Ажлын хэсгийн III хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн III хуралдаан болов

Монгол-Германы  уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан Берлин хотноо энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Холбооны Эдийн засаг, технологийн яамны байранд  амжилттай  болж өнгөрөв.
 
Энэхүү хуралдаанд ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Германы талын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засаг, технологийн яамны Эрчим хүчний судалгаа, Сэргээгдэх эрчим хүч, Нүүрсний асуудал эрхэлсэн газрын дарга ноён Проф. Др. Д.Магер тэргүүлэв. Энэ удаагийн ажлын хэсгийн хуралдаанаар талууд өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны протоколын биелэлтийг хэлэлцэж, хоёр орны уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн хоёр орны уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хамтран хэрэгжүүлж буй зарим төслүүдийн хэрэгжилт болон хамтын ажиллагаанд тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Германы МБЭ-Коал & Минэралс Текноложи ХХК-ны манай МАК ХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа Нарийн сухайтын нүүрс боловсруулах төслийн ажлын явц нэн ахицтай байгааг онцлон тэмдэглэв. МАК ХК-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн  техник эдийн засгийн үндэслэлийг германы МБЭ-Коал- & Минэралс Текноложи ХХК  боловсруулсан ба энэ ондоо багтаан тоног төхөөрөмжийн шийдлийг эцэслэн тохиролцож,  уг уурхайн барилгын  ажлыг 2012 онд эхлүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн түүнчлэн ДВТ- Бусайрус ХХК манай уул уурхайн компаниудтай амжилттай ажиллаж, Оюу Толгой ХК, МАК ХК-уудад тоног төхөөрөмж нийлүүлэх 3 гэрээ байгуулаад байна. Германы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нэр хүнд бүхий дээрх компаниуд   манай уул уурхайн салбарт ийнхүү амжилттай үйл ажиллагаа явуулж эхэлснийг  тэмдэглэв.  Энэхүү хуралдаанаар талууд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Шарын гол Энержи ХК -аас шинээр санал болгосон төслүүд болон Эрдэнэт ХК-ны  цагаан тоосыг бууруулах  төслийн талаар хэлэлцэв.  Түүнчлэн хоёр орны уул уурхай, эрдэс баялагийн салбарын хамтын ажиллагааг манай орны ховор металлийн ордыг ашиглах, ашиглаад дууссан ордыг нөхөн сэргээх чиглэлд хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах монгол-германы  ажлын хэсгийн гуравдугаар хуралдаанд хоёр талаас нийт 33 төлөөлөгч оролцсон ба эдгээр төлөөлөгчдийн 18-нь хоёр талын уул уурхайн компаниудын төлөөлөгчид байсан болно. Германы уул уурхайн компаниуд Монгол Улсын уул уурхайн салбарт эрчимтэй  үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа нь энэ удаагийн хуралдаанаас ажиглагдаж байв. Холбооны Засгийн газраас 2010 оны 10 дугаар сард баталсан “Түүхий эдийн стратегийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, чухал ач холбогдол өгч  байгаа нь тодорхой  байв.  
 
Түүнчлэн Холбооны Эдийн засаг, технологийн яамнаас боловсруулсан “Түүхий эдийн салбарт хамтран ажиллах Герман-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр-/Түүхий эдийн түншлэл/”-ийг Монгол Улстай байгуулах хүсэлтэй байгааг дахин илэрхийлж, германы компаниудын сонирхолыг холбооны Засгийн газраас ч дэмжиж байгааг цохон тэмдэглэлээ.  Талууд ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдааныг 2012 оны намар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж