Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирж ажиллах нь. Зарим нь хэзээний ирсэн гэнэ. Тэр ч бүү хэл, тэд эх орондоо гадаадаас дутахааргүй хөлсөөр ажиллах боломж ч бүрджээ. Энэ оныг Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллага, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос хамтран “Хөдөлмөрийн яармаг-2011” арга хэмжээг зохион байгууллаа. Уг яармаг “Чингис” зочид буудалд өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд өнөөдөр үргэлжилэх юм. Хилийн чанадад мэдлэг боловсрол эзэмшиж, бас ажиллаж амьдарч буй монголчуудыг эх орондоо шинэ тутамд хөгжиж буй салбарт нарийн мэргэжлээр ажиллахад зуучлах зорилгоор энэ удаагийн “Хөдөлмөрийн яармаг-2011” арга хэмжээний гол онцлог болохыг зохион байгуулагчид онцолж байв.
Дээрх хөдөлмөрийн яармагийн арга хэмжээг сонирхохоор эх орондоо суурьших, амьдрах сонирхолдоо хөтлөгдсөн харь гүрэнд хангалттай боловсрол, мэдлэг эзэмшсэн нэлээдгүй залуус хүрэлцэн ирсэн байлаа. Зарим нэг нь ирсэн цагаасаа эхлэн хэд хэдэн байгууллагад өргөдөл өгч, хүлээж цөхөхдөө буцаж харь гүрнийг зорих бодол толгойд эргэлдэх болсон талаар бидэнд хуучилна. Мэдээж дор хаяж 600-1000 ам.доллар, цаашлаад 2-5 мянган ам.долларын цалин хөлсний урамшуулалтай ажиллаж, амь амьдралаа бусдаас дутахгүй хэмжээнд авч явсан тэдний хувьд өөрийн орны жишиг цалин чамлалттай санагдсан байж болох юм. Гэхдээ энэхүү өдөрлөгийн үеэр хөгжлийн шинэ шат руу дөхөж яваа төрөлх эх оронд нь өндөр цалин хөлс, хангамж бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг нөхөх боломж буйг энэ үеэр хэлнэ лээ. Боломж, бололцоог судлах зорилго бүхий ах, эгч, аав, ээжийн төлөөлөл ч тэнд түүнээс дутахгүй олон. Тэд хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах болсон талаарх мэдээллийг Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, харьяа Элчин сайдын яамдаар дамжуулан олж авсан гэх юм билээ. Тус зөвлөл хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд гадаадад ажиллаж, амьдарч буй мэргэжилтэй боловсон хүчнээ эх орны хөгжил цэцэглэлтэд татан оролцуулахад анхаарч ажиллаж байгаа аж. 2010-2012 оны хугацаанд хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын талаарх бүрэн судалгаа гаргах ажилд улсын төсвөөс 920 сая төгрөг санхүүжилттэй ажиллаж байгаа болон эх орны бүтээн байгуулалтад дутагдалтай ажлын байруудын талаарх судалгааг гарган ажиллаж байгаа гэнэ. Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл нь тодорхой шалгуур үзүүлэлт хангасан монголчуудыг эх орондоо ирж ажиллахад зуучлах, хөнгөлөлт дэмжлэгт хамруулахад анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, замын зардал болох хоёр сая төгрөг, орон сууцны зээлд хамрагдахад урьдчилгаа таван сая төгрөг тусламж гэх мэтийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байгаа талаар тус зөвлөлийн дарга н.Энх-Эрдэнэ тайлбарлалаа. 2014-2015 онд нийтдээ 40 гаруй мянган ажлын байр нэмэгдэх хандлага байна гэх урьдчилсан судалгааг гаргасан аж. Ерөнхийдөө иргэдэд мэдээлэл дутмаг байдгаас өөрт тохирох ажлын байрны эрэлт хэрэгцээг олж харахгүй байгаа талаар Хөдөлмөрийн төв биржийн дарга А.Зангад хэлж байлаа. Тэрээр “Одоогоор манай байгууллагад 40 гаруй мянган ажил хайж буй иргэн бүртгүүлсэн байгаа. Бүртгүүлсэн иргэдээс 30-40 хувь нь байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу ажлын байраар хангагдаж байна. Цаашид ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор нэлээдгүй ажлыг өрнүүлнэ” гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Хөдөлмөрийн яармагийн арга хэмжээний хүрээнд “Оюутолгой”, “Монголын төмөр зам”, Unitel, Mobicom, Monnis, “Вагнер Ази”, “Монголын алт”, “Монос”, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг манай улсын томоохон тэргүүлэх зэрэглэлийн уул уурхай болон худалдаа үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд нийтдээ дээд болон дунд төвшний 500 гаруй ажлын байрыг санал болгож буй. Ажлын байрны талаарх мэдээллийг сонирхож буй хэн нэгнийг дөхөж очих бүрийд ямар ажлын байр сонирхож байгаа болон аль улсад ямар мэргэжлээр суралцсан талаар ам уралдан асууна. Дотоодын их, дээд сургууль төгссөн, мэргэжлээр 1-2 жил ажиллаагүй бол дээрх байгууллагуудын хувьд энэ удаад лав хаалттай бололтой. Дээрх шалгуурт нийцээгүй нэг нь урам муутайхан яармагийг орхин гарч байгаа бол боломжийн ажлын байрны саналын анкетыг бөглөж, шаардлага хангана байх гэх “гадаад, дотоод хэсч, гахай шувууны мах идсэн” нэг нь горьдлого өвөрлөн одох шиг.
Тус арга хэмжээний үеэр Оюутолгой компанид далд уурхайн инженер техникийн ажилтан, гадаад харилцаа, захиргаа хяналт гэх мэт 40 гаруй мэргэжлийн ажлын байрны саналыг энэ удаагийн хөдөлмөрийн яармагт оролцож буй талаар тус компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Г.Мөнхбаяр онцолж байв. Өдгөө тус компанид Монгол Улсын Засгийн газартай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гадаад болон дотоодын ажиллах хүчний тэнцвэр 65/35 байгаа бол 2013 оноос 90/10 болгох заалтын хүрээнд нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх үүднээс энэхүү яармагийг дэмжин оролцож байгаа гэнэ. Харин шинээр сууриа тавиад удаагүй байгаа “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зам болон барилгын инженер, гүүр хоолой, хиймэл байгууламжийн инженер, чанар аюулгүй байдал харицсан ажилтан, гадаад харилцаа, гүйцэтгэх захирлын туслах гэх мэт 20 гаруй ажлын байны санал тавин оролцож байна. Тус компанийн үйл ажиллагаа болоод шинээр нэмэгдэж буй ажлын байрны шаардлага шалгуурын талаар сонирхож байх үест ОХУ-д хувийн зардлаар гурав дахь жилдээ төмөр замын инженерийн мэргэжлээр суралцаж буй Г.Мандах гэгч ажлын байрны талаарх нэмэлт мэдээлэл авах, сургууль төгсөөд эх орондоо ирж ажиллах боломж, нөхцлийн талаар яриа өрнүүллээ. Компанийн ажилтнууд ч түүний саналыг дуртайяа хүлээн авч, холбоо харилцаатай байж, дадлага, сургалтаа тухайн улсын төмөр замын шинэлэг ололттой талыг суралцах хугацаандаа эзэмших хэрэгтэйг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн ахлах ажилтан Б.Жаргалсайхан захиж байв.
Сүүлийн арав гаруй жилд харь орныг зорих цуваа үргэлжилж, өдгөө гадаадад 120 гаруй монголчууд амьдарч байна гэх албан бус судалгаа ч бий. Тэд дэлхийд танигдсан “Microsoft”, “Google”, цаашлаад тэдгээр орнуудын томоохон аж үйлдвэрийн салбаруудын тэргүүлэх ажилтанаас аваад барилга, бүтээн байгуулалтын ажилд хүчин зүтгэж буйг хэн хүнгүй хэлээд өгөх биз. Тиймээс гадаадад буй мэдлэг боловсрол бүхий дадлага туршлагатай монголчуудыг өөрийн орны хөгжил цэцэглэлтэд хүч нэмэх, тэдгээрийн тархинд буй “алтан үр”-ийг монголын хөрснөө буулгахад төрөөс анхаарах дээрх ажил Улаанбаатар хотноо нэг удаа бус, хилийн чанадад буй монголчуудынхаа дунад дахин зохион байгуулах хэрэгтэй тус хөдөлмөрийн яармаг харуулж байсныг энд сануулах юун.