-Ц.Цолмон дарга аа, өнөөдөр Үндэсний шинэ намын Их хурал болно. Энэ хурлаас улс төрийн хүрээнийхэн тодорхой шийдэл хүлээж байгаа нь нууц биш. Та бүхэн эргэлзээтэй бүхий л асуултад хариулт өгч чадах уу?
-Энэ Их хурлыг бид хариулт өгөх зорилгоор л хийж байгаа. Ерөнхийдөө УИХ-ын 2012 оны сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн чиглэлийг хэлэлцэнэ. Энэ хөтөлбөртөө тулгуурлан эвсч, нэгдэн хамтарч УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох тэр улс төрийн хүчнүүдтэй хэрхэн хамтрах вэ гэдгээ Их хурлынхаа төлөөлөгчдөөс асуух үндсэн зорилготой гэж ойлгож болно. Мөн шаардлагатай гэж үзвэл намынхаа дүрэмд шинэчлэл, өөрчлөлт хийх талаар ярилцана.
-Энэ Их хурлаас гарах шийдвэрээс үүдэн “Үндэсний шинэ намын УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл эхэллээ” гэж ойлгож болох уу?
-Болно. Гэхдээ бид сонгуультай, сонгуульгүй үндэсний үзлийг дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Бид намын дүрмээр үндэсний үзэл, ардчилсан үнэт зүйл, шударга ёс гурвыг үзэл баримтлалынхаа тулгын гурван чулуу хэмээн тодорхойлсон байдаг. Энэ дагуу намынхаа үндсэн үйл ажиллагааг чиглүүлэх нь манай намын үндсэн зорилго. Тиймээс бидэнд сонгуулиас үл хамааралтайгаар нийгэмд үйл ажиллагаагаа идэвхижүүлж, эрчимжүүлэх үүрэг бий гэж бодож байна.
-УИХ-ын 2012 оны сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл юунд чиглэх бол?
-Мэдээж дээр хэлсэн үзэл баримтлалын тулгын гурван чулуугаа гол болгоно. Дээр нь, улс орныхоо боловсролын тогтолцоог шинэчлэх, бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэх гэх мэт зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно. Их хурлын үеэр зөвхөн намын дарга илтгэл тавих бус бусад гишүүдийн зүгээс ч илтгэл тавьж хэлэлцүүлэн санаа, оноогоо нээлттэй ярилцах юм.
-Та дээр “Бусад намтай эвсэх талаар ярилцана” гэж хэлсэн. Тэр талаараа дэлгэрүүлэхгүй юү?
-Ер нь хараад байхад Монголд хоёр чиглэлийн л улс төрийн хүчин, улстөрчид байх шиг байна. Эхнийх нь Монголд маш хүчтэй үйл ажиллагаа явуулж буй зүүний чиглэлийнхэн. Хоёр дахь хэсгийг нь консервативчууд гэж хэлж болно. Консервативчууд дөнгөж Монголд өсч, өндийж байна. Ардчилсан намд консерватив чиглэлийн намууд тухайн үедээ нэгдэж байсан ч өнөөдөр социал демократ чиглэлээр явж байгаа. Ардын нам болон Монгол ардын хувьсгалт намын тухайд ойлгомжтой. Суурь үзэл санаа нь социал деморкат үзэл. Эндээс үүдээд Монголд хоёр намын тогтолцоо бүрэлдлээ гэхэд дан ганц социал демократ үзэл бүхий намууд байгаад байвал хэцүү. Иймд бид консерватив чиглэлийн үндэсний үзлийг дээдэлсэн барууны үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин Монголд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Гэхдээ энэ ялгарлыг ирэх оны УИХ-ын сонгуулиас олж харна гэвэл худлаа болно байх. Тиймүү?
-Тийм ээ. Үүнд цаг хугацаа хэрэгтэй нь үнэн. Үнэхээр УИХ-ын 2012 оны сонгуулиар улс төрийн намуудаас үзэл баримтлалын ялгааг олж харах боломжгүй нь үнэн. Хамгийн гол нь олигархийн засаглал буюу олигархийн дарангуйллаас салах арга замыг улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай байгаагаасаа үл хамаараад хамтдаа олж харах хэрэгтэй байгаа юм. Ийм хүсэл зорилготой байгаад үүнийхээ төлөө хамтарч ажиллахыг хүсвэл ямар үзэл баримтлалтай байх нь хамаагүй хэрэг. Тийм учраас бид эхлээд хөтөлбөрөө гаргаад, дээрх зорилгын төлөө хамтарч ажиллах ямар ч улс төрийн хүчинтэй эвсч УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн гэж хэлж болно.
-Намын үзэл баримтлалыг энэ удаад түр хойш нь тавина гэсэн үг үү?
-Үндэснийхээ эрх ашгийн төлөө ажиллах чин хүсэлтэй байгаад түүнийхээ төлөө ажиллаж чадах итгэл үнэмшилтэй байгаа нь л бидэнд чухал. Харин “Монгол хамаагүй ээ. Бид Америкийг дуурайна” гээд байвал болохгүй л дээ.
-Танай намыг юун түрүүнд Монгол ардын хувьсгалт нам хийгээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтрах шийдвэр гаргана гэдэгт улс төрийн хүрээнийхэн тун итгэлтэй байх шиг байсан. Гэтэл зарим хүний зүгээс “Үгүй ээ, тэдний хооронд асуудал үүссэн” гэх ч яриа гаргаж байгаа дуулдсан?
-Манай хоёрын хооронд ямар ч үл ойлголцол, асуудал үүссэн зүйл байхгүй. Тус, тусдаа өөр, өөрийнхөө ажлыг хийгээд л явж байгаа. Мөн хамтраад хийх ажлаа хийж л байна.
-Хамтдаа ямар ажил хийж байгаа гэж?
-Энэ оны дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл олон ажил хийсэн. Тус, тусынхаа их хурлыг хийсний дараа арваннэгдүгээр сараас хамтраад тодорхой ажлуудыг хийж эхэлнэ. Ер нь шинэ эвслийн хаалгыг эрт хаах хэрэггүй гэж бодож байгаа. Цаашид бусад улс төрийн намуудтай ч энэ талаар ярилцахад бэлэн.
-Монгол ардын хувьсгалт намтай танай нам нэгдлээ гэхэд энэхүү 90 жилийн “нас”-тай брэнд нэр та бүхний хувьд давуу тал болж өгнө гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Ер нь бол нааштай үзүүлэлт болж өгөх нь тодорхой. Яагаад гэхээр Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг дагаад хуучин намаа сэргээх хүсэлтэй иргэд олноороо хүсэл, сонирхлоо илэрхийлж байгаа харагддаг. МАХН-ынхан ч орон нутагт очиж, гишүүдээ шинээр бүртгэх үйл ажиллагаа явуулахад хуучин гишүүд нь их идэвхитэй хамрагдсан байна лээ. Үүн дээр нэмээд Монгол ардын хувьсгалт нам социал демократ үзлээ барьж байгаа ч үндэсний уламжлал, үндэсний үзлээ дээдэлсэн бодлого баримтлахаа зарласан. Энэ нь манай намын үзэл баримтлалтай ихээхэн нийцэж байгаа гэж хэлж болно.
-Товчхондоо МАХН-тай хамтрахад бэлэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Ер нь Чингис хааны төр барьж байсан ухааныг судлаад үзэхэд үндэсний үзлийг дээдлэхийн зэрэгцээ социал демократ чиглэлийн бодлого барьж байсан нь харагддаг.
-Тухайлбал?
-Чингис хаан болон түүний хүүхдүүдийн баримталж байсан улсаа удирдах ухаанд нийгмийн чиглэлээр бодлого ихээр тусгагдсан байдаг. Ахмадуудаа хүндлэх, залуусаа халамжлах гэх мэтээр олныг хэлж болно.
-Сүүлийн үед улстөрчид “Чингисийн үед ийм бодлого барьж байсан. Чингис хаан өнөөдөр байсан бол асуудлыг ингэж шийдэх байсан” гэх мэт үгийг ихээр хэлэх болж. Гэтэл энэ бүх судалгаанд нь эцсийн үнэн, бодитой хариулт байгаа эсэхийг бид мэдэх боломжгүй шүү дээ. Энэ утгаараа та бүхэн “Чингисийн үед” гэж яриад байгаа энэ үзэл санаагаа хэр судалсан байдаг юм бэ. Ихэнх тохиолдолд тэр бүх яриа хий хоосон хөөрөл мэт санагдах нь бий?
-Аливаа зүйлийг олон ярихаар хүмүүсийг залхаах нь бий. Үүн шиг ойлгосон нь ч яриад, ойлгоогүй нь ч яриад байгаа болохоор тийм бодол төрж байгааг үгүйсгэхгүй. Өмнө нь Чингисийн өмсч зүүдэг байсан эдлэл хэрэгсэл, хоол унд, унаа хөсгийн талаар л их судалдаг байсан. Харин манай нам байгуулагдсан цагаасаа хойш төр барих ухаан, улс төрийн удирдлага талаас нь сүүлийн 4-5 жилийн дотор сайтар судалж байна. Тэндээс харж байхад дэлхийн том гүрнүүдийн улстөрчид ч Чингисийн улс төрийн арга ухаанаас суралцах замаар төрөө удирдаж ирсэн байна. Харин бидний хувьд тэднээс дамжуулж бус эх сурвалжаас нь суралцаж байгаа учраас илүү давуу талтай байгаа байх.
-Олон нийтийн хувьд Бүгд найрамдах нам гэхээр Б.Жаргалсайхан гэсэн ганц хүн төсөөлөгдөг шиг Үндэсний шинэ намын ард цаг ямагт М.Энхсайхан гэсэн нэг үндсэн дүр төрх л харагддаг. Та бүхний зүгээс энэ ойлголтыг үгүйсгэж, шинэ лидер гаргаж ирэх тал дээр төлөвлөгөө бий юү?
-Улс төрд лидерүүд нь тогтвортой, үр дүнтэй байвал уг нь зүгээр. Манай намын лидерүүдийн хувьд тэтгэвэртээ гарах хараахан болоогүй байна. Мэдээж ахмад, залуу үеийн хослол чухал уу гэвэл чухал. Тийм ч учраас бидэнд залуусын дэмжлэг бий. Тэднийгээ Их хуралдаа идэвхитэй оролцуулж, улс төрийн зорилгыг нь цаашид хэрхэн дэмжих талаар ярилцана.
"Улс төрийн тойм" сонин