Тэрбээр энэ сарын 9-нд дээрх асуудалтай холбоотойгоор зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгснөө дуулгасан юм. Зарлигт зааснаар Монгол Улсын төрийн байгууллагын аливаа нэг албан тушаалтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглосон байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Монгол Улсаас ямар нэг албан тушаалтан гадаадынхантай цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийж, яриа өрнүүлсэн тухай асуудал байхгүй байна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ерөнхийлөгчийн хувьд дээрх яриа гарсан үеэс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал тавьж, нягтлахыг үүрэг болгосоны зэрэгцээ, хэрвээ аливаа нэг албан тушаалтан гадаадын цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар ямар нэг яриа үүсгэсэн, эсвэл гэрээ хэлэлцээр хийсэн байвал холбогдох хүнд нь хариуцлага тооцох ёстой гэдгээ ч мэдэгдсэн байжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх чиглэлээр ажиллахад, тийм албан ёсны хэлэлцээр, яриа хийгдээгүй болох нь батлагдсан. Хэрвээ Монгол Улсад гадаадынхан цөмийн хаягдлаа булшлах чиглэлээр ямар нэг дарамт шахалт үзүүлэх, эс бөгөөс тулган шаардах юм бол “Энэ асуудлыг хүлээж авах боломжгүйг” хуулиар хориглосон заалтууд байгаа төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан болохыг дэлхий дахин сонсох ёстой гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн Засгийн газрын төвшинд цаашид хууль эрх зүйн хүрээгээ нарийвчлан илүү тодорхой болгох шаардлага байгааг тэмдэглэлээ. Энэ нь Монгол Улс ураны нөөцтэй, түүнийг дагаад улс гүрнүүдийн янз бүрийн сонирхол ихээр орж ирэх болсонтой холбоотой юм. Нөгөөтэйгүүр, мал эмнэлэг, эрүүл мэндийн салбарт цацраг идэвхит бодисыг их хэмжээгээр ашиглах болсон. Үүнд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлага бийг ч санууллаа.
Энэхүү арга хэмжээнд Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Мон-Атом команийн захирал Р.Бадамдамдин, Цөмийн энергийн газрын дэд дарга С.Дамдинсүрэн, мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Энхбат, Г.Баярсайхан, Я.Батсуурь нар оролцсон юм.