Камерон МакРейн мэдэгдэлд юу өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Камерон МакРейн мэдэгдэлд юу өгүүлэв

Хоёр Жоны захидал хийгээд Камерон МакРейн мэдэгдэлд юу өгүүлэв

“Айвенхоу Майнз” ком­панийн Ерөнхийлөгч Жон Макен, тус компанийн Эрхзүйн асуудал хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани нараас Монголын иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлд захидал илгээжээ. Учир нь энэ сарын 6-нд ноён Фрийдландаар овоглон “ноцтой” бөгөөд ташаа мэдээлэл хийснийг нь залруулахыг хүссэн аж.  Залруулахыг хүссэн эх­ний асуудал нь 40 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон тухай юм байна. “Айвенхоу Майнз”-ын удирдлагууд энэ тоог “үндэслэлгүй бөгөөд өөрс­дийн мэдэгдэлд сүр оруу­лах үүднээс ашигласан” гэж үзжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Иргэний хөдөлгөөний төлөөлөлөөс “Нэг ч төгрөгийн татвар тушаагаагүй”, “Монгол Улсын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулаагүй” гэсэн мэдээлэл өгсөн. Захидал бичиг­чид үүнд ихээхэн бухимдсаныг илгээсэн захидлаас нь харж болохоор байна. Арга ч үгүй юм. Ийм мэдээлэлгүй, хариуцлагагүй мэдэгдэл гэж байх уу. Ядаж Татварын ерөнхий газраас лавлачихгүй дээ. Монгол улсын Засгийн газар нь Оюутолгойгоос л гэхэд энэ жил гэхэд 220 сая ам долларын татвар авах учиртай. Үйлдвэрлэл эхлэхийн өмнөх шатанд Засгийн газар нь 700 сая гаруй ам долларын  татварыг татварын ашиг хэлбэрээр авахаар болсон. Энэ бол чамлахаар тоо биш. Нөгөөтэйгүүр гэрээнд заасны дагуу төлж байгаа нь л энэ. Гэхдээ үүнийг чамлаж болно. Харин нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэхээр л дэндүү солиотой мэдээлэл болчихоод байгаа хэрэг.

Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийн тухайд жирийн иргэдээс асуувал илүү үнэнийг хэлээд өгч мэдэх юм. Өнөөдөр Оюутолгой төсөл дээр үндсэн болон гэрээт 14 мянга гаруй ажилтан ажиллаж буй. Тэдний 60 гаруй хувь нь монголчууд.

Найман мянган хүн ажлын байртай болох нь манай улсын хөгжилд тустай биш гэж үү. Эдийн засгийн өсөлтийн хувьд дэлхийн дахинд хангалттай мэдээлэл, нарийн тооцоо судалгаа буй. Ялангуяа энэхүү төсөлд хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ олон улсын анхаарлыг татсан. Тухайлбал төслийн хүрээнд 7.8 их наяд төгрөг зарцуулахаар байгаа. үүнийхээ талыг нь барилгын ажилд зарцуулчихаад байгаа юм билээ. Болдогсон бол тийм хэмжээний мөнгөөр ямархуу бүтээн байгуулалт хийснийг иргэн бүрт биш юмаа гэхэд эргэлзэж явдаг хүн бүхэнд үзүүлэхсэн.

Энэ мэтчлэн “ноцтой” мэдээлэл гэгчид нь “но” ихтэй байна. “Айвехоу Майнз”-ынхан ч иргэний хөдөлгөөнийхний хийсэн мэдээллийн асуудал тус бүрт няцаалт өгч. Бизнесийн хүрээнийхэн элдэв мэдээллийг гарсан цаг тухай бүрт бодит мэдээлэл өгч, худал бол няцааж байдаг нь байдаг л үзэгдэл. Хамгийн гол нь энд “Оюутолгой” ХХК-ийн хийж бүтээсэн, цаашид хийхээр төлөвлөсөн гол ажлуудыг үгүйсгэсэн асуудал яваад байгаа нь харамсалтай. Болхи улс төрийн энэ арга эдийн засгийн хөгжилд ч, Монгол Улсын нэр хүндэд ч сайн нөлөө үзүүлэхгүй. Баримттай бодитой асуудлыг тавихад хэрхэн шийдэх арга зам олддог. Харин өгч буй мэдээлэл, тавьсан асуудал нь хуудуутай, тэр ч бүү хэл, ор үндэсгүй бол ямар гарц олдох билээ дээ. Мөн үүнтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий гишүүд “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей мэдэгдэл гаргасан байна билээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй татварын бодлого, эрх зүйн зохицуулалт нь өргөжин хөгжиж буй уул уурхайн салбарын үр дүнд эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрээд буй Монгол улсын хувьд улс төрийн томоохон асуудал болоод байна. Оюутолгой дахь бүтээн байгуулалт, дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний уурхай болох Таван толгойд хийгдэж буй бүтээн байгуулалт нь шинэ хөрөнгө оруулалтын томоохон давалгааг үүсгэсэн билээ. Монголын өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын ач холбогдол нь энэхүү салбараас Монгол Улс үр дүнг хүртэж болох тохиромжтой арга замуудын талаарх улс төрийн маргааныг үүсгээд байна” хэмээн даруухан өгүүлжээ.

Мөн уг мэдэгдлийн дотор “The Australian” сонинд нийтлэгдсэн мэдээллийг хавсаргасан байна. Үүнд “Монгол Улсын Их Хурлын 20 гаруй гишүүн ашигт малтмалын талаарх эрх зүйн орчинг эргэн харж, өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаад байна. Улаанбаатар хотод зохиогдсон “Дисковер Монголиа” Хөрөнгө оруулагчдын чуулганд хэлсэн үгэндээ “Рио Тинто”-ийн суурин төлөөлөгч, Оюу толгой төслийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй хэлэхдээ 2009 онд Засгийн газартай хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй орон болохыг батлан харуулсан” гэсэн байна. Түүнчлэн  “Цөөн тооны хүмүүс Монгол Улсын хүсэл зоригийг эвдэх, гэрээг өөрчлөхийг шаардаж буй нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг бууруулах эрсдлийг үүсгэж байна” хэмээн МакРае тэмдэглэн хэлснийг дурьджээ. Цаашилбал, “Харин Оюутолгой төсөлд ажиллаж буй болон ажилд орохоор хүлээж буй хүмүүс бизнесээ хөгжүүлэхийг хүсч буй орон нутгийнханд тэд хариулт өгөх хэрэгтэй болох юм. Монгол Улсад ийм зүйл тохиолдохгүй хэмээн бид итгэж байна. Учир нь тогтвортой байдал, хуулийн засаглал тогтвортой үргэлжилсэнээр Монгол Улсын удаан хүлээсэн эдийн засгийн хөгжил нь бодит байдал болох юм хэмээн тэр хэлжээ” гэж тус сонинд бичсэн аж. 

Эцэст нь энэ бүхнээс юуг харж болох вэ гэхээр Монгол Улстай гар, сэтгэл нийлж ажиллахад итгэлгүй, гэрээ байгуулж, хамтрах соёлд суралцаагүй. Хөрөнгөө оруулбал улстөрчид нь ганцхан “ниргээд” хөөгөөд гаргаж мэдэхээр орон гэсэн мессэж л гадаадын хөрөнгө оруулагчид очихоор байгаа юм. Тиймээс ч Камерон МакРейн мэдэгдэлд “Оюу толгойн хөрөнгө оруулагч  нарт уул уурхайн салбарт орж буй хамгийн том хөрөнгө оруулалтыг хэвээр нь үлдээх итгэл шаардлагатай. Үүний үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээний төслүүдийг цаашид эхлүүлэх байр сууриа улам батжуулан, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгосноос үүдэх эдийн засгийн өсөлтийг мэдрэх болно” гэсэн байна. Энэ бол жилд 220 сая ам. Доллартай тэнцэх хэмжээний мөнгийг татварын орлогод төвлөрүүлэн, 8000 гаруй иргэнийг нь ажлын байртай болгосон хөрөнгө оруулагчийн амнаас гарсан үг гэхэд эвлэрлийг эрхэмлэж, бодит байдлыг үнэлсэн үнэ цэнэтэй дүгнэлт гэж хэлж болох юм.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж