Айл гэр болж тоглох нь

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Айл гэр болж тоглох нь

-С.Батболдыг У.Хүрэлсүхээр, М.Энхболдоор сольж, эсвэл бүр С.Баярыг эргүүлэн тавилаа гээд амьдрал сайжрах уу. Оюутолгойн ордын ашиг нэмэгдээд, Тавантолгойн хэлцэл “ногоон гэрлээр” урагшлах уу?-

Их сургуулийн нийгмийн ухааны багш хүн “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн хаягдал булшлах гэрээнд нууцаар гарын үсэг зуржээ” хэмээн оюутнууддаа “сюрприз” дэлгэжээ. Ер нь л цөмийн хаягдалтай нэр холбогдоогүй улстөрч, УИХ-ын гишүүн, төрийн институц гэж байхаа больж байгаа бололтой. ҮАБЗ-ийн тэргүүн хүртэл цөмийн хог хаягдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгч,”ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс яриа хэлцэл хийх, гэрээ байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох” тухай зарлиг гаргаж, Ерөнхий сайд С.Батболд үүнийг нь хүлээж аваад гарын үсэг зурсан гэнэ.

Бас нэг хэсэг нөхөд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах шаардлагаа УИХ-д гурав дахь удаагаа тавих гэж байгаа, УИХ дахь МАХН-ын бүлгийн 19 гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан тухай яриа чих дэлсэв. Чих дэлсэв ч гэж дээ, бараг л хаврын чуулган завсарласнаас хойш л тийм яриа гарч, одоо тэр нь ажил хэрэг болох шатандаа явж байгаа юм уу даа. Дээр нь Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан УИХ-ын 21 гишүүний шаардлага, Тавантолгойн ордыг 100 хувь төрийн өмчид авах тухай МАХН-ын гишүүдийн амлалт гээд энэ намрын улс төр ёстой өнгө өнгөөр “цэцэглэж” байна .    

Нэгдүгээрт, их сургуулийн багшийн оюутнууддаа санаатай ч бай, санамсаргүй ч бай дэлгэж буй энэ мэдээлэл манай нийгмийн олонхи ямар мэдээлэлд тулгуурлаж, юунд итгэж дүгнэлт хийдэг вэ гэдгийн нэг жишээ. Энэ яриа цааш дамжаад хоёр дахь, гурав дахь хүнд очихдоо “Өмнөговь аймгийн тэр сумын тийм газар цөмийн хаягдал булшилсан байна шүү” гэдэг түвшинд очих магадлалтай. Ер нь бол 2000-аад оноос өмнө, Монгол Улсын нэгдсэн төсөв 200 сая долларт багтаж, ДНБ нь 400 сая ам.доллараас хэтэрдэггүй, бүх юмны “хомсдолд” орчихоод байсан тэр үед улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн иргэдийн дунд “Ер нь энэ хүний хөл хүрдэггүй эзгүй говь цөлөө япон, солонгосчуудад түрээслээд тэр мөнгөөр нь амьдарсан ч яах вэ” гэх маягийн зүйл яригдаж л байсан. Зах зээлд дөнгөж шилжсэн, дээр дооргүй халаас хоосон нөхдүүд юухан ийхнээр ч гэсэн мөнгө олоод хөл дээрээ зогсохыг эрмэлзэж байсан нь тэр.

Дэлгүүрт нь давс, гоймон хоёр. Зах,“Тохиролцооны дэлгүүр”-үүд нь хужаагийн хямдхан хувцсаар дүүрсэн. Үүнээс өөр  нүд хужирлах юмгүй, улсын төсвийнх нь данс улайж, уурхайнууд нь шатахуунгүй, цахилгаан станцууд нь нүүрсгүй зогсчихоод байсан тэр үед төр засгийнхан ч гэсэн “Ер нь тэр хаягдлыг нь булшлаад үзвэл ямархуу мөнгө олж, түүгээр юу хийж болох вэ” гэсэн эргэлзээнд ороод байсан байж магадгүй. Гэхдээ л тэр үеэс Монголын төр анх удаа цөмийн болон химийн хортой хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогоо гаргаж, энэ төрлийн хог хаягдлыг импортлох болон тээвэрлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль тогтомжуудаа боловсруулан гаргаж эхэлсэн байдаг.

Тэгсгээд мартагдсан энэ сэдэв өнгөрөгч гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт, Фукушимагийн дэлбэрэлтийн дараа л дахин сэдэрч, болзошгүй аюул, хор хөнөөлийн тухай болгоомжлол бий болсон хэрэг. Үүн дээр нь манай уул  уурхайн салбарыг сонирхон өрсөлдөж байгаа гадаад орнуудын хатгалга, дотоодын улс төрийн сөргөлдөөн ч нөлөөлсөн байж магадгүй. Ямартай ч сүүлийн бараг нэг сарын турш цөмийн хог хаягдалтай холбоотой айдас, үүгээр дамжуулан бие биенээ яллах гэсэн оролдлого газар авч  байгаа нь энэ.

Дээр нь Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг буцаах, Тавантолгойн ордыг 100 хувь төрийн өмчид авах, ажил хийдэггүй Засгийн газрыг огцруулах энэ тэр шаардлага бол цэвэр ирэх сонгуулийг угтсан улс төрийн “P&R”-ийн асуудал болж байгаа юм. Гэхдээ энэ бүхний эхлэл эрх барьж байгаа МАН-аас эхтэй гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй биз. Мэдээж асуудлыг албан ёсоор тавиад эхэлбэл, Ардчилсан намын бүлэг дотор ч гэсэн дэмжээд гүйх хүмүүс байгаа л даа. Гэхдээ үүнийг хөдөлгөх хүч нь ганц МАН-ын бүлэгт л байдаг юм. Яагаад гэвэл тэд олонхи учраас. Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөл хүсвэл Засгийн газрыг байгуулж, бас нурааж болно. Сонгуулийн хуулийг явуулж, бас буцааж чадна. Энэ бол Монголын улс төрд тогтсон жишиг, бичигдээгүй хууль, бас дүрэмгүй тоглоом. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр улс оронд хэрэгтэй юу?

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ олонхиороо баталсан, одоо өөрчлөх тухай яриа яагаад гарах болов. Мөн л УИХ-ын олонхиор баталсан Ашигт малтмалын тухай хуульд “Төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын 50 хүртэл хувийг төрийн өмчид авах”-аар заасан, одоо яагаад 100 хувийн тухай ярих болов. Үүнтэй адил жил гаруйхны өмнө С.Батболдыг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар, дараа нь намын даргаар томилж байсан МАН-ын гишүүд одоо яагаад намын даргаа “байж болох эсэх”-эд эргэлзээд эхлэв. Учир шалтгаан нь их энгийн. Сонгууль ойртож байна. Хэн сайн тоглож, хэн сайн популизм хийсэн нь массаас “оноо” авна. Магадгүй тэр популизм нь хэтийдсэн их амжилт олоод, Засгийн газар ганхлаа гэхэд дараагийн Засгийн газарт өөрсдийнх нь суудал ч бас эчнээ харагдаад байгаа бололтой. Тиймээс л “Монголын улс төрд ирэх сонгуулийг угтсан ээлжит “марафон” эхэлжээ” гэх шинж төрх ажиглагдаад байна.

Гэхдээ төрийн эрх мэдэл, засаглал гэдэг нь өөрөө өөрийнхөө төлөө байдаг эд биш л дээ. Үр дүнг нь нөгөө л хөөрхий хүн амын гуравны нэг нь ядууралд идэгдэж, ажилгүйдэл, боловсролгүйдэлд эзлэгдсэн Монголын ард түмэн амсах болно. С.Батболдыг У.Хүрэлсүхээр, М.Энхболдоор, эсвэл бүр С.Баяраар солилоо гээд амьдрал сайжрах болов уу. Оюутолгойн ордын ашиг нэмэгдээд, Тавантолгойн хэлцэл “ногоон гэрлээр” урагшлах уу? Сайншандын үйлдвэрлэлийн цогцолборыг тэд босгож, Өмнөговийн төмөр зам өөрөө бий болчих уу? Үгүй л болов уу. Зөвхөн өөрсдийн өчүүхэн эрх ашгийг харсан улстөрчид ингэж айл гэр болж тоглох нь улс оронд ямар ашиг авчрах бол…

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж