Хуваарь ёсоор өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагдах ёстой ч Ерөнхий сайд С.Батболд эзгүй байгаа тул хоёр хоногоор хойшлуулж, баасан гаригт хийхээр болжээ. Гүйцэтгэх засаглалтын тэргүүн ОХУ-ын Эрхүү хотноо болж байгаа байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй бөгөөд пүрэв гаригт Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм байна.
Баасан гаригт болох Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Тлейханы санаачлан боловсруулсан Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, ”Дархан-газрын тос” ХХК байгуулах тухай, Нууц асуудал зэргийг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Танилцуулахаар Монгол Улсын 2012 оны төсвийн төслийн тухай, Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2011 оны эхний хагас жилийн явцын тухай, Хүүхдийн спортын IV их наадам зохион байгуулсан дүнгийн тухай, Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгийн тухай тус бүр авч хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна.
Г.Дарь