
Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол–Германы Гүүр” ТББ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос Ерөнхий сайдын дэргэдэх хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монгол Улсын хөдөлмөрийн төв бирж, Монголын “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”, ХБНГУ-ын олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй нийт 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож байна. Тэдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд төвшний ажлын байруудыг иргэдэд санал болгоод байгаа аж. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад суралцагч, төгсөгчид энэхүү "Хөдөлмөрийн бирж"-д оролцсоноор өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид танилцуулах боломж нээлттэй байгаа юм. Энэхүү арга хэмжээг өмнөх жилүүдэд зөвхөн гадаадад боловсрол эзэмшсэн суралцагч, төгсөгчдөд зориулдаг байсан бол энэ удаад Монголдоо өндөр боловсрол эзэмшсэн залууст боломж олгож буйгаараа онцлог ажээ. Хөдөлмөрийн яармаг маргааш 17.00 цагт өндөрлөнө.