1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар 512 бөх барилдлаа. Тэр зун Б.Бат-Эрдэнэ аваргыг балиашиглахаар Удирдлагын академийн багш Р.Эрдэнэбаатар тэргүүтэй бид хэд стадионд очиж наадам үзсэн юм. Наймын даваанд буюу шөвгийн дөрөвт үлдсэн Х.Баянмөнх аварга О.Балжиннямыг амлаж барилдаад ойчив. Тунаанд хүч үзсэн том П.Сүхбат Б.Бат-Эрдэнэ аваргыг дотуур этэж санаснаас маш амархан хаялаа.Үзүүр түрүүнд үлдсэн хоёр заанаас сэтгэлийн хөөрлөө илүү дарж чадсан О.Балжинням учраа бөхдөө бэлдсэн мэх хийж, солгой хэрнээ баруун талаараа нааж хавираад давчихваа.
Бид хэд Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлээгүйд сэтгэл тун дундуур байгаа. Бүгд дотроо “Том П.Сүхбат гэж шаврын хаалт, өөрөө түрүүлж чадахгүй байж, аваргыг хаялаа” гэж бачимдана. Өнгөндөө “Наадам сайхан боллоо.Хоёр заан цолтон үзүүр түрүүнд шалгарсан нь 1963 оноос хойшхи анхны тохиолдол” гэсэн статистик ярьж, наадмын хаалт хүлээн сатаарч зогслоо. Нэг харах нь ээ, ахимаг насны эмэгтэй Төв цэнгэлдэхийн ногоон талбайн урд талын гол дэвсэг дээр гараа хавсран гурвантаа наминчлан залбираад сунаж унан мөргөж эхэллээ. Хамт бөх үзсэн Гандангийн хурлын лам, Хэнтийн буриад Батбаяр “Энэ эмэгтэй, жинхэнэ бурхан шашинтай хүн байна. Газарт сунаж мөргөхдөө маш түргэн босч байгааг нь, Ерэнтэй чи хараач. Энэ лав, түрүүлсэн Балжинням зааны ээж байх. Ийм ээжийн хүү наадамд түрүүлэлгүй яах вэ” гэж магтаад салдаггүй шүү. Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлээгүйд сэтгэл гонсгор байсныг хэлэх үү, жаахан гэдэн хөдөлж байна. “Би мөргөх юм бол, энэ эмэгтэйг нэг сунаж унахад гурав мөргөнө” хэмээн хариу барилаа. Батбаяр,
-Чи хараач, жинхэнэ монгол залбирал үйлдэж, эрхий хуруугаа алга руугаа дотогш нь хумиж байна гээд шогшрон магтлаа. Би өөрийн мэдэлгүй,
-Дөрвөдүүдийн мэддэг Бурханы шашин гэж юу байдаг юм бэ. Шашныг хар тамхи гэж устгасан Ю.Цэдэнбал дарга гэж дөрвөд байсныг л мэдэх юм байна хэлчихжээ.
-Тэгж ч дөрвөд зон олныг доош хийхгүй шүү. Догшин ноён хутагт Данзанравжааг Бурхан шашин мандуулаагүй гэж хэлэх нь үү гээд манийгаа мад тавьж орхивоо.
Говийн V ноён хутагт Равжаагийн эцэг Өлзийт нь дөрвөд ястан бөгөөд одоогийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошуунаас тухайн үед нутаг сэлгэн нүүж Ар Монголын Говь мэргэн вангийн хошуунаа суурьшсан. Бурханы шашны эд хэрэглэл-дулдуйтыг биенээсээ үл салган авч явдаг байснаас хүүг нь Дулдуйтын гэж овоглон нэрлэдэг байсныг мэднэ л дээ. Харин монгол залбирал гэдгийг огт мэдэхгүй байсан юм. Дашрамд хэлэхэд, лам хүн цагаа тулахаар шашныхаа төлөө бол балиашигласан бөхөө ч умартдаг юм билээ. Наадмын дараа Батбаяр ламын (1987 онд Шашны дээд сургууль дүүргэсэн) тавьсан номыг дор толилуулъя.
-Мөргөл хэмээх нь буян хураах, нүгэл арилгах хоёр увидастай. Мөргөл хийснээр бие, хэл, сэтгэлээр хийсэн хилэнц, гэм нүглийг арилгана.
-Мөргөөд түргэн босдог учир гэвэл зовлонт орноос хурдан гарч буйн бэлгэдэл юм. Гараа атгаж мөргөвөл туурайт адгуус, мөргөөд удаан хэвтвэл могой зэрэг хэвлээр явагч амьтан болж төрөхийн ёр болдгийг анхаарууштай. Мөн мөргөөд босох тоолондоо нуруугаа цэх болгоод дахин мөргөх хэрэгтэй. Эс тэгвээс бөхийж тонгойсон адгуусны төрөл олохын ёр болдог гэмтэй. Ер нь бие, хэл, сэтгэлийн гэсэн гурван зүйлийн мөргөл бий.
-Харагдах хэлбэрийн хувьд ургаа модыг угаар нь таслан унагасан мэт биеэ газарт хүргэн сунаж мөргөх, эс бөгөөс хоёр гар, хоёр өвдөг, магнай таван гишүүнээ газарт хүргэн хагас буюу хумьж, ийм хоёр янзаар мөргөж болно.
-Тоо томшгүй Бурханыг бодон өөрийн биеийг хязгааргүйд хувилган мөргөх нь биеийн мөргөл, хязгааргүйд хувилсан биедээ толгой, хэл олныг хувилган Бурханы дээд эрдмийг яруу аялгуугаар өгүүлж байна гэж сүслэх нь хэлний мөргөл, мөргөлийн орон чухаг дээдийн ариун агаад эрдэм нь хязгааргүйг чин сэтгэлээсээ бишрэн дээдлэх нь сэтгэлийн мөргөл. Хоёр алгаа хавсран наалдуулж залбирах нь тэрсүүдийн ёс тул эрхий хуруунуудаа алганы завсар оруулан эрдэнийн хэлбэртэй болгох нь зөв залбирал, монгол залбирал.
-Оройдоо наманчлан залбирахад бие ариудах,
-Хоолойн тус газар залбирахад хэл ариудах,
-Зүрхэн тушаа залбирахад сэтгэл ариудах ийм гурван бэлгэдэлтэй…
Тэр цагаас хойш Хан уулын ард хоринтоо наадам болж хоринтоо түрүү бөх тодорчээ. Тэр цагаас өмнө монголчууд ихэвчлэн наадамд балиашигласан бөхийн амжилтаас болж нэг, дэлгүүрийн лангуун дээрх махны чанараас болж нэг, хэрэлдэх хэлэлцэхийн хооронд ааш гаргадаг байсны төгсгөл хавийн жишээ нь Батбаяр бид хоёрынх болов уу. Харин тэр жилийн наадамд О.Балжинням аварга түрүүлсний ачаар, хүүдээ баярласан ижий нь Төрийн есөн хөлт цагаан тугандаа тэгж сүслэн мөргөсний буянаар зөв залбирч, зөв мөргөж сурсан билээ, би.
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин