягдал, ялангуяа гадны цөмийн хаягдалтай холбоотой яриа гараад байна гэсэн чин сэтгэлээсээ санаа зовж буй хүмүүс байна. Хүмүүс гэдэгт УИХ-ын гишүүд ч, албаны хүмүүс ч, жирийн иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч байна. Хоёр дахь хандлага нь, Монгол ураны их нөөцтэй, түүнийгээ ашиглах гэхээр манай улсыг энэ зах зээлээс холдуулах оролдлого улсууд хийж байна гэж үздэг хэсэг. Би эхний хандлагатай нь ойролцоо байр суурьтай байгаа. Цөмийн хаягдлын асуудлаар ард иргэдийн шаардлагуудтай ижил байр суурьтай байна. Энэ асуудлаар Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн хүрээнд санал солилцсон. Бас зарлиг гаргасан. Түүнийгээ танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг энэ зарлигаар хориглож байгаа. Одоо бид нэг хил хязгаар тогтоож авахгүй бол болохгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо. Энэ зарлигт хуулийн дагуу Ерөнхий сайд С.Батболд гарын үсэг зурсан. Ерөнхийлөгчийн энэ 184 дүгээр зарлиг 2011 оны есдүгээр сарын 9-нд гарсан юм. Зарлиг гаргаснаар саяын ярьсан үйл ажиллагааг хязгаарлах боломжгүй. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд ҮАБЗ-ийн хэмжээнд цөмийн хаягдал, тэр тусмаа гадаад улс оронд бий болсон цөмийн хаягдлын асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийх эрх олгосон шийдвэр гараагүй, ийм хэлэлцүүлэг болоогүй. Ийм баримт бичиг ерөөсөө байхгүй. Тодорхой ойлгогдож байгаа байх гэж бодож байна. Баримт бичгүүдийг судлаад, албаны байгууллагуудаас олон мэдээлэл гаргуулаад ер нь ямар яриа хэлэлцээ, үйл ажиллагаа болсон юм гээд судлаад байхад гадны улс орны цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудлаар Монгол Улсаас ямар нэг албан тушаалтан хийсэн гэрээ хэлэлцээр, баримт бичиг алга байна. Үүнийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Цөмийн хаягдлыг оруулж ирж хадгална, булшилна, байршуулна хэмээсэн асуудлаар Монгол Улсад бусад орны өмнө үүрэг хүлээсэн зүйл алга. Хоёрт нэг төөрөгдөл байна гэж боддог. Хэрвээ Монгол Улс цөмийн түлш хийгээд түүнийгээ аль нэг оронд гаргавал тэр орон цахилгаан станцдаа ашиглаад хаягдлыг нь буцааж өгөх ёстой гэсэн яриа гарсан. Ийм үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл Монголд хаана ч байхгүй. Энэ нь Монгол шиг жижиг орныг дарамтлах гэсэн том орнуудын оролдлого л байж мэдэх юм. Монгол шиг ураны нөөцтэй, түүнийгээ гадагш гаргах боломжтой орон хаягдлыг нь эргүүлээд аваарай гэдэг тулгалт байхгүй. Хэрвээ ийм тулгалт байгаа бол Монгол Улс хүлээн зөвшөөрөх ёсгүй. Зүгээр ийм байвал ямар вэ гэсэн судалгааны дүгнэлт байдаг байж болох юм. Тиймээс ийм төөрөгдлийг зогсоох хэрэгтэй. Ингэж эргүүлэн хүлээж авна гэдэг бол Монголын байр суурь биш. Харин Монголын газар нутаг дээр цөмийн станц байгуулаад эхэлбэл түүнээс гарах цөмийн хаягдлыг яах вэ гэдэг нь дотоодын хууль тогтоомжид хамаарна. Энэ бүхний талаар ажил алба хариуцсан хүмүүс, хэвлэл мэдээлэл, олон нийт гээд бүгдээрээ нэг ойлголттой болох хэрэгтэй. Асуудлыг гарган тавьж буй олон нийтэд талархаж байна. Бусдын нутагт бий болсон цөмийн хаягдал гэдэг бол хүний нутагт бий болсон үр могой гэж нэрлэж болно. Тэр үр могойг Монгол орны хэвлийд авчирч хадгалах оролдлого бол Монгол Улсын ямар ч иргэн, албан тушаалтны зүгээс гарахгүй, гарч ч болохгүй. Хэрэв аль нэг гадны талаас шахалт үзүүлсэн яриа хэлэлцээ гарвал тийм зүйлд Монгол Улсын нэрийг барьж та сайн дураараа оролцохгүй гэдгийг саяын зарлиг шийдвэрээр маш тодорхой хэллээ.
Цөмийн энергийн газрын орлогч дарга ирсэн байна. Монгол цөмийн эрчим хүчний талаарх байр суурь, өмнө батлагдсан хууль, баримт бичгээ дахин хянаж үзэх болбол бид ямар ажил хийх вэ гэж зарим хүн бодож байж магадгүй. Та нарт хийх ажил маш их байна. Цөмийн энергийн болон бусад холбогдох газрууд сайн ажиллаж байгаа байх. Гэхдээ асуудлыг бизнес талаас нь харж хөөцөлдөж байх шиг санагдана. Уг нь хүлээсэн, хийх шаардлагатай ажлууд их байгаа. Олон улсын атомын энергийн агентлаг гэж байдаг. Монгол гишүүн нь болж орсон. Бас олон конвенцид нэгдэж орсон байгаа. Цөмийн баталгааг хэрэглэх хэлэлцээрийг агентлагтай байгуулсан, дээр нь цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай, цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай, цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай, цөмийн террорист үйлдлийг хориглох тухай гээд нэмэлт гэрээ, конвенцуудад орсон байгаа. Эдгээр гэрээ конвенцуудын хэрэгжилт дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол Улс үүрэг хүлээсэн, бусдаас асуух эрхтэй болсон байгаа. Энэ ажил төдийлөн хийгдэхгүй байна уу даа гэж бодогддог. Өөр нэг зүйл бол Монгол Улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, цөмийн зэвсэггүй, бүр цөмийн зэвсгээс ангид бүс гээд улс орноо тодорхойлсон шүү дээ. Ийм боловч цацраг идэвхт эх үүсвэрийг хэрэглэдэг орон. Мал, хүн эмнэлгийн салбарт их хэрэглэдэг. Манай нүүрс тодорхой хэмжээний цацрагтай, хордлоготой, үүнд хяналт тавьж байна уу, үгүй юу? Улаанбаатарт 1990 оноос л энэ сэдэв яригдсан. Үүнд агентлаг онцгой анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ чиглэлээр улсаас хэрэгжүүлж буй хөтөлбөр дээр хяналт тавих ёстой. Дээр нь аюултай хог хаягдлууд их байна.
Бид цөмийн эрчим хүчний хууль, бодлого гаргахдаа жаахан яарсан юм болов уу гэж боддог. Цөмийн энерги ашиглах үндэсний дэд бүтцийг хөгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим гэж Олон улсын атомын агентлагаас гаргасан байдаг. Үүнийг англиас монгол руу орчуулсан уу? Үндсэн зарчмыг нь хүмүүс мэдэх үү? Цөмийн эрчим хүчний хөтөлбөр гаргахдаа юу бодолцох вэ гэсэн бас гарын авлага бий. Энэ хоёр гарын авлага асуудлыг сонирхож буй нийт иргэдийн хүртээл болсон байх ёстой. Олон нарийн судалгаанууд хийгддэг. Үүнийг манайх хэрэглэдэггүй, орж ирээгүй юм болов уу гэж бодож байна. 2025 он хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтын нэгдсэн төлөвлөгөө гэж бий. Түүнд цөмийн цахилгаан станц барих санал, зөвлөмж ороогүй байгаа шүү.
Мөн манай улс нэгдэн орох шаардлагатай конвенцууд байна. Манай гадаад харилцааны яам анхаарч буй юм байна уу? 1994 онд гарсан Цөмийн аюулгүй байдлын тухай олон улсын конвенц гэж бий. Ашигласан түлшний аюулгүй байдал, менежментийн болон цацраг идэвхт бодисын хаягдлын аюулгүй байдал, менежментийн тухай гэж том конвенц бий. Энэ хоёр конвенцид Монгол Улс нэгдэж орох ёстой. Яагаад гэвэл хүрээллээ харах хэрэгтэй. Монголын хоёр хөрш цөмийн эрчим хүчийг маш их хэрэглэдэг, цөмийн зэвсэгтэй орнууд. Хил орчимд юу болж байна. Хоёр хөршийн цөмийн байгууламжууд дээр аюулгүй байдал ямар байна, хог хаягдлаа яаж шийдэж байна. Хил орчимд аюул үүсч байна уу гэдгийг саяын конвенцуудад нэгдэж байж асуух эрх нь бий болдог. Өөрийн нутаг дээр тэр цөмийн аюултай хог хаягдлыг байрлуулахгүй гэдэг бол бидний бодлого. Гэтэл бусад орон манай улсын ойролцоо тэр хог хаягдлаа байрлуулаад бид хохирохоор бол яах юм. Үүнийг бусдын ижил түвшинд асуухын тулд тэр баримт бичгүүдэд нэгдэх ёстой. Энэ талаар ажил бага хийгдэж байгаа болов уу гэж бодох юм.
Олон улсын агентлагаас гаргасан нэг чухал зүйл бол Цацраг идэвхт эх үүсвэрийн аюулгүй байдал ба аюулгүй ажиллагааны тухай журам гэж бий. Энэ журмыг орчуулж манай улсад ашигладаг болох хэрэгтэй байна. Ингээд харахад Цөмийн энергийн агентлагийн нөхдөд хийх ажил их байна.
Монгол улс өөрийгөө цөмийн зэвсгээс ангид бүс гэж тодорхойлсноос гадна дэлхий нийтийн байгальд ээлтэй хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцож байгаа. Дээр нь манай бүх хуульд нэг зүйлийг зааж өгсөн. Тэр нь аюулгүй байдлаа сахих, бэхжүүлэх зарчмыг тэргүүн зэрэгт тавина гэсэн байгаа. Тэгэхээр энэ зарчим бол маш чухал. Цөмийн энергийн тухай хуульд цөмийн хаягдлын тухай дурьдахдаа “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ” гэсэн байна. Гадны цацраг идэвхт хаягдлын талаар энэ хууль тогтоомжид үг үсэг байхгүй.
Өнөөдөр ингэж өргөн бүрэлдэхүүнээр уулзаж, нэгдмэл ойлголттой болж энэ нэгдмэл ойлголтоо олон нийтэд хүргэх нь зөв гэж бодлоо. Та бүхэнд асууж тодруулах зүйл байна уу” гэв.
Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ -Өнөөдөр энэ асуудлаар ярьж байгаа Ерөнхийлөгчид баярлалаа. Бас зарлиг гарсныг талархаж хүлээж авч байна. Бид сүүлийн хоёр сар гаруй энэ сэдвээр маш идэвхтэй маргалаа. Таны хэлсэн үгэнд тодорхой гарлаа. Тохиролцоо хийсэн ямар нэгэн баримт бичиг байхгүй байна гэж. Тэгэхээр хаанаас ийм яриа гараад байна? Ийм яриа гаргаж буй хүмүүстэй хариуцлага тооцох юм байж болох уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ асуудлаар Их Хурал нээлттэй сонсох хэрэгтэй. Зарим гишүүн Засгийн газарт хандаад асуулга тавьсан гэж би ойлгож байна. Засгийн газар энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Ер нь цөмийн хаягдлын асуудлыг хөндөж байна гэдэг бол галаар тоглож байна гэсэн үг шүү дээ. Дахин хэлэхэд энэ бол “хүний гараар бүтээсэн үр могой”. Тэгэхээр ийм юмыг “авчрах” тухай яриа хэлэлцээ хийдэг “зах замбараагүй” юм байгаа бол үүнийгээ зах замбараатай болго. Хориотой хаалттай, дэг журамтай болго оо л гэж байгаа шүү дээ. Маш тодорхой шийдвэр гарлаа. Цаашдаа байдал энэ цаг мөчөөс эхлэн хууль дүрмээрээ явах хэрэгтэй шүү гэдгийг бид мэдэгдэж байна. Энэ байр суурь бусад улс орон, олон улсын байгууллагад нэг утгатайгаар хүрнэ гэж бодож байна.
Хүмүүс сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй. Хариуцлагаа чангаруулах хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг үргэлжлэх хэрэгтэй гэж бид бодож байна. Нэг зүйл ойлгоё. Төр нь дандаа буруу юм хийх гээд, нэг хэсэг нь илрүүлэх гээд буй юм байхгүй. Тэгсээр байгаад “буруу юм хийдэг төр” болчих гээд байна шүү дээ. Төрд хяналтаа тавьж байгаа нь иргэдийн журамт үүрэг. Төр өөр үүрэгтэй. Аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнол , бүрэн эрхт байдалтай холбоотой сонор байх нь хуулиар олгогдсон үүрэг нь юм. Энэ үүргээ л шат шатандаа, газар бүртээ хийе гэж байгаа юм.
Д.Энхбат /УИХ-ын гишүүн/: Хагас жил олон нийтийн санаа бодлыг нэлээн үймүүлсэн асуудалд Монголын төрийн тэргүүн өөрөө хариулт өгч байгаад талархаж байна. Нэг асуулт байна. Энэ ярианы ул эхлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа японы хэвлэлийн судалснаар Тошиба корпорацийн лоббигоос эхэлсэн гэж байна. Энэ бол монгол төрийн нэгдмэл байдал хаана байна аа гэж эргэлзэхэд хүргэж байгаа мэдээлэл. Зөвхөн цөмийн биш маш олон салбарт монголын төрийн нэгдмэл байдал маш суларсан. Ийм байдал нэлээн хавтгайрч байна. Энэ нь цөмийн хурцадмал асуудлаар л тодорч гарч ирж байна. Тэгэхээр энэ яриа оргүй зүйл биш. Энэ яриаг цааш нь явуулахгүйн тулд анх гаргахад оролцсон улсуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Уул уурхайн салбарт ч ийм байгаа. Монгол Улс 10 жилийн өмнөхөөс илүү мөнгөтэй, илүү анхаарал татаж байна. Цөмийн хаягдлын асуудлаар олон түмэн төрийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрч байгаа нь дараа дараагийн ажилд тус дэм болох болов уу гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Бид энэ салбарт хамтран ажиллах талаар зарим баримт бичгийг зурсан. Жишээлбэл Япон Улстай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дээр ямар нэгэн цөмийн хаягдлын тухай, түүнийг монголд авчрах тухай үг үсэг байхгүй. Англи дээр ч, монгол дээр ч байхгүй. АНУ-тай хийсэн харилцан ойлголцлын санамж бичиг гэж байгаа. Энэ дээр ганц үг байна. “Монголын цацраг идэвхт хаягдал” гэж. Энэ асуудал бол монголын хувьд боловсон хүчин бэлтгэх, техник технологи гээд маш олон талаар хол байна. Өнөөдөр уранаа боловсруулах, ураны тухай ярих, тэрнээс цаашаа хаягдлын тухай ярих хоёрын хооронд асар их зай бий. Энэ хоорондын зайн дээр бидэнд бодлогын бичиг баримтаа боловсронгуй болгох, ажиллах асуудал чухал байна. Хөгжилтэй зарим орон “бид тэдэн оноос эхэлж цөмийн эрчим хүчнээс татгалзана, одоо бид тэр цаг хугацаанаас хойш атомын цахилгаан станцгүй болно” гэх мэтээр мэдэгдээд эхэлчихлээ. Ийм бодлогын өөрчлөлтийг Монгол Улс хийх үү, үгүй юу гэдгийг Засгийн газар, Их Хурал дээр ярих байх. Энэ бол бодлогын өөрчлөлтийн асуудал.
Зарим чиглэлээр гэрээ хэлцэл хийх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах тухай яриа яваад тэр бичиг нь үйлдэгдээгүй байгаа, ҮАБЗ-ийн шийдвэр хүлээж байгаа зүйл бол бий. Тэдгээрт цөмийн хог хаягдлын тухай заалт орохгүй. Цөмийн эрчим хүчний асуудалд бид маш болгоомжтой хандах ёстой, хаягдалтай холбоотой асуудлыг бол би сонсохыг ч хүсэхгүй байгаа.
П.Алтангэрэл /УИХ-ын гишүүн/: Энэ яриа лавшраад улам хардлага төрүүлээд байсан нэг шалтгаан бол Засгийн газар, Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэх ёстой байсан. Тэгээгүйгээс болж асуудал гүнзгийрсэн. Өчигдөр хүртэл хэвлэлээр цөмийн энергийн агентлагийн орлогч дарга нь цөмийн хаягдал монголд булшлах асуудал яригдсан гэдгийг баталлаа гэж телевизээр яриад байсан. Асуудал хариуцаж байгаа дарга нь ийм эргэлзээ төрүүлэх юм яриад байгаагаа залруулахгүй бол болохгүй юм шиг байна. Хоёрдугаарт, цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийг сайн уншаад үзэхэд эргэлзээ төрүүлэх заалтууд бий шүү дээ. Одоо Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан, энэ чиглэлийн бүх хууль эрхзүйн баримт бичигтээ нэг сайн зохицуулалт хийж авах хэрэгтэй. Энэ байгаа хуулиараа явна гэдэг учир дутагдалтай. Нэгдмэл байр суурин дээр хүрч чадахгүй байгаагаас л яриа газар аваад байна шүү дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ер нь энэ маргаантай асуудлаар бид нэгдмэл байр суурьтай , нэг ойлголттой болох ёстой. Засгийн газарт чиглэл өгөгдчихлөө. Цаашдаа ажил хийнэ гэж ойлгож байна.
Дамдинсүрэн /Цөмийн энергийн газрын орлогч дарга/: Цөмийн энергийн хаягдлын тухай яриа өнөөдөр гарч байгаа юм биш. 1998 онд гарч байсан яриа. Тэр үед Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын мэдлийн хүрээнд цөмийн энергийн комисс гэж цөөхөн орон тоотой комисс ажиллаж байсан. Тэр хүрээндээ энэ асуудлаар ярьж байсан түүхтэй. 2011 оны дөрөвдүгээр сараас эхэлж нэлээн ярилаа. Энэ талаар Цөмийн энергийн газар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. 20 гаруй удаа гэсэн тоо надад байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бодлогоо өөрчилье , бодлогоо нэгтгэе гэдэг дээр бид ярьж байна. Өмнөх асуудал бол яахав. Засгийн газар, Их Хурал дээр асуудлаа ярь. Танд өөр тайлбар байна уу?
Ц.Дамдинсүрэн /Цөмийн энергийн газрын орлогч дарга/: Засгийн газар бол энэ асуудлыг ярьсан. Цөмийн энергийн газар, Гадаад харилцааны яамнаас хамтраад мэдэгдэл гарга гэсэн байгаа.
Я.Батсуурь /УИХ-ын гишүүн/: Цөмийн хаягдлын асуудлаар Монголын нийгэм санал нэгтэй байгаа. Монгол Улс уранаа ашиглах байх. Яаж ашиглах вэ гэдэг дээр бид бодох хэрэгтэй юм. Бид уранаа түүхийгээр нь бусад оронд өгөөд , худалдаад явах уу, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, эсвэл яах ёстой вэ? Өнөөдөр цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд цөмийн зэвсгээр бие биеэ айлгаад түүнийгээ ашиглана гэж байхгүй боллоо. Эдийн засгийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрээр хэн нь баялаг байна гэдгээрээ давуу байдал эзлэх ийм хандлага уруу явах нь. Бид цөмийн түлшээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж, бусад орныг хангаж дэлхий дээр нөлөөгөө дээшлүүлэх үү , эсвэл өөр замаар явах уу гэдгийг ярих хэрэгтэй юм. Бид олон улсын хэмжээнд нөлөөгөө дээшлүүлэхийн тулд эрчим хүчний нийлүүлэгч байх хэрэгтэй шиг байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид ер нь судалгаанд тулгуурладаггүй нэг дутагдалтай. Эрдэмтэд судлаачдаа бүх талаар нь оролцуулах явдал бүх салбар дээр дутагдаад байдаг.
Г.Баярсайхан /УИХ-ын гишүүн/: Энэ асуудлыг хөндөж анхаарч буйд Ерөнхийлөгчид талархаж байна. Фүкүшимагийн ослоос хойш олон улс орон цаашдаа цөмийн эрчим хүчийг ашиглах уу, үгүй юу гэдэг талаар байр сууриа илэрхийлж байгаа. Бид аль замыг сонгох вэ гэдэг дээр хэлэлцүүлэг хийх ёстой. Манай одоо байгаа хууль тогтоомжийн дагуу бол цөмийн эрчим хүчийг бид ашиглана, атомын цахилгаан станц барина гэсэн ойлголт надад бий. Бид энэ хуулиар явсаар ирээдүйд өөрийнхөө станцын шаарыг булшлах асуудал бас яригдах гээд байна. Тэгэхээр аль замаар явах вэ гэдгийг бид тодорхой болгох ёстой гэж бодож байна.
Т.Үүрцайх /ММ агентлагийн сэтгүүлч/ Ерөнхийлөгчийн өнөөдрийн энэ уулзалтаар Цөмийн энергийн асуудлаар иргэдэд ойлголт хүрэх байх гэж бодож байна. Эргэлзэж байсан асуудал дээрээ хариултаа авч байгаа байх. Надад өөр асуулт байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр Таван толгойн асуудлыг хэлэлцсэн үү? Хэлэлцсэн бол ямар байр суурьтай байгаа вэ? Зоригийн хэргийг хэлэлцсэн тухай мэдээ гарсан байсан. Энэ хэргийг илрүүлэх явцад ахиц байна уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Долдугаар сарын 21-ний өдөр ҮАБЗ-д Засгийн газраас Таван толгой, бүр тодруулбал Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулахтай холбогдсон гэрээ хэлцлийг танилцуулж хэлэлцүүлэхээр бичиг баримт ирүүлсэн. Энэ бүхнийг ҮАБЗ-ийн ажлын алба судалж, нэлээн ажилласан. Засгийн газрын хариуцсан хүмүүсээс тодорхой материал шаардсан. Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаар гэсэн танилцуулга санал бэлдсэн байсан. Энэ бэлдсэн материалтай ҮАБЗ-ийн гишүүд танилцсан.
Энд байгаа гол зөвлөмж бол, Ашигт малтмалын хууль болон бусад холбогдох хууль, ҮАБЗ-ийн үзэл баримтлалын зарим үзэл санааг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цаашдаа хэлэлцээ хийх бол эдгээр зүйлийг Монгол Улсын үндэсний эрх ашигт болон хууль тогтоомжид үндэслэн ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байгаа.
Хамгийн гол зүйл Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ гэсэн асуулт гарч ирсэн. Засгийн газрын зүгээс ч бас оруулж ирсэн баримт бичгийг буцааж авъя гэсэн хүсэлт гарч байсан. /Тийм ээ, Энхтүвшин дарга аа? ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин: Тийм/ ҮАБЗ-ийн гишүүд ярьж байгаад, энэ Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээрийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Ер нь өнөөдрийн Засгийн газрын оруулж ирснээр, энэ гэрээний төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд дэмжигдэх боломжгүй гэдгийг хэлье.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг сонссон. Энэ бол 1998 оны 10 дугаар сарын 2-нд гарсан аймшигт хэрэг. Үүнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд ҮАБЗ-ийн хурлын түвшинд мэдээллийг анх удаа сонссон.
Хуулийн дагуу аливаа хэрэгт улсын прокурорын байгууллага хяналт тавих ёстой. Тиймээс хэргийг шалгах илрүүлэх явц ямар байгаа, ямар ахиц дэвшил гарч буй талаар мэдээлэл өгөхөд бэлд гэсэн чиглэл Ерөнхий прокурорт өгсөн. Ингээд Ерөнхий прокурор мэдээлэл хийсэн. Мөрдөн шалгах ажлын явцын талаар олон нийтэд мэдээлэх, мэдээлэхгүй зүйл гэж байгаа.
Бид мэдээллийг сонсоод ажлын хэсэгт тодорхой дэмжлэг хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр хүмүүс ч дэмжлэг хүссэн. Мөн зохион байгуулалтын хувьд ажлын хэсгийн үйл ажиллагааг нь уялдуулж ажиллах хэрэгтэй юм байна , эрчимжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Засгийн газрын гишүүн, байнгын хорооны дарга, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсийн нэг байсан ийм хүний амь насыг хөнөөсөн хэрэг учраас асуудлыг аюулгүйн зөвлөл дээр ярих нь зөв. Ажил хариуцаж байгаа хүмүүсээс ажлын үр дүнг нь сонссон юм. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, тодорхой боломжоор хангах, ажлыг нь эрчимжүүлэх, уялдуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Ийнхүү уулзалт өндөрлөв.