-Бөхчүүдийг бүртгэх ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бид бөхийн бүртгэлийг нэлээд олон сарын өмнөөс зарласан. Одоо хотын бөхчүүдийн бүртгэл дууссан. Харин хөдөөгийн бөхчүүдийн бүртгэл маргааш дуусна. Бүртгэлээ хаасны дараа бөхчүүдээ эрэмбэлж, энэ сарын 16-нд нэгийн давааны оноолтыг зарлана. Үүнээс бөхчүүд өөрийнхөө хэзээ барилдахыг харах боломжтой. Нэгийн даваа дөрвөн өдөр буюу энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бол хоёрын даваа хоёр өдөр, гурвын даваа нэг өдөр, дөрвөөс 12 хүртэлх даваа хоёр өдөр бөхийн өргөөнд явагдаж өндөрлөнө.
-Шинээр бүртгүүлэх хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Иргэний үнэмлэх, цолтой бол цолны үнэмлэхтэй байх ёстой. Харин бүртгэлийн хураамжид цолтой бөх 6000 төгрөг, оюутан, сурагч болон цэргээс 1000 мянган төгрөг буюу зурагны мөнгө авч байгаа. Бөхчүүдийн зургийг нь авч бүртгэх юм. Эдгээр бөхчүүдийн бүх барилдааныг багтаасан, тэдний зурагтай “Монгол бөх Гиннесийн номонд” гэдэг ном хэвлүүлнэ.
-Оролцохоор бүртгүүлж буй хүмүүст ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?
-Бөхчүүд малгай, зодог, шуудаг, түрийтэй гуталтай барилдах ёстой.
-Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд шинжээч ирэх ёстой байх. Энэ талаар ямар ажил зохион байгуулав?
-Гиннесийн номын зөвлөлөөс шинжээч томилж ажиллуулдаг юм билээ. Тиймээс манайд албан ёсны шинжээч өөрийн биеэр ирнэ. Бид “Үнэхээр 4096 бөх барилдсан” гэх баримтыг баталгаажуулж өгөх ёстой юм. Энэ бүгдийг бүрдүүлсний дараа албан ёсоор энэ номд бүртгүүлнэ.
-Гиннесийн номонд бүртгүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу. Өмнө нь Өвөрмонголын бөхчүүд уг номонд бүртгүүлсэн байдаг юм билээ?
-Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд 2003 онд 2048 бөх барилдуулж, үүнийгээ монгол бөх гэж Гиннесийн номд бүртгүүлсэн байдаг. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ном учраас бид тооны хувьд 4096 болон түүнээс дээш бөх барилдуулах хүсэлтээ илгээсэн юм. Бидний хүсэлтийг хүлээн авч “Үнэхээр 4096 бөх барилдвал бүртгэх боломжтой” гэсэн. Тиймээс энэ сарын 17-ны өдөр бөхчүүдээ жагсааж тоолох ажлыг явуулах болно. Үүнийгээ баримтжуулна. Ямар ч байсан Гиннесийн номонд бүртгүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Одоогийн байдлаар барилдахаар хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?
-Үндсэндээ 4000 орчим бөх бүртгүүлчихээд байна. Харин хөдөө, орон нутгаас хамгийн багаар бодоход мянга орчим бөх ирнэ гэж тооцож байгаа. Сум болгонд 10 бөх барилдуулах урилга явуулсан. Тэгэхээр тооны хувьд хангалттай хүрнэ гэж бодож байна.
-Цолтой бөхчүүдийн тухайд хэдэн хүн барилдах вэ?
-Эцсийн дүн хараахан гараагүй байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ж.Мөнхбат нар бүртгүүлсэн байгаа. Ер нь ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бий. Дээд тал нь 80 настай хүн хүртэл бүртгүүлсэн.
-Тэгвэл доод тал нь хэдтэй хүүхэд байх юм?
-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, бөхийн спортоор хичээллэдэг, 170 см-ээс дээш өндөртэй хүүхдийг барилдуулна.
-Дэмжигч гэх хүмүүс бүртгүүлж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Монгол бөхийг Гиннесийн номонд оруулах буянтай үйлсийг дэмжиж буй 2000 хүнийг бүртгэнэ. Дэмжигчдээс 50 мянган төгрөг авч байгаа. Дэмжсэн хүмүүсийн зурагтай ном тусад нь гаргана гэж төлөвлөж байна. Одоогоор 500 хүн бүртгүүлсэн. Дэмжигчдийн тоо 2000 хүрэхгүй ч гэсэн 50 мянган төгрөг өгсөн хүмүүсийн зурагтай ном гаргана.
-Бөхийн барилдааныг үзэх хүмүүс тасалбараа хэрхэн худалдаж авах вэ. Тасалбарын үнэ хэд байх юм бол?
-Нээлтийн ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10-15 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Энэ тасалбараараа нэг, хоёрын давааг үзэж болно. Барилдаан гурвын даваанаас бөхийн өргөө рүү шилжсэний дараа тасалбарын үнэ 6000 төгрөг болно. Харин сүүлчийн хоёр өдрийн барилдааны тасалбарыг хосоор нь 15 мянган төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн. Одоогоор нээлтийн тасалбарыг худалдаалж эхэлсэн. Сүүлийн давааны барилдааны тасалбар ирэх 18-наас худалдаална.
-Бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгэхээр цаг агаарын байдлыг урьдчилан тооцоолсон уу?
-Цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг авсан. Ирэх 17-ноос дулаарах төлөвтэй байгаа. Тиймээс нэг их бэрхшээл тулгарахгүй байх.
"Улс төрийн тойм" сонин