Гайхамшигт Монголчууд

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Гайхамшигт Монголчууд

Бидний өвөг дээдсийн үлдээсэн түүхийг дэлхий дахин бахдан биширч, “Мон­голчууд бусад ард түмнээс өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн” гэлцдэг. Үнэхээр ч бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн өвөрмөц соёлын өв болох ертөнцийн гурав, оньсого, зүйр цэцэн үгс, сургааль үгс дэлхийн ямар ч ард түмэнд байхгүй. Хосгүй соёлын өв учир дэлхийн хэл судлаачид бахдах нь аргагүй юм. Өвөг дээдсийнхээ “Ший­рийг хатааж” байгаа бид­ний бичгийн хэлний соёл одоо ч хэлний мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байгаагаар бид бахархах нь зүйн хэрэг. “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ард түмэн” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Тиймээс он цаг улирахын хэрээр ярианых нь энэ хэв маяг бичгийн хэлэнд нь шингэж, ертөнцийн гурав, оньсого, зүйр цэцэн үгс, сургааль үгс шиг л онцгой содон соёлын өвийг үүсгэж байна. Тухайлбал, өгүүлбэрт үгсийн байрлал эрэмбэ дараатай байрлаж, тодорхой нэг утга санааг илэрхийлэх ёстой байдаг бол орчин цагийн монгол хэлний өгүүлбэрт өгүүлбэрийн ги­шүүд хаанаа ч орж болдог байх жишээтэй. Үүний жишээг бид захын нэг газрын дурын хаяг, сурталчилгааны самбраас хардаг. “Сантис” сургалтын төв цаана чинь “Нэг жилийн мэргэжил” олгох хөтөлбөртөө элсэлт авч байна гэсэн. Тэгэхээр тэнд эзэмшсэн мэргэжлээрээ нэг жил ажилласныхаа дараа өөр ажил хайх хэрэгтэй болох нь ээ. Учир нь нэг жилийн л мэргэжил эзэмшүүлнэ гэсэн шүү дээ. Яг л ганцхан жилийн цэрэг гэдэг шиг. Сургуульд байхад “Хар хүзүүний ороолт гэж байдаггүй юм. Хүзүүний хар ороолт л гэж бий. Хоёр амтай шувуу байдаггүй учир шувууны хоёр амтай буу гэж бич” гэж монгол хэлний багшийн зааж байсан нь одоо амьдралд хэрэггүй. Бид дэлхийд гайхагдаж, үр хойчдоо бахдуулах хэл, бичгийн шинэ түүхийг би­чиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр та зөв бичих дүрэм, өгүүлбэрийн гишүүдийн байр­лал энэ тэрийг заавал мэдэх шаардлагагүй. Өөр­төө таалагдсанаар л бич. Филисофын ухааны доктор С.Молор-Эрдэнэ тийм бичлэг бүхий ном хүртэл гаргасан шүү дээ. Хэзээ нэгэн цагт таны бичсэн зүйлийн утгыг хэн нэгэн ойлгочихоод ямар их баярлах бол гэдгийг санах хэрэгтэй.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж