Хойд Солонгосын дийлэнх мужид хэдэн мянган хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, ундны усны бохирдлоос гэдэсний халдварт суулгалт болон арьсны өвчинд баригдсан гэнэ. Шинжээчдийн мэдээлж буйгаар Хойд Солонгост таваас доош насны гурван хүүхдийн нэг нь хоол тэжээлийн дутагдалд оржээ. НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Клауди вон Роелын хэлж буйгаар хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн өсөлт зогсч, солонгосчуудын дундаж өндрийн хэмжээ багассан нь олон жилийн хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнтэй холбоотой ажээ.
Хатуу өвөлтэй залган өнгөрсөн зуны турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас Хойд Солонгосын дийлэнх мужид цагаан будааны ургацынхаа 60 хувийг алдсан байна. Хойд Солонгос олон улсын байгууллагууд, донор орнуудаас хүнсний тусламж илгээхийг хүсч байгаа юм. Гэвч тусламжийн хүнс өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд биш, эрх баригчид болон цэргийнхэнд хүрч буйгаас хүнсний тусламжийг өлсгөлөнд нэрвэгдсэн олонд хүргэх ажиллагаанд хяналт тавих нь чухал болоод байгаа юм. Европын холбоо өнгөрсөн долдугаар сард хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн 650,000 умард солонгосчуудад 14,5 сая ам.долларын хүнсний тусламж үзүүлэхээ амласан юм. Харин тусламж иргэдэд очиж буй эсэхэд хяналт тавих талаар Европын холбоо Хойд Солонгосын удирдагчидтай хэлэлцэж буй ажээ.
НҮБ-ын төлөөлөгч Роберт Кинг өнгөрсөн тавдугаар сард хүнсний тусламжид тавих хяналтыг сайжруулахын тулд Хойд Солонгост очсон аж. Хоол хүнсний тусламж яаралтай шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад тусламж очиж буй эсэхэд НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн ажилтнууд хяналт тавьж байгаа юм.
Видеог ЭНД дарж үзнэ үү.