Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгаас дараах асуултад хариулт авлаа.
-“Чацаргана” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Үр дүн нь ямар байна вэ?
-Одоо чацаргана тариалсан талбайгаа нэмэгдүүлж, энэ намар 500 орчим га-д тариалалт хийнэ. Тиймээс энэ оныг дуусахад 4000 орчим га-д үйлдвэрлэлийн тариалалт хийсэн байна гэж ойлгож болно. Эхний жимсээ хурааж эхэлсэн. Өнгөрсөн жил л гэхэд 300 орчим тонн чацаргана хурааж авсан байгаа.
-Тэгвэл цаашдаа таны дурьдсан тоо хэдий хэмжээгээр өсөх бол?
-“Чацаргана” хөтөлбөрийг 2016 хүртэл хэрэгжүүлэх юм. Энэ хугацаанд нийт 20 мянган га үйлдвэрлэлийн талбайтай болох зорилтыг тавьсан. Тарьсан чацарганаа боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулна. Чацаргана бол байгальд ээлтэй ургамал. Тиймээс зөвхөн өтгөрүүлсэн шүүсээр тогтохгүй чацарганы тос, цаашлаад судалгаа шинжилгээнд тулгуурлаад биологийн идэвхит бодис гаргаж авах зорилготой байгаа юм. Монгол Улс чацарганы үйлдвэрлэлийн тариалалтээр дэлхийд нэлээд дээгүүрт явж байгаа юм билээ. Цаашид хөгжүүлээд явах юм бол монгол мах, монгол ноолуур гэдэг шиг монгол чацарганыг дэлхийд гаргаж ирж болох нь ээ гэсэн дүр зураг харагдаж байгаа.
-Их хэмжээний чацаргана тариалаад, ургацаа хураагаад эхэлчихвэл томоохон боловсруулах үйлдвэр барих шаардлагатай болох байх?
-Эхний ээлжинд бага хэмжээний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор “Увс хүнс” компанид 400 сая төгрөгийн зээл олгосон. Үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Чацарганы өтгөрүүлсэн шүүс, тос үйлдвэрлэх юм. Үүнээс гадна томоохон боловсруулах үйлдвэр байгуулах төслийг ч боловсруулсан. Хятадын Засгийн газраас хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу 200 сая ам.долларын төслийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр болсон шүү дээ. Үүний 13 орчим сая ам.доллараар нь жилд 5000-аас доошгүй тонн чацаргана боловсруулдаг орчин үеийн үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа. Төслийг нь боловсруулчихсан. Харин одоо ТЭЗҮ-ийг сайн хийж, нарийвчлах шаардлагатай байна. Хамгийн гол нь орчин үеийн, бүтээгдэхүүн нь дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр барина гэсэн шаардлагыг тавьж байгаа. Цаашдаа 20 мянган га-д тариалалт хийгээд, ургацыг бүрэн аваад эхэлчихвэл дараа, дараагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах шаардлагатай болно. Ямартай ч үүнийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Тэрбээр ийн ярилаа. Дашрамд дурьдахад, “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд чацарганы суулгацыг тариаланчдад нийлүүлэх ажлыг одоо ч зохион байгуулж буй аж. Хөтөлбөрт хамрагдсанаар чацарганы суулгацыг таван жилийн хугацаатай хүүгүй зээлээр авч болно. Харин зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж талбайгаа хашаалсан, услагаагаа шийдсэн, өөрийн гэсэн талбайтай байхаас гадна чацаргана ургуулах тал дээр тодорхой мэдлэгтэй байх ёстой гэнэ. Нэг чацарганы мод 2500 төгрөг гээд бодохоор суулгац суулгаснаас хойш дөрөв, тавь дахь жилдээ жимсээ хураагаад үндсэн зээлээ төлчих бололцоотой гэсэн үг. Учир нь нэг килограмм чацаргана ч 2500 орчим төгрөгийн үнэтэй байгаа юм. Гэр хорооллын айл өрхүүд ч хашааныхаа багахан зайд 5-10 мод тарьчихад арчилгаа нэг их шаарддаггүй гэнэ шүү.
"Улс төрийн тойм" сонин