Киргизийн сэтгүүлчид ёс зүйн дүрэмтэй болсон

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Киргизийн сэтгүүлчид ёс зүйн дүрэмтэй болсон

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагынхан Киргизийн сэтгүүл зүйн салбарын зарим төлөөлөлтэй хамтран өчигдөр туршлага солилцох уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр “Сэтгүүлчид” хэмээх олон нийтийн байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Марат Токоев “Монгол Улс ийм олон сонин, телевизтэйг анх сонсоод гайхсан шүү. Учир нь Киргизэд хэвлэл мэдээллийн хэчнээн хэрэгсэл байдаг талаар одоо болтол нарийвчлан судлаагүй. Өнөөдрийн байдлаар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 хувийг сонин эзэлж байгаа бол телевизийн 20, радиогийн 40 орчим байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Судалгааны дүнгээс харахад, сонинууд 1000-15 мянган хувь хэвлэгддэг. Тэдгээрийн нийтлэлийн бодлогод эзэд, аль эсвэл улстөрчид, улс төрийн намуудын бодлого нөлөөлдөг нь нууц биш. Бид 2007 онд сэтгүүлчдийн их хурлаа хийж, сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг баталсан. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан улс төрийн дарамт, шахалтанд ихээхэн өртсөн, сэтгүүлчид нь ч “Хэн нэгнийг гүтгэж, дураараа дургиж болох юм байна” гэж ойлгодог болчихсон байсан учраас 23 зүйл бүхий дүрэм баталсан хэрэг. Товчхондоо, Киргизийн сэтгүүлчид 1990 оноос хойш анх удаа буюу 17 жилийн дараа их хурлаа хийсэн нь тэр” гэлээ. Түүнээс “Танай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн санхүүждэг вэ. Нийтлэлийн бодлого нь оросуудаас хараат бус байж чаддаг уу. Киргизийн сэтгүүлчид сонгуулийн үеэр хэрхэн ажилладаг вэ” хэмээн асуухад “Сонин хэвлэлүүд ихэвчлэн зар, сурталчилгаанаас санхүүждэг. Одоогоос олон жилийн өмнө бид улс орондоо ямар үйл явдал өрнөж байгааг Оросын телевизийн сувгаас мэддэг байсан. Одоо байдал арай өөр болсон шүү. Мэдээж хэрэг, сонгуулийн үеэр төлбөрт нийтлэл, нэвтрүүлгүүд зонхилдог. Гэхдээ намуудын нэр дэвшигчид яг ижилхэн зай талбай болон хугацаагаар сурталчилгаагаа хийх хуультай” гэсэн юм. Монгол, Киргизийн сэтгүүлчдийн энэхүү уулзалтад Өдөр тутмын сонины холбооныхон болон судлаачид оролцов.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж