Монголд өдөр ирэх бүр шинэ барилгууд босч, хөгжил цэцэглэлт эхэлж байна. Хэдийгээр зам байхгүй боловч монголчууд спорт загварын автомашиныг олноор нь худалдан авах болж. Тэр хэрээрээ нийгэм дэх давхаргын ялгаа нь ихэсч эхэлжээ. “Louis Vuitton”-ы дэлгүүр 2009 оны аравдугаар сард Улаанбаатарт нээлтээ хийсэн. “LV”-ийнхэн үрэлгэн үйлчлүүлэгчиддээ VIP өрөөнүүдийг санал болгодог. Гэтэл энэ дэлгүүрийн гадна талд нь орон гэргүй хүмүүс зогсож байх аж. Өнгөрсөн хавар “LV”-ийн дэлгүүрээс хэдэн метрийн зайтай байрлах төв талбайд тэрс үзэлтнүүд эсгий гэр барин эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж байв. Тэд “Бидэнд ажил хэрэгтэй байна” гэж хашгирцгааж байсан юм. “LV”-ээс гадна “Burberry”, “Zegna”, “Emporio Armani”, “Hugo Boss”-ийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд ч Улаанбаатарт байдаг. “Burberry” бол бүр хоёр дахь салбараа нээхээр зэхэж байна.
Монгол Улс дөнгөж 2.8 сая хүн амтай. Тал хувь нь нийслэл хотдоо байдаг. Гэвч улаанбаатарчуудын олонх нь нүүдэлчдийн эсгий гэрт амьдардаг. Ихэнх нь өвлийн хүйтэнд түүхий нүүрс, хуванцар сав түлж дулаацдаг. Ийм хэрэглээтэй Монголын зах зээлээс тансаг зэрэглэлийн брэндүүд ашиг олсоор байгаа нь хачирхалтай. Би Монголын Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай уулзахад тэрбээр Монголыг “Чонын эдийн засагтай” хэмээн тодорхойлж байв. Зөвхөн чоно л Монголын өвлийн 40 хэмийн хүйтэнд амьдрах чадвартай юм. Харин тансаг брэндүүдийн тухайд гэвэл Монголын эдийн засгийн хэмжээ 2-5 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэдэг утгаараа шинэ зах зээл бий болно хэмээн тооцсонтой холбоотой бололтой.
Монголчууд өмнө нь бүх нийтээрээ нүүдэлчин соёл иргэншилтэй байсан. Өнөөдөр энэ уламжлалаа хадгалж үлдсэн хүмүүс эсгий гэрийнхээ гадаа тавган антен, нарны зай хураагуур зоогоод тал нутагтаа одоо ч гэсэн амьдарч байна. Тэд эхлээд газар нутаг, мориныхоо тухай дуу дуулдаг. Дараа нь ээжийгээ, хамгийн сүүлд хайр дурлал, нөхөрлөлийн тухай дууг аялдаг. Энэ нь монголчууд байгаль, дэлхийтэй ойр байдгийг илтгэж байгаа юм. ЗХУ-ын дагуул орон байсны ачаар монголчуудын 98 хувь нь бичиг үсэгт тайлагджээ. Харин Монголын 151 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 70 хувь нь эмэгтэй байдгаас хүйсийн харилцааны тэнцвэр алдагдаж байгааг харж болох юм. Эмэгтэйчүүд суралцаж байх хооронд эрчүүдийнх нь 25 хувь нь архины донтой болжээ. Монголчууд социализмыг өөрчилснийхөө дараа архидалтаар “шартаж” эхэлсэн байна. Би Монголын хоёр дахь том хот болох Дарханд очиж, өнчин хүүхдийн асрамжийн газраар орсон юм. Тэнд амьдарч байгаа 40 хүүхдийн нэлээд нь гэр бүлийнхнийхээ архидалтаас зугтаж, орон гэрээсээ дайжсан байж билээ. “Энэ бүхний шалтгаан болсон 100 грамм архи нэг аяга кофеноос илүү үнэтэй байдаг” Монгол дахь Азийн хөгжлийн сангийн төлөөлөгч Мелоин Ц.Линдбэрг ярьсан юм. Хэрэв чи Улаанбаатарын гудамжинд зүрхний шигдээсээс болоод ухаан алдаж унавал хэн ч чамайг тоохгүй. Учир нь зөрж өнгөрч байгаа хүмүүс чамайг “Согтуу байна” гэж бодно. Архидалт гэдэг зүйл ийм их газар авчээ.
Нийслэл Улаанбаатар хотыг хөдөөнөөс ирсэн, амьдралын боломж тааруу хүмүүс бүчиж байна. Тэд нийслэлийнхээ ойр орчимд эсгий гэрээ барин амьдарцгааж байгаа. Харин энэ нь улстөрчдөд сайхан боломж олгодог бололтой. Монголд ардчилал бүрэлдэх явц одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, ЗХУ задарсны дараах хүнд үе одоо ч гэсэн тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа гэсэн үг юм.