
чинь, Хүний хөгжил сангаас хэдэн төгрөг авсан гэдгээ, одоо хэдийг авах
ёстойгоо мэддэггүй юм байна. Анхнаасаа “мөнгө тараах нь хэрэггүй л юм,
гэхдээ өгч байгаа юмыг авч л байя” гээд авч байсан болохоор юу болоод
явж байгааг нь огт анхаараагүй юмсанж. Уг нь хүнд сая таван зуун мянган
төгрөг зээлүүлсэн бол “төдөн төгрөг, төдөн мөнгө үлдлээ шүү” гэсэн
маягтай тооцож суух байсан биз.
Энэхүү мөнгийг бүрдүүлсэн санг
буюу Хүний хөгжил сангийн төсвийг жил бүр баталж хуульчилдаг бөгөөд
өнгөрсөн онуудад хичнээн төгрөг зарцуулсан гэдгээс нь нарийвчлан
харчихвал би гэдэг хүн хэдийг авч байснаа олж магадгүй. Ямартаа ч энэ
намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг эхний ээлжид найм байхаар
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тогтоол гаргасан юм. Эдгээр найман асуудлын нэг
нь Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл аж. Энэхүү
жагсаалтыг шинэчилэхээр яам, агентлагуудаас санал цуглуулж байгаа хэдий ч
энэхүү хуулийн төсөл шинээр бий болох жагсаалтын ч урдуур байх гэнэ.
Энэ
сан анх байгуулагдсан онд буюу Хүний хөгжил сангийн 2010 оны төсөвт
Монгол Улсын иргэн бүрт 120.0 мянган төгрөг бэлнээр, төр хариуцах
иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж нийт 10.9 тэрбум төгрөг тус тус
олгохоор тусгаж хэрэгжүүлсэн. Харин дараа жилийнх нь буюу энэ жилийн
төсөвт иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт
нийт 82.5 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн хураамж нийт 20.2 тэрбум
төгрөг тус тус олгохоор тусгажээ. Харин ирэх жилд хэн хэдэн төгрөгөө авч
амжаагүй байна гэдгээр нь тооцоход л Хүний хөгжил сангийн 2012 оны
төсвийн хуулийг хараагүй байсан ч мэдчихэж болох аж. Одоогоор оюутны
сургалтын төлбөрийн 500.0 мянган төгрөг болон төр хариуцах иргэдийн
хураамжийн тэтгэлгийг үргэлжлүүлэн олгож байгаа бөгөөд бэлэн мөнгө олгох
арга хэмжээг нэгдүгээр сараар дуусгавар болгохоор тооцсон гэнэ.
Санхүүжилтийг “макро”-оор нь харвал Хүний хөгжил сангаас эхний жилд 30%
буюу 1,283.3 тэрбум, дараагийн жилд 30% буюу 1,283.3 тэрбум, ирэх онд 40
% буюу 1,504.2 тэрбум төгрөгийг хуваан төсөвлөжээ.
За, эргээд
“микро” асуудал руугаа оръё. Би хэдэн төгрөг авсан гэдгээ тооцоогүй
байгаа байх аа. Хуулийг 2009 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөж эхэлсэн гэж бодоцгооё. Өнөөдөр 2011-09-14 ний өдөр.
Энэ хооронд 24 сар багтжээ. Ингэхээр сар бүр 21 мянгаа авсан гэж
бодохоор 504 мянган төгрөгийг төрөөс авсан болж байна. Дээр нь 70 мянгыг
өгөөд байсан. Гэхдээ гурван сарын 21 мянгыг нийлүүлээд өгч байсан
болохоор тооцоондоо оруулсангүй. Одоо сая орчмыг авах юм шиг байна,
буруу бодоогүй бол. Ингэхээр ирэх оны Хүний хөгжил сангийн төсвийн хууль
нь энэ нэг сая төгрөгийг ямар зориулалтаар олгоно гэдгийг шийдэх нь гэж
ойлголоо. Мэдээж би оюутан биш тул сая орчим төгрөг бий гэж тооцоод
байгаа юм шүү дээ. Засгийн газрынхан хуралдаад их, дээд сургуулийн
оюутнуудын төлбөрөөс 500 мянган төгрөгийг энэ сангаас хаахаар болсон.
Өнгөрсөн жил 170 мянган өдрийн ангийн оюутнууд тус сангаас сургалтын
төлбөр хэлбэрээр хишиг, хувиа хүртсэн. Анхандаа зөвхөн өдрийн ангийнханд
гэж байснаа сүүлд нь их, дээд сургуулийн орой, эчнээ ангийн оюутнуудыг ч
хамруулах болсон. Ингэхээр оюутан бол хоёр жилдээ хувааж авах тул
ингээд тооцоо нийлж байгаа аж. Сонгуулийн амлалтыг биелүүлэх эхний
давалгаа ийнхүү оюутнуудыг хамав.
Мөн засгийн газрынхан “Хүний
хөгжил сан”-гаас иргэдэд олгох нэг сая төгрөгийг орон сууцны зээлд
ашиглах боломжтойг бататгав. Ингэснээр 100 мянган айлын орон сууцны
хөтөлбөрт хамрагдаж, орон сууц худалдан авах иргэдийн Хүний хөгжил
сантай хийх тооцоог дуусгах аж. Үүндээ аль болох олон хүн хамруулахын
тулд гэр бүлийн бусад гишүүдийн хувийг нэгтгэх боломжтой байхаар
журамлажээ. Сонгуулийн амлалтыг биелүүлэх дараагийн давалгаа ийнхүү
байранд орох хүсэлтэй иргэд, тэдний гэр бүлийнхнийг хамав. Гэхдээ 100
мянган айлын орон сууцыг авсан тохиолдолд гэсэн болзолтойгоор.
Одоо
дараагийн давалгаагаар ахмад настнуудын амыг хаахаар засгийн газрынхан
бэлтгэж байгаа гэнэ. Ингэхдээ ирэх сонгуулиас өмнө 500 мянгаар нь хоёр
удаа өгөхөөр төлөвлөжээ. Гэвч үүнээс хэдэн сарын өмнө тэтгэврийнхний
зээлийг хаах байдлаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулж ирсэн ч
олонхын дэмжлэг авалгүй унаж байсан түүхтэй. Эргэн сануулахад,
зургадугаар сарын дундуур хуралдсан Төсвийн байнгын хорооны нэгэн
хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
хуульд өөрчлөлт оруулан иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөг,
Хүний хөгжил сангийн мөнгөөр малчид, өндөр настан, жижиг, дунд үйлдвэр
эрхлэгчдийн банкны зээлийг хаах талаар тусгасан байж. Хөдөө аж ахуйн
салбарт 176 мянган малчин өрх, 640 гаруй мянган малчид байгаагийн нийт
малчин өрхийн 60 мянга нь 60 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй. Нийт 214
мянган ахмад настны 166 мянга нь тэтгэврийн зээлтэй байгаа нөхцөлд энэ
төсөл дэмжлэг хүлээх боломж өндөртэй байсан. Хэрэв үүнд дэмжлэг авч
чадсан бол малчид, өндөр настнуудыг аль хэдийн хаман авах байсан аж.
Гэвч тухайн хурал дээр бусад гишүүд өндөр настан гэлгүй цалингийн
зээлтэй иргэдийг хамруулах нь зүйтэй гэж барьцан асуудлыг хэт өргөн
болгочихсон тул унагахаас өөр аргагүй болж байсан аж.
Ингээд
хараад байхаар ирэх оны төсвийнх нь төсөл ямар нэгэн аргаар энэхүү
сонгуулийн амлалтыг хаахаар л байх аж. Өөрийг чинь оюутан ч биш, байр ч
худалдан авахгүй, тэтгэврийн насны биш байсан ч хөгжлийн сангаас танд
мөнгө өгөх ёстойг мартаагүй биз. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг чинь
даахаас гадна, татвар, торгуулийг чинь тэглэх, Төрийн санд хадгалаастай
байгаа дипломыг чинь гаргаж өгөх гээд олон сонголтууд тэдэнд бий шүү
дээ.
Иргэдэд хувь, хишиг хүртээхтэй холбоотойгоор жил бүр
төсвийн хууль баталж байгаагаас гадна Засгийн газрын нилээд хэдэн
тогтоол гаргасан аж.
- 1. 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын “Хүний хөгжил сангийн тухай” хууль
- 2.
2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний хөгжил сангаас Монгол
Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай “
УИХ-ын 99 дүгээр тогтоол - 3. 2010 оны 1 дүгээр 6-ны өдрийн “Иргэнд
хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай“
Засгийн газрын 3 дугаар тогтоол - 4. 2010 оны 4 дүгээр сарын 2-ны
өдрийн “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний
тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол - 5. 2010 оны 11 дүгээр сарын
25-ны өдрийн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх
хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 67 дугаар тогтоол - 6. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль
- 7. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль
- 8.
2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй
холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 347 дугаар
тогтоол - 9. 2011 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн “Монгол Улсын иргэн
хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн
газрын тогтоол