Нийтийн тээврийн үйлчилгээ өглөөнөөс эхлэн ачаалалтай. Автобус дотор нэг хэсэг амьдрал буцална. Зарим нь гар утсаар гэртээ байгаа юм шиг уйлж, дуулж, чанга чанга ярина. “Цүнх ухчихлаа, халаас суйлчихлаа” гэнэ. Мөнгөтэй, мөнгөгүйдээ хүрч муудалцана. Архи үнэртүүлсэн, аашилж авирласан алив бүхэн бууж, сууна. Залуухан охид хөвгүүд суудлаа алдчих вий гэсэн шиг худлаа унтсан дүр эсгэнэ. “Бууя сууя” гэж хашгиралдана. Хачин үнэр танар ханхлуулсан хог ухагчид хар шуудай үүрчихсэн орж ирж зорчигчдыг үргээнэ. Иймэрхүү дүр зураг нийслэлд хаа сайгүй байдаг. Харин бид энэ удаагийн дугаартаа микро автобуснуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээ, кондукторын ёс зүй, зан аашийн талаар онцолж байна. Хэдийгээр микрог 1999 оноос эхлэн нийслэлд нийтийн тээвэрт оруулж ирсэн ч хэдхэн жилийн дотор хамгийн эрэлт хэрэгцээтэй унаа болон хувирсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1890 микро автобус бүртгэлтэй байгаа бөгөөд 53 аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байна. Гэсэн хэдий ч хот хөдөөгүй хөврөх микроны цуваа сайнаас илүү саарыг дагуулсаар байгаа. Нийтийн тээвэрт үйлчилж буй микро автобуснуудын “үйлчилгээ”, жолооч, кондукторын харилцааны доголдол хэрээс хэтэрч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Автобусны буудал болгон дээр нийслэлийн чиглэл болгоны автобусууд хүн дайрчих шахан ирж зогсоно. Кондукторууд нь бусдын дуунаас давахын тулд нүүрээ мэнчийлгэн чиглэлээ зарлан орилно. Зарим нэг нь уянгалуулан дуудах гэж хэл амаа хазлан юу хэлээд байгаа нь ч ойлгогдохгvй. Яахав хотод амьдардаг хүмүүс бол ойлгох л байх. Харин хөдөөний хүмүүс ойлгоддоггүй гэнэ лээ. Африк тивийн хөгжил нь буурай хэдэн оронд л хүмүүсээ орилж дууддаг нийтийн тээврүүд байдаг гэсэн. Орилж хашгичсаны үр дүнд суудал болгон дээрээ дөрөв, дөрвөөр нь хүнээ суулгаад бас болоогүй нугасандаа суулгана.Уул нь дүрмэндээ бол гурав, гурваараа суух ёстой байдаг. Хөгшин настай, махлаг хүмүүст үйлчлэхдээ тун тааруу “Явах гээд байхад хөдөлж ядаад хурдан буу, суу” гээд зандчиж өгдөг юм. Тэгээд зүү зайгүй болгож аваад цааш хөдөлнө. Харин кондуктор хаалганы хажууд зогсон, хүмүүсийн дээгүүр тэгнэн хэвтэх нь холгүй явна. Хүн тээвэрлэхийг тэд “ачих” гэж ярьдаг юм билээ. Хүнээ ачсан жолооч замын голоор хурд хэтрүүлэн, урд буй машиныг сүлжин зорчигчдын доторыг муухайртал давхина. Ингээд явж байтал замын цагдаа харагдвал ёстой нэг үзүүлэх сургуулилт явагдаж эхлэх нь тэр. Нугасанд суусан хүмүүсээ цааш нааш нь суулгаад, “Хүүе доошоо хэвт, чи тэр хүний өвөр дээр суучих, дээшээ босох болоогүй байна шүү” гээд л кондуктор тушааж гарна. Хүмүүсийн хувьд мэдээж яарч байхад, явж байсан микрог нь цагдаа зогсоогоод шалгаасай гэж хэн ч бодохгүй. Тиймээс команд авсан цэрэг шиг л аль болох чадлаараа харагдахгүйг хичээн доош хэвтэнэ. Монгол хүний уужуу ухаан гэж тэр л байх. Ингээд жүжиг дуусавуу үгүй юү кондуктор “За мөнгөө өгөөрөй” гээд л шалж гарна. Мөнгөө дутуу өгсөн нэгэнтэй нь “100 төгрөг нэмээд өг, үгүй бол одоо буу, эсвэл тэр автобусандаа суугаад мөнгөө суйлуулаад яв” гээд л хэнгэрэг хагалах шахна. Тэд микро автобусанд суувал хулгайд юмаа алддаггүйг далимдуулан түүгээрээ бардамнадаг бололтой. Бүгчим агаар, микроны тоос, хүмүүсийн хэрүүл гээд аймшгийн орон зайд зорчигчид хүлэгдэх нь тэр. Уг нь нэгэнт л хүмүүст үйлчилж байгаа болохоор наад захын үйлчилгээг тэд үзүүлэх л ёстой. Гэтэл үйлчилгээ үзүүлэхийн оронд харааж, загнах нь их. Бүр үйлчлүүлэгчдээ гар хүрч байгаа кондукторууд ч бий. Тэд хүүхдийг хүн гэж тоохгүй. Зохих хэмжээний мөнгөө төлөөд явж байгаа бяцхан иргэдийг нугасанд дээр дээрээс нь давхарлуулж суулгана. Эсвэл, өөр хэн нэгний өвөр дээр суулгачихна. Ер нь хүүхдүүд тэгж авч явж байгаа юм чинь мөнгө төлөхгүй гээд гүрийчих хэрэгтэй байгаа юм. Микро автобуснуудын кондукторуудын хувийн ариун цэврийн талаар ярих ч юм биш. Зан харьцааны хувьд эр эмгүй бүгд доголдолтой. Бараг бүгдийг нь зан харьцаа, ёс зүйн сургуульд сургавал таарахаар. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд кондукторуудаа шалгаж байж ажилд авч баймаар байгаа юм.
Микроны кондукторуудаас архи үнэртэх бол энүүхэнд. Хир даг болсон хувцас, хэдэн cap ч угаагаагvй юм бэ дээ гэмээр хар гар гээд үнэнийг хэлэхэд тэдэнтэй ойр суухаас жийрхмээр. Хиртэй хар гараа нулимж байгаад мөнгөө тоолох бүрт ой гутна. Аливаа улсын соёлыг нийтийн тээвэрийн үйлчилгээнээс тодорхойлдог гэдэг. Тэгвэл эрхэм кондукторууд хотын соёлыг үнэхээр гутааж байгаа юм. Энэ мэт микро автобуснуудад соёл, үйлчилгээ гэж алга. Ямар нэг арга хэмжээ авах цаг болжээ. Хэрэв тэднийг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчихвал хотын төвөөс зайдуу амьдрах хүмүүс унаагүй болчихно хэмээн эсэргүүцэж магад. Тийм шаардлага гарвал стандарт тогтоож, тоог нь цөөрүүлээд, үйлчилгээг нь сайжруулж болно. Тэдэнд зориулсан дүрэм гаргаж, нийтээр нь мөрдүүлж ч болох. Харин энэ дүрмийг эс хүлээн зөвшөөрвөл нийтийн тээврийн эгнээнээс микрог халахад ч гэмгүй шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин