Баригддаггүй л болохоос хүн хулгайлж л байдаг

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Баригддаггүй л болохоос хүн хулгайлж л байдаг

“Одоо  Б.Хурц гэдэг хүн алс холын Герман Улсын шоронд Монгол  төрийн алдааг үүрэн  шаналж суугаа. Түүнд өөрийгөө зөвтгөх ганц л шалтгаан бий. Тэр бол бүтэл муутай Монголын сөрөх тагнуулын албаны  тангараг өргөсөн албан хаагч учраас үүргээ гүйцэтгэсэн” гэж    Б.Хурцыг өмөөрөх хүн захаас аваад олдоно.
Аль ч оронд тагнуулын ажил­лагаа дипломат төлөө­лөгч нэрээр халхавч болон явагдаж байдаг энгийн зүйл. Энэ хорвоогоор  биш­гүй л тагнуулчид хэрэн хэсч л байдаг.  Баригддаг нь цөөхөн болохоос хүн хулгайлж л байгаа. Ингэж бичих нь жаахан  бүдүүлэг бо­­ловч  бодит үнэнтэй ний­цэж таарна.  ОХУ, АНУ -ын тагнуулынхан энэ ажиллагаанд бүр гаршчихсан бай­­даг. Хэрвээ баригдвал хоо­­рондоо хэлэлцээр хий­гээд солилцож орхино. Гуан­­­­тана­могоор дүүрэн л зо­­лиосны хүн хоригдож бай­­гаа.  Асуудалгүй.  Тэр бай­тугай, ХБНГУ-ын таг­­нуул­чид  манайхтай ижил төс­­тэй шалтгаанаар Ар­ген­тинаас Интерполоор эрэн сур­­валжилаглаж байсан на­­цист гэмт хэрэгтэнг хил дам­нуу­лан хулгайлж байсан. Тийм болохоор  Б.Хурцад  хол­бог­дох хэрэг тийм ч сүртэй зүйл биш шиг санагдах юм. Ма­найхан л баригдчихаад бас тэгээд гүйцэтгэсэн хүнээ илч­лээд өгчихсөн  болохоос биш…

Б.Хурцын тухай хэдэн хэвшмэл ойлголт нэгэнт бий болжээ. Жишээ нь, Монгол Улсын нууцын зэрэглэлтэй үйл ажиллагааг гардан зохион байгуулсан хүн нь  Б.Хурц гэдгийг Англи, Германы тал яаж мэдчихдэг байна аа. Маш нууц энэ мэдээллийг хэн задруулж орхисон бэ? Хэрвээ энэ үнэхээр улсын нууцтай холбоотой хэрэг юм бол тэр задруулсан этгээдийг  эх орноосоо урвасан гэж үзэх үү?   Ийм асуултууд одоо хариу нэхээд байх болж. Гэтэл бас эдгээрийн араас талийгаач Энхбатыг яагаад С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан шалгах болов?  Яагаад хаа холын Германаас түүнийг баривчилж ирээд сүр дуулиан болгосон бэ? Энэ бүхэн хэнд ашигтай байж болох вэ? Гэх зэргээр  асуултууд хөврөөд байна.  Одоогоор хөшигний наана гарсан хүн бол ганцхан Б.Хурц. Бас золиос нь Б.Хурц. Монгол Улс тусгаар улс мөн үү, биш үү гэдгийг барууны ертөнцөд харуулах “нотлох баримт” нь мөн л Б.Хурц. Өнгөрсөн долоодугаар сард Англи Улсын Засгийн газар болон шүүх нь манай улсын тусгаар эрхийг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан. Одоо Герман үүнийг давтах уу. Үнэхээр л хүн хулгайлсан хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгээд түүнийгээ яллах гээд байгаа бол Б.Хурцыг биш Монголын Засгийн газрыг яллаач.   Б.Хурцыг үзэн ядаж байгаа хүмүүс Монголын Сөрөх тагнуулын ажиллагааг үзэн ядаач. Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан тэр этгээдийг олж аваад яллаач.  
Б.Хурцын хэргийг ХБНГУ-д хүлээлгэн өгсөн боловч хэргийн хараахан эцэслэн  шийдээгүй  байгаа. Харин  Английн болон Германы хэвлэл мэдээллээр “Монгол улсын тагнуулч Б.Хурцын  хэргийг Германы талд шилжүүллээ” гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээ мэдээллүүд гарахгүй байгаа. Одоо­хондоо шүү. Английн шүүх “Бид Засгийн газартайгаа нэг байр суурьтай байх ёстой ” гэсэн шийдвэр гаргасан шиг тэдний хэвлэл мэдээлэл шүүх нь бас Засгийн газартайгаа нэг санаатай байх юм биш биз.    Зарим хүмүүс   ХБНГУ-ын канцлер манай улсад удахгүй айлчлахтай холбогдуулан уг асуудал нэг тийш шийдэгдэх байх  гэж хүлээж байгаа.  Үгүй ч байж мэдэх юм.

Дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг дөнгөж мэдэхээр байгаа энэ хэргийн талаар ТЕГ-ын дарга нь инээдтэй юм ярьжээ.  “Б.Хурцын талаар хэн ч нууц задруулаагүй, харин  хэвлэлийнхэн л янз  бүрийн юм олж мэддэгээрээ энэ талаар бичсэн” хэмээн эвтэйхэн бултжээ.  Тэгээд “Монголд төрийн нууцыг хамгаалах, хадгалах ажил хавтгайрч суларсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж эцэст нь “бууж өгсөн” байна.  Энэ талаар олж сонсоод “Монгол Улсын төрийн нууц гэж ер нь юу юм бол. Хэрвээ сэтгүүлчид улсын хэмжээний нууцыг задруулсан бол ТЕГ-ын хэрэг байна уу” гэж бодлоо. Ер нь хэвлэл мэдээллийн гол зорилго бол нуусан юмыг ил болгох. Харин бусдын зорилго бол  хамаг юмаа хав дарж нууцлах. Өөд өөдөөсөө сөрж ажиллах ёстой газрууд гэсэн үг. Гэтэл одоогоор хэвлэлийнхэнд хамаг нууцаа алддаг ТЕГ-тай, түүнийг нь хүлээн зөвшөөрч толгойгоо сэгсэрдэг ТЕГ-ын даргатай байгаад ч яах юм бэ.
 
Одоо бол Б.Хурцын хэргийн талаар хүн болгон л өөрийн гэсэн ойлголттой болчихсон.  Бодоод байхад  Б.Хурц гэдэг хүн буруугүй юм байна. Тэр бол төрдөө үнэнч зүтгэсэн тангараг өргөсөн төрийн албан хаагч. Хэрвээ амь насаа өгөх хэрэг гарвал өгөх л байх. Харин төр нь өөрөө захиалж “хулгай” хийлгэчихээд бариад өгчихөж байсан түүх байдаггүй. Ийм заваан үйлдэлдээ төр ямар хариуцлага хүлээх нь л сонин байгаа юм. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж