Монголын өрсөлдөх чадвар сайжирсангүй

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Монголын өрсөлдөх чадвар сайжирсангүй

-Шүүхийн хараат бус байдлын индекс огт өсөхгүй, энэ үзүүлэлтээрээ Монгол Улс 139 дүгээр байранд жагссан. Төсвийн үрэлгэн байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд хангалтгүй,120 дугаар байрнаас хойш орсон байгаа-

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр дэлхийн улс гүрнүүдийн “Дэлхийд өрсөлдөх чадварын индекс”-ийг гаргадаг. Энэ судалгааны талаар Нээлттэй нийгэм форумаас танилцуулсан юм. Өнгөрсөн жил манай улс 142 улсаас 117 дугаар байрт жагссан бол энэ жил 96 дугаар байрт жагсч өрсөлдөх чадвараа ахиулсан байна. Харин зарим шинжээчид Монголын  өрсөлдөх чадвар сайжирсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм. Тиймээс уг судалгааны талаар Нээлттэй нийгэм форумын менежер Б.Мөнхсоёлоос тодрууллаа.

-Монгол өрсөлдөх чадвар сайжирсан гэх дүгнэлтэд зарим шинжээчид санал нийлэхгүй байгаа бололтой?

-Монгол Улс өрсөлдөх чадвараа бага зэрэг ахиулсан болохоос Монголын өрсөлдөх чадвар сайжраагүй. Дэлхийн 142 орноос 92 дугаар байранд орно гэдэг хангалтгүй үзүүлэлт. Дэлхийд өрсөлдөх чадварын индекс”-ийг 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Бусад үзүүлэлтийг нэмбэл нийтдээ 113 үзүүлэлтээс ерөнхий дүр зураг нь бууна. Яахав, макро эдийн засгийн орчин сайжирч төсвийн алдагдал буурсан нь өрсөлдөх чадварыг бага зэрэг нэмэгдүүлсэн болохоос зарим үзүүлэлт нь ухарсан, ихэнх нь яг хэвэндээ байгаа зүйл олон.  Монгол Улсын хувьд  шүүхийн хараат бус байдал  муу, Засгийн газрын зарлага нь их, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүй гээд олон хүчин зүйлсээрээ өрсөлдөх чадвар султай гарсан.

-Тэгээд яг юугаараа өрсөлдөх чадвараа ахиулсан гэж?

-Тоон үзүүлэлт нь харьцангуй сайжирсан. Энэ  ерөнхий индекс нөлөөлсөн байх.Уул уурхайгаас орж ирсэн мөнгөний ачаар шүү дээ. Улсын төсөв ашигтай гарсан, мөн гадаад өр зээл багассан гэх тоон үзүүлэлт Монголыг өрсөлдөх чадвараа ахиулсан гэх дүгнэлт гаргахад нөлөөлсөн байх.  Мөн түүнчлэн нялхсын эндэгдэл буурч, сургуулиудын интернет хэрэглээ, дээд болосролыг дэмжих хандлага, цалин хөлс ба бүтээмж, компанийн судалгаа, хөгжлийн ажилд зарцуулж буй хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтүүд өсөлттэй гарсан байгаа.

-Тэгвэл байр ухарсан асуудлууд нь юу байна вэ?

-Шүүхийн хараат бус байдлын индекс огт өсөхгүй, энэ үзүүлэлтээрээ Монгол Улс 139 дүгээр байранд жагссан. Төсвийн үрэлгэн байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд хангалтгүй,120 дугаар байрнаас хойш орсон байгаа.  Үүнийг олон улсын шинжээчид Монгол Улсын шүүх шударга, шуурхай бус ажиллаж олон нийтийн итгэлийг алдсантай холбон тайлбарласан байна лээ.  Төсвийн үрэлгэн байдлын хувьд эрх баригч намуудын популист амлалт, хавтгайрсан нийгмийн халамжтай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, эх орны хишиг тараах үзэгдэл. Энэ нь Монголын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлсөн. Учир нь Монгол Улс уул уурхайгаас их хэмжээний мөнгө босгож байгаа ч олсноо буруу зарцуулж, бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй үрж байгаа гэсэн дүгнэлт гаргасан байсан. Их хэмжээний мөнгийг ингэж ард иргэддээ бэлнээр тараах нь улс орны өрсөлдөх чадварыг бууруулж ард иргэд нь төрөөс хэтэрхий хамааралтай болж, нийгмийн бүтээн байгуулалт ч буурдаг талтай.

Ж.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж