Дундговь Сэлэнгээс ургацаа хураана

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Дундговь Сэлэнгээс ургацаа хураана

Дундговь аймгийхан өвлийн бэлтгэлээ яаравчилж байна. Ойрын арван жилд тохиолдоогүй сайхан зун болсон ч хахир хатуу өвөл угтана гэсэн хашир малчдын таамаглал ийнхүү шамдуулсан хэрэг. Одоогоор Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймагт боодол өвсний үнэ газар дээрээ 2500 төгрөг орчим байгаа ч цаг хатуурахад 10000-аас давж үнэлэгддэг тул одооноос өвс тэжээлээ татаж авахыг сум, байгууллага, малчдад сануулж байна. Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга Дамбабазарын Чандмань ярихдаа:

-Өвс тэжээлийн үнэ ханш судалж үзлээ, Сэлэнгэд шинэ өвс газар дээрээ 2500 төгрөг байна. Чойрт ч мөн энэ анз үнэтэй юм. Манай Адаацаг сумын “Ж.Тувааннайдан захиралтай “Амьдралын туг” компани Төв аймгийн Өндөрширээтийн нутаг Хөх ам гэдэг газар  нэлээн хэдэн зуун тонн өвс бэлдээд байна. Тэндээс 100 орчим тонн өвс авахаар  тохирсон.  Үнийг мөн л газар дээр нь 2500 төгрөг гэж байгаа. Өвс тэжээлийн үнэ харьцангуй хямд байгаа энэ үед татаж авахыг сумдадаа үүрэг болголоо. Тэжээлийг өөрийн аймгийн үйлдвэрт бэлтгэхийн тулд тэжээлийн түүхий эдийг татан авах ажил эхлээд байна.

Манай аймаг түүхэндээ анх удаа төмсний арвин ургац авах нь. Тэгэхдээ Дундговьчууд энэ жилийн ургацаа Сэлэнгэ дэх талбайгаас энэ сарын 16-17-ноос эхлэн хураана. Би газар дээр нь ургацаа үзээд хэд хоног хүлээвэл  болц нь бүр сайхан болох тул хураалтыг долоо хоногоор хойшлууллаа. Ойрын өдрийн хүйтрэлтийн дараа хураахад наад зах нь 40 тонн, түүнээс ч нэлээн илүү ургац авна. Учир нь Сэлэнгэ аймгийн Баруун Хараад 12 га газар авч энд манай аймгийн Дэрэн сум, бас аймгийн ЗДТГ төмс тариалсан юм. Энэ бол нутагшсан Голланд сортын үрээр тариалсан жинхэнэ эклогийн цэвэр ургац. Энэ бол манай аймгийн хувьд том амжилт болно. Энэ нь “Ногоон хөгжил-Дундговь” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний анхны үр дүн болох юм гэлээ. Дундговьчууд шинэ ургацаа Сэлэнгээс хураах нь ээ.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж