1. Өөрөө өшиглөгч машин
Зохион бүтээгч: Joe W. Armstrong
Патентын дугаар: 6293874
Бүртгүүлсэн: 2001 оны 9 сарын 25
Хорвоо дэлхий дээр хүн төрөлхтөн юу эсийг сонирхох вэ дээ. Ер нь тэгээд бөгс рүүгээ өшиглүүлж таашаал авна гэдэг бас байж болох л зүйл. Харин өшиглөх хүн байхгүй бол яах уу? Өөрөө өөрийгөө өшиглөлтэй нь биш дээ. Гэтэл тийм биш юм аа, өөрийгөө өшиглөж болдог юм байна. Энэ бол өөрөө өөрийгөө өшиглөгч төхөөрөмж юм. Joe Armstrong гэгч мазохист нөхөр, эсвэл мазохистуудад тус хүргэх гэсэн сайхан санаатай эр энэ төхөөрөмжийн патентыг авчээ. Ажиллах зарчим маш энгийн, зурагт үзүүлсэнчлэн гарыг эргүүлэхэд араас чинь ёстой л амбаардаж өгөх нь дээ.
2. Дахин ашиглагч жорлон
Зохион бүтээгч: Thetlord Corporation (Ann Arbor, MI)
Патентын дугаар: 3593345
Бүртгүүлсэн: 1971 оны 7 сар
Дэлхий дахин цэвэр усны хомсдолд орж байгаа өнөө үед хэрэгтэй ч байж болох нэгэн патентыг танилцуулж байна. Бид бие засч дуусаад жорлонгийнхоо усыг татдаг. Харин энэ усны оронд орлуулчихаар юу байж болох уу? Хүмүүсийн толгойд янз бүрийн л санаа орж ирэх байх, харин энд нэг нөхөр үнэхээр үр ашигтай санал гаргажээ. Юу вэ гэвэл бидний биеэс гарсан өтгөн, шингэнийг шүүгээд буцааж усных нь оронд хэрэглэх юм. Энэ төхөөрөмжийг та суултууртаа суулгаснаар ус хэмнэх давуу талтайгаас гадна бүхэл бүтэн бактерийн хаант улсыг бүтээн босгож “анхилам” сайхан үнэрийг нь өдөр бүр мэдрэх нь ээ.
3. Хүн идүүлдэггүй маск
Зохион бүтээгч: Lucy L. Barmby
Патентын дугаар: 4344424
Бүртгүүлсэн: 1982 оны 8 сарын 17
Thomas Harris хүн идэгч Hannibal Lecter-ийн тухай зохиол бичсэнээс нэг жилийн дараа Калифорнийн нэгэн зохион бүтээгч сэтгэлзүйч эмч нарт зориулсан хүн идэхээс хамгаалсан маскын патентыг авчээ. Энэ маскыг зүүгээд, тайлахаас хамгаалан тусгай жижиг цоожоор цоожлоно. Цоожны түлхүүр мэдээж эмчийн халаасанд байх ба өвчтөндөө алдах юм бол дуусаа гэсэн үг. Гэхдээ энэ зөвхөн ном, кинонд л гардагаас биш бодит амьдрал дээр үнэхээр хэрэг болж мэдэх юм шүү. Мөн түүнчлэн үүнийг зомби нарт хэрэглэвэл үнэхээр үр дүнтэй.
4. Хүүхэд төрүүлэгч
Зохион бүтээгч: George and Charlotte Blonsky
Патентын дугаар: 3216423
Бүртгүүлсэн: 1963 оны 11 сар
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд ямар их өвдөж зовдгийг эрчүүд бид хэрхэн мэдэх билээ. Харин өвдөлтийг нэг их мэдрэхгүйгээр, дүлэх ч шаардлагагүйгээр хүүхдийг төрүүлэх нэгэн аппаратын патент байдаг юм байна. Энэ төхөөрөмж төвөөс зугтах хүчийг ашигладаг бөгөөд энэ хүчний тусламжтай хүүхдийг ямар ч дүлэлтгүйгээр гаргаж авна. За тэгээд хөөрхий эмэгтэйг аварга аппаратанд хүлж орхиод сансрын нисгэгчийн бэлтгэл дээр гардаг шиг эргүүлж өгнө дөө.
5. Санта Клаус илрүүлэгч
Зохион бүтээгч: Thomas Cane
Патентын дугаар: 5523741
Бүртгүүлсэн: 1996 оны 7 сарын 4
Мэдээж та болон таны хүүхдүүд Санта Клаус байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байсан цагт энэ төхөөрөмжийг ашиглаж болно. Энэ бүтээлийн гол ажиллах зарчим нь ил зуухны хажууд ёс болгон өлгөдөг оймсонд мэдрэгч хийн, хөөрхий Сантаг бэлгээ хийх тэр агшинд дуу шуу болон дохиолох явдал юм. Мэдээж дохио дуугарангуут та сэрэх ёстой бөгөөд зуухны дэргэд гэнэтийн явдалд балмагдсан цагаан сахалтай өвгөнийг яахаа өөрөө мэднэ биз ээ. Нэмж хэлэхэд настай хүнээр хамаагүй тоглоод дэмий шүү.
Эх сурвалж: http://unaga.net/