Оросын онгоцуудыг шинэчлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Оросын онгоцуудыг шинэчлэх шаардлагатай

Хоккейн "Локомотив" багийнхан амь насаа алдсан "Як-42" онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоохоор Ярославль хотод мөрдөн байцаалтын ажил эхэлсэн.

Ярославльд болсон сүйрэл Оросын иргэний агаарын тээвэрт онцгой өөрчлөлт оруулах хэрэгтэйг санууллаа.

Онгоцны паркийг шинэчлэх ажлыг хурдасгаж, энэ салбарын аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг Ерөнхийлөгч Д.Медведев шаардсан байна. Шинжээчид осол болсон газар цацагдсан хэсгүүдийг цуглуулж дараа нь онгоцыг бүрэлдүүлж чухам юу болсныг тогтоохыг хүсч байна.

Хоккейн багийнхан амь насаа алдсан тухай мэдээ бүх Оросын болон хоккейн ертөнцийг донсолгосноос хойш тавьж байгаа гол асуулт бол хэргийн шалтгаан юм. 16.00 цагт "Як-42" онгоц нисэх талбай дээр гарч хурдаа авч эхэлсэн. Дараа нь ямар нэгэн асуудал гарчээ. Тэр онгоц маш доогуур ниссэн төдийгүй зүг чиг заагч цамхгийг мөргөөд хүмүүс амьдардаг байшингуудаас холгүй унасан гэж нутгийн иргэд ярьсан байна.

Болсон үйл явдлыг нүдээрээ үзсэн гэрч хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Таван секундын дараа л дэлбэрэлт болсон болов уу. 10 орчим секундын дараа дахин нэг дэлбэрэлт болсон. Тэгээд л утаа гарч эхэлсэн. Түргэн тусламжийнхан харин хурдан хугацаанд ирсэн. Дараа нь цагдаа нар, сэхээн амьдруулахынхан ирсэн" гэжээ.

Ижил мөрөн дээр жижүүрлэж байсан цагдаагийнхан хамгийн түрүүнд сүйрэл болсон газар очжээ. Дараа нь онгоцны буудал орох зам дагуу байсан хууль сахиулагчид очсон аж. Тухайн үед амьд үлдсэн хоккейчин Александр Галимов, хөлгийн инженер Александр Сизов нарыг цагдаагийнхан гаргаж авчээ. Харин А.Сизов одоо гол гэрч болно. Зүгээр байсан онгоцтой, туршлагатай нисгэгч нар яагаад "Як-42" онгоцыг агаарт хөөргөж чадаагүй вэ гэдгийг тэрбээр тайлбарлана.

Болсон явдалд дэндүү олон асуулт байсаар байна. Хөлгийн хар хайрцгийн эхний уншилтаас хөдөлгүүр эцсээ хүртэл ажилласан гэдэг нь тодорхой болжээ. Одоо ОХУ-д ашиглагдаж байгаа 42 "Як-42" онгоцны аюулгүй байдлыг яаралтай шалгаж эхэлсэн байна. Онгоцны паркийн аюулгүй байдал, авиа компаниудын сертификатуудыг прокурорын газар нягталж эхлэв.

Ерөнхийлөгч Д.Медведев Ярославльд нисч очсоныхоо дараа сүйрэл болсон газар очиж амь насаа алдсан хүмүүсийг хүндэтгэж цэцэг өргөсөн. Дараа нь шуурхай албаны удирдагчидтай зөвлөгөөн хийсэн байна. Мөрдөн байцаалт дууссаны дараа орон нутгийн хэмжээнд биш, өргөн хэмжээний дүгнэлт гаргах хэрэгтэй байгааг Д.Медведев сануулав.

Иргэний нисэхийн салбарт эрс өөрчлөлт хийх асуудлыг оролцуулаад төсвөөс их зардал гарах байсан ч орчин үеийн тээврийн хэрэгсэл худалдаж авах хүртэл бүх асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Мөн Ерөнхийлөгчийн ярьснаар нисэгчдийг бэлтгэх асуудлыг ч анхаарах ёстой. Сүйрлийн шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтын ажлыг Д.Медведев өөрийн хяналтад авсан байна. Тэрбээр Ярославлийн хоккейн "Локомотив" багийг сэргээн байгуулах тухай өчигдөр болсон зөвлөгөөний үеэр мэдэгджээ. Тус клуб Ярославль хотын бахархал байсан юм. Энэ сүйрэл эртний түүхтэй уг хотыг гашуудлын байдалд оруулсан. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр сүйрэл болсон газарт хүмүүс тасралтгүй очиж цэцэг өргөж, лаа асаасаар байгаа аж.

Д.Түвшинтөр

“Нийгмийн толь” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж