Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 16-нд ердөө ганцхан удаа Канад, Монгол, ӨМӨЗО-ны уран бүтээлчид хамтран тоглох "Тооно” орчин үеийн бүжгэн жүжиг тайзнаа амилна. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, Монголын уртын дууч, хөөмийч, морин хуурчдыг эгнээндээ нэгтгэсэн эл бүтээлд гавьяат жүжигчин Д.Түвшинжаргал, ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, морин хуурч, хөөмийч Б.Бат-Орших болон БНХАУ-ын бүжигчин Кайхонг, Аруле, Мориген, Канадын бүжигчин Карлос Ривэра, ардын дуучин Адриан Лэй Чэйнс, Мексикийн бүжигчин Раул Таламантэс, Лейлани Франко нар тоглох юм.
Уран бүтээлчид одоогоор Хөгжим, бүжгийн коллежийн байранд сургуулилалтаа хийж байгаа аж. “Торой банди”, “Дөрвөн уул”, “Сүмбэр алтан овоо” зэрэг Монгол ардын бэсрэг уртын дууг эгшиглүүлдэг “Тооно” бүжгэн жүжгийг Монголд тоглосны дараа буюу есдүгээр сарын 19, 20-нд БНХАУ-ын Бээжин хотын “Сувдан” театрт, 21-нд Хөх хотод тус тус тоглох юм байна. Сануулахад, “Red sky” компанийн уран сайхны удирдагч Сандра Ларонд, бүжиг дэглээч Рожер Синха нар хамтран “Тооно” бүжгэн жүжгийг дэглэсэн юм.
А.Зул