Хар ажил хийх хүсэлгүй, хагас дутуу бичиг үсэгт тайлагдсан оюутнууд сургуулиа төгсчихөөд ажиллах газар олж ядан гудамж метрлэж байна. Монголын боловсролын тогтолцоо тэднийг ийм болгон хүмүүжүүлж орхижээ. Хэвлийдээ эсэн мэнд бойжиж байсан үрээ эмч нарын буруугаас болж алдсан эх гомдлын, нулимсаа арчин сууж байна. Эрүүл мэндийн салбарын ялзрал түүнийг ийм эмгэнэлтэй байдалд оруулаад орхиж. Энэ бүхнийг хариуцаж авснаараа төр үүнийг өөрчлөх ёстой. Гэтэл төрд мөнгө байдаггүй. Уг нь байгаа. Гэхдээ түүнийгээ хүмүүст тарааж өгчихөөд ирэх жил дахин сонгогдохын мөрөөсөл болсон хэдэн гишүүний үзэгний аясаар эргэлдэх төдий л мөнгө байгаа.
Тэгвэл шинэчилж чадахгүй байгаа эдгээр салбараа хувийн хөрөнгө оруулагчдад даатгавал яасан юм бэ. Гэхдээ монголчууд үүнийг хийж чадах нь юу л бол. Учир нь тэд банкнаас өндөр хүүтэй, авсан бага мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэхийн оронд яаж төлөх вэ гэж шаналдаг. Нөгөө талаас Монгол шиг хууль, эрх зүйн орчин нь тогтворгүй оронд тогтвортой байдлын гэрээ байгуулахгүйгээр хөрөнгө оруулах сонирхолтой гадныхныг олоход хэцүү.
Харин Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд “20 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал тогтвортой байдлын гэрээг байгуулна” хэмээн өмнө нь заасан байжээ. Гэвч 2002 онд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Анхны хөрөнгө оруулалт нь 2-10 сая ам.долларын байх хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгааг 10 жилийн хугацаатай гаргана” хэмээн өөрчилсөн юм. Харамсалтай нь 20 сая ам.доллар, 2-10 сая ам.доллар аль, алиныг нь зөвхөн уул уурхайн компаниуд гаргаж чадна. Үүнийг өмнө нь байгуулж байсан тогтвортой байдлын гэрээнүүд бэлхнээ нотолсоор. Гэтэл 1.9 сая ам.доллараа барьж ирээд Эрүүл мэндийн салбарт чинь хөрөнгө оруулъя гэсэн хүнд Монголын Засгийн газар тогтвортой хамтрах баталгаа өгдөггүй юм байна.
Монголын Засгийн газар анх 1998 оны тавдугаар сард Хятадын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компанитай Сүхбаатар аймгийн Төмөртийн овооны цайрын ордыг ашиглахад тогтвортой байдлын гэрээг байгуулж байв. Хэдийгээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр байхаар тооцсон боловч “Цайрт минерал” Монголын баялгийг Хятад руу ямар ч татваргүйгээр зөөсөөр байгаа. Английн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” мөн л 1998 оны долоодугаар сард Бороогийн алтны ордыг эзэмших төслөө хэрэгжүүлэхийн тулд тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Канадын хөрөнгө оруулалттай “Бумбат” компани Заамарын Бумбатын алтны ордод, Хятадын хөрөнгө оруулалттай “Чин-Хуа-Мак-Нарийн сухайт” Өмнөговь аймгийн Нарийн сухайтын нүүрсний орд, ОХУ-ын “Востокнефтегаз” Төв аймаг болон Улаанбаатарт шатдаг хий үйлдвэрлэх, хийжүүлэх үйл ажиллагаа явуулахад татварын тогтвортой нөхцөлийг хангах зорилгоор тогтвортой байдлын гэрээ байгуулсан байх юм. Оросын компанийн хувьд хожим нь шингэрүүлсэн хий болон нефтийн бүтээгдэхүүн гаргаж, хий боловсруулах үйлдвэр байгуулахаар гэрээгээ шинэчилж хугацааг нь сунгажээ. Мөн Хятадын “Монголиамийд эйшия интернейшнл” Мянганы зам төслийн хүрээнд 350 км замын барилгын ажлыг гүйцэтгэхээс гадна Сэлэнгэ аймгийн Улаа-Овоогийн нүүрсний ордыг ашиглахаар тогтвортой байдлын гэрээ байгуулсан байна. Эдгээрээс гадна Хятадын “Зам интернэшнл”-ийн Мянганы зам төслийн хүрээн дэх ажил, Японы “Эрин интернэшнл” гаалийн тусгай бүст үйл ажиллагаа явуулахад болон Солонгосын хөрөнгө оруулалттай “Скайтел” компанийг тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ явуулахад зориулж тогтвортой байдлыг нь хангаж өгсөн байх юм. Хамгийн сүүлд Монголын Засгийн газар Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах “Айвенхоу Майнз” компанийн үйл ажиллагааг тогтворжуулахын тулд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.
Эндээс харахад Монголын төр цөөнгүй компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Гэвч тэдний олонх нь уул уурхайн олборлогчид байна. Тэгэхээр энэ салбарынхан л анхны хөрөнгө оруулалтаа хоёр сая ам.доллараас дээш мөнгөөр хийж чаддаг бололтой. Гэхдээ “Цайрт минерал”, “Бороо гоулд” болон Нарийн сухайтын уурхайтай холбоотой маргаан, байгаль орчныг хэрхэн бохирдуулж, хэр их хэмжээний баялгийг хилийн чанад руу зөөж байгааг харуулсан маргаантай баримтууд хэвлэлийн хуудсыг чимсээр байгаа. Тэгэхээр тогтвортой байдлын гэрээ тэдгээр компанийн үйл ажиллагааг тогтворжуулж чадахгүй байна гэсэн үг. Гэвч энэ гэрээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар дамжуулан бусад салбарынхаа хөгжлийг тушиж чаддаг байна. Тиймээс асуудал тогтвортой байдлын гэрээнд биш хуулиндаа байгаа.
Сүүлийн үед хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж байна гэж хөөрцөглөх болсон. Яг л дотоодын бизнес эрхлэгчид банкуудаас хэтэрхий өндөр хүүтэй зээл авахын оронд хорголоо тоолоод суухыг илүүд үздэгийг мартчихав уу гэлтэй. Ийм учраас тэд олон улсын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож ирэхийг оролдож байна. Уг нь Монголд бэлэн мөнгө их байгаа. Гэтэл өндөр хүү тогтоосон банкууд тэр мөнгийг дотоодын зах зээл рүү гаргахаа больжээ. Арилжааны банкууд өөрсдөө ч зээлийн хүүгээ бууруулах сонирхолгүй болсон. Тэд үүнийгээ Монголбанкны хүү өндөр байгаатай холбон тайлбарладаг. Өнөөдрийн байдлаар банкуудад дор хаяж нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө байгаа гэдгийг Монголбанкны мөнгөний бодлогын мэргэжилтэн мэдээлсэн. Гэсэн хэдий ч Монголбанк инфляцийн өсөлтийг зогсоохын тулд бодлогын хүүгээ нэмсээр байна. Гэтэл инфляцийг юу тэгж их хөөрөгдөөд байна вэ гэвэл уул уурхайгаас олсон баялгийг ард түмэндээ тараагаад өгчихсөн эрхэм түшээдийн өнөөх “өглөгч” зан.
Уг нь Монгол орон хөгжиж байгаа юм гэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бүр 14 хувьд хүрч, Хятадыг ардаа орхисон юм байх. Гэтэл энэ өсөлт зөвхөн түүхийгээр нь экспортолж буй ашигт малтмалтай хамааралтай. Үүнийг “Ядаж л энэ салбар нь хөгжиж байгаа юм биш үү” гэж өмгөөлбөл жинхэнэ хошигнол болно биз. Эндээс “Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх” гэсэн сүржин томъёолол гараад ирээдэхсэнж. Харамсалтай нь энэ нь Голланд өвчнийг дагуулдаг. Уул уурхайн экспортоор тэргүүлдэг Африкийн Гвинейгээс эхлээд олон орон үүний балгийг мэднэ. Тиймээс Долоон буудлын Должин эмээ ч Голланд өвчин тусч болдоггүй юм шүү гэдгийг ойлгодог болж. Гэхдээ яаж вэ гэдгийг нь тайлбарлаж чадахгүй. Чилийн туршлага, Австралийн үлгэр л гэнэ. Гэтэл түүнээс илүү Голланд өвчнөөс сэргийлэх боломжийг хааж, хөлд тушаа болсон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тогтвортой байдлын гэрээ байгуулах зүйл, заалтыг өөрчлөх цаг болжээ. Монголчуудад илүү боловсронгуй, бас уян хатан хууль хэрэгтэй байна.
"Улс төрийн тойм" сонин