“Нинжа” нарыг нийгмийн даатгалтай болгоно

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Нинжа” нарыг нийгмийн даатгалтай болгоно

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам Швейцарийн хөгжлийн агентлагтай уул уурхайн салбарт албан бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан байна. Ашигт малтмалын газрын өнгөрсөн оны албан ёсны мэдээллээр манай улсад 73 мянган хүн ашигт малтмалыг гар аргаар олборлож, 100 мянган хүн орлогоо нэмэгдүүлэхийн тулд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Түүнчлэн, зарим албан бус мэдээллээр ашигт малтмал гар аргаар олборлогч буюу “нинжа” 400 мянга давсан гэх тоо ч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тухайн хүмүүс, үр хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Учир нь “нинжа” нар элдэв химийн бодис хэрэглэж байгаагаас эруүл мэндээрээ хохирч, үр хүүхэд нь ужиг өвчинтэй төрөх эрсдэл ихээхэн өндөр байдаг аж.

Түүнчлэн, хөдөө газар тэнүүчлэн амьдарч байгаа тул хүүхэд багачууд нь сургууль, соёлд хамрагддаггүй, эрүүл мэнд болон төрийн аливаа үйлчилгээ авах боломжгүй байдаг юм байна. Иймээс Швейцарийн хөгжлийн агентлаг өнгөрсөн жилээс эхэлж “нинжа” нарт чиглэсэн “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн агаад энэ жилийн хувьд салбарын яамтай хамтран ажиллахаар болсон байна.

Санамж бичгийн хүрээнд есдүгээр сараас эхлэн уул уурхайн албан бус хөдөлмөр эрхлэгчид бичил уурхайчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах ажил өрнүүлэх аж. Ингэснээр дээрх сумдад албан бус хөдөлмөр эрхлэгчид болон бичил уурхайчдын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, аймаг, дуүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдээр дамжуулан эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хувийг 50, нийгмийн даатгалд хамрагдалтыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж.

Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төсөлд Сэлэнгэ, Төв, Баянхонгор зэрэг таван аймгийн есөн сумын 3000 гаруй бичил уурхайчныг хамруулсан байна. Үүний дүнд уурхайчдыг зохион байгуулалттай болгох, нийгмийн үйлчилгээ хүргэх, эрх ашгийг нь хамгаалах албан ёсны бүтцийг дэмжих, чадавхижуулах замаар орлогоо нэмэгдүүлж, хуулийн хүрээнд ажиллах бололцоог бүрдүүлсний дотор 1800 бичил уурхайчныг эрүүл мэнд, 600 бичил уурхайчныг нийгмийн даатгалд хамруулжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж