Буугаар “тоглодог” болжээ, залуус

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Буугаар “тоглодог” болжээ, залуус

-Хэтрүүлээд хэлэхэд цэрэг, цагдаагийхан нь жинхэнэ сум тэр бүр хэрэглэдэггүй, сургуулилтын сум ашиглаж байхад энгийн иргэд нь жинхэнэ галт зэвсгээр тоглоод л байдаг нь сонин шүү-

Байрныхаа гадаа сууж  байгаад 15 орчим насны буу барьсан хүүг хараад сэтгэл сэрт хийгээд явчихав. Тэрээр аавынхаа хамт гэртээ орох гэж яваа нь энэ. Бууг ингэж хамаагүй ил барьж явдаг юм байхдаа гэж ихэд гайхаж байлаа. Ямар нэг зүйлээр битүүмжилж хүний нүднээс далд хийж явмаар санагдах ч тэд зүгээр л машинаасаа энгийн зүйл аваад гэртээ орж байгаа мэт яваад өнгөрөв. Үүнийг харсан эрэгтэй дүү маань “Хо, ямар гоё вэ, жинхэнэ буу байна” гэж хэлсэн нь намайг бүр шоконд оруулаад авлаа. Хэдхэн хоногийн өмнө цэл залуухан нэгэн  найзыхаа толгойг зад буудаж, дараа нь өөрийгөө хороосон хэрэг гарсан. Ер нь л сүүлийн үед галт зэвсгээр санаатай, санамсаргүй хэн нэгний амь хохироох тохиолдол нэлээд гарсан.  Төв аймгийн Жаргалант суманд 17 настай охин буунд өртөж амиа алдсан, хилийн цэргийн ангийн байлдагч өөрийгөө буудаж хөнөөжээ, 16 настай хүү хүн бууджээ. Эдгээр мэдээллүүдийг та хэдхэн хоногийн зайтай гарсаныг уншиж байсан биз. Ирак, Афганистан зэрэг орнуудад шашны мөргөлдөөнөөс болж  өдөр бүр буудалцаан боллоо гэж зурагтаар л хардаг байсан бол одоо “22-той залуучууд буудалцсан гэнэ” гэх мэдээг өдөр бүр шахуу сонсох нь холгүй боллоо.  

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар хүмүүсийн гар дээр найман мянга гаруй буу, галт зэвсэг байгаа гэх. Эдгээрийн 30 орчим хувь нь ангийн болон спортын зориулалтын буу аж. Галт зэвсгийн хуулийн 11.1-т зааснаар галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй  байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сумнаас тусад нь хадгална гэх заалт бий. Гэсэн ч бууг иргэд хадгалахдаа тийм ч чухалчилдаггүй бололтой. Галт зэвсэгтэй холбоотой хэргүүдийн тодорхой хувь нь санаатай үйлдсэн байдаг бол олонхи нь галт зэвсгээ сумтай байлгасан, зориулалтын газар хадгалаагүй зэргээс сум алдаж хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлууд ч гардаг. Галт зэвсгийг хадгалахдаа заавал сумыг нь салгах хэрэгтэй байдаг бол харуул хамгаалалтын газрууд тусгай саванд хадгалж, аюулгүй байдлыг хангах ёстой байдаг аж.  Тэгвэл дэлхийн бусад орнуудад гохны түгжээг хэрэглэхийг хуульчилсан байдаг. Харин манай хуулийн дагуу хадгалах хэрэглэх гэж байдаг ч тэр бүгдийг биелүүлдэг хүн ховор, биелэлтийг нь хянадаг нь ч худлаа. Тийм гэдгийг ч хамгийн сүүлд гарсан хүн амины хэрэг нотолж байна.

Галт зэвсэг хэрэглэсэн хэрэг удаа дараа гарах болсноос үүдэн нийслэлийн Цагдаагийн газраас “Гохны түгжээ” нэртэй хуулийн төсөл санаачлаад байгаа аж.  Ниргэсэн хойно нь хашгираад байгаадаа ч биш юм гэнэ. Угаас цаашид энэ мэт хэрэг өсөх хандлагатай нь статистикаар харагдаж байгаа болохоор урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авч эхэлжээ. Хэтрүүлээд хэлэхэд цэрэг, цагдаагийхан нь жинхэнэ сум хэрэглэдэггүй, сургуулилтын сумаар бууддаг гэдэг бол энгийн иргэд нь жинхэнэ сумаар “наадаад” байдаг нь сонин шүү.

Ер нь бид хүүхдээ хэн болгож хүмүүжүүлээд байна вэ гэдэг хүн бүрээс асуумаар асуулт болжээ. “РС” тоглоомын газрын байнгын үйлчлүүлэгчид нь  өсвөр насны эрэгтэй хүүхдүүд. Тэдний хамгийн их тоглодог “Counter Strike” тоглоомынх нь гол зэвсэг нь аав, ээжийнх нь өрөөнд байж байвал яах бол. Нэг л өдөр түүнийг сонирхох, шохоорхол нь дийлэхийг үгүйсгэх аргагүй.

Ямартай ч мөрийтэй тоглосных уу, тоглоомондоо донтсоных уу, залуучууд санаатай санамсаргүй  буугаар “тоглох” нь ихэсчээ. Тэр нь жинхэнэ буу шүү. Бас бодмоор байгаа биз.

Тэгвэл долдугаар сарын 1-нд иргэд рүү цагдаагийнхан буу шагайсан хэрэг гарсан. Харин дараа нь сургуулилтын сум тараасан гэж гүрийсээр л байгаа. Гэхдээ тэр хэргийг шалгах явцад цагдаагийнхны галт зэвсэг ямар ч бүртгэлгүй байдаг нь нэгэнтээ тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хэн ч, хэзээ ч галт зэвсгээ авч гараад юу ч хийх боломжтой гэсэн үг. Тиймээс л долдугаар сарын 1-нд гэмгүй иргэдийн амийг хөнөөсөн цагдаа нар хэн нь аль буугаар хэнийг хөнөөсөн бэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Энэ мэтээр хавархан галт зэвсгийн тухай хууль баталсан ч галт зэвсгээр залуус “тоглосон” хэвээрээ…

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж