Авто замд 69 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Авто замд 69 тэрбум төгрөг зарцуулна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 73 км авто замын ажлыг эхлүүлснээс 2011 онд багтаан 60 км замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто замын ажлын багагүй хэсэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн авто замын газрын Засвар ашиглалтын хэлтсийн ахлах инженер С.Түмэндэмбэрэлтэй уулзаж, дараах асуултад хариулт авлаа.  

-Авто зам барих ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. Төлөвлөсний дагуу замын ажлуудыг хийж чадсан уу. Одоогоор нийт хэчнээн км замыг ашиглалтад оруулаад байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжиж байгаа авто замын 12 төсөл арга хэмжээ бий. Үүнээс тав нь манай хэлтэст хамаарна. Тухайлбал,  Баянзүрх дүүрэгт харьяалагдах Цайз захаас-Шар хад чиглэлийн 3.7 км авто замын ажил 100 хувь дууссан. Гоодойн зуслан руу барьсан авто замын үргэлжлэл нийт 3.3 км замын ажил мөн дууссан. Харин Сансарын шатахуун түгээх станцаас-Дамбадаржаа-Шадивлан хүртэлх 12.7 км авто замын ажил 80-85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ жилд багтаан дуусгана. Ажилчны гудамж буюу Гурвалжингийн гүүрээс-Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн пост хүртэлх зам барилгын ажлын явц 70 хувьтай. Одоо 600 гаруй км газрын хучилтын ажил хийгдэх юм бол төлөвлөснийхөө дагуу дуусах бололцоотой. График гаргаад ажиллаж байна.  Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа авто замын ажлууд энэ ондоо багтан дуусна гэж ойлгож болно.

-Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа авто замын ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа вэ?  

-Үндсэндээ 69 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 50 гаруй км зам барихаар төлөвлөсөн байсан, замын ажил нэлээд ахисан, гүйцэтгэл сайн явж байгаа.

-Орон сууцны хороолол дундах авто замыг шинэчлэх ажил энэ зун нэлээд хийгдсэн, одоо ч үргэлжилж байна гэх мэдээлэл бий. Ажил ер нь хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Орон сууцны хороолол доторх зам барилгын ажлын шинэчлэл 80 орчим хувьтай байна.  Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн ажилтай холбоотойгоор хоёр газарт ажил зогссон. Нэг нь Улсын их дэлгүүрийн зүүн хойд талын Гандирсын ар талын хороолол доторх авто замын өргөтгөл л дөө. Тэнд дулааны шугамын  босоо тунель хийж байгаа юм. Байгууламж газар доогуур хийгдэж байгаа учраас хүлээхээс аргагүй болсон. Хоёр дахь нь Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Оюутны хотхон дотор баригдаж байгаа замын ажил.  Энэ ажил дулааны шугамын ажлаас болоод нэлээд удсан.  Нийтдээ 50-60 метр газар дутуу байгаа, шугамын ажлыг хийчихвэл, энэ жилийн орон сууцны хороолол дотор барихаар төлөвлөсөн зам барилгын ажил үндсэндээ  дуусчихна.

-Уг нь хавар замын ажлыг эхлүүлэх үед “Дулааны шугам сүлжээний ажлаас болж, замын ажил хүлээгдэж, хойш татдаг” гэх яриа гарч байсан. Энэ алдаа дахиж давтагдаж байгаа нь юутай холбоотой юм бэ. Мэдээлэл солилцож чадахгүй байна уу, эсвэл ажлын уялдаа алга байна уу?  

 -Авто замын тухайд бол график гаргаад баталчихсан байсан ажил. Харин дулааны шугам сүлжээний хувьд төсөв мөнгө нь гэнэт шийдэгдээд хийгдэх болсноос л ажлууд давхцаж, хүлээхээс аргагүй болсон байгаа л даа. Ер нь энэ жилийн хувьд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлаас болоод зарим газарт авто зам барих ажил удааширсан тал бий.

-Жил бүр авто зам шинээр барьдаг, сэлбэдэг. Гэвч ой хүрэнгүүт дахиад л нөгөө зам дээрээ нөхөөс тавихаас аргагүй болдог. Замын чанарт энэ жил ахиц гарсан уу?

-Авто замын газраас энэ жил “Чанараа дээдэлье” гэсэн уриа дэвшүүлж, барьж байгаа зам болгоны үе шат болгон дээр лаборатори маань бүх шинжилгээгээ хийгээд дүгнэлтээ гаргаад явсан. Дээрээс нь бүх шаардлагатай үе шатны ажил дээр хяналтын инженерүүд зөвшөөрлөө өгөөд явсан учраас замын чанар урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй сайжирсан. Цаашид ч хэвшил болгоод гүйцэтгэгч компанид тавих шаардлага, гүйцэтгэгч компанийн хүлээх хариуцлагыг өндөржүүлж ажиллана.

-Тэгвэл замын компаниуд томорч чадаж байна уу. Ажиллах хүчин багатайн дээр зам барихад шаардлагатай техник хэрэгсэл нь дутуу дулимаг байна гээд нэлээд хэл ам гардаг?

-Сүүлийн үед замын компаниуд маань хөрөнгө оруулалт, инженер техникийн ажилтнууд, материаллаг бааз дээрээ их анхаарал тавьж ажилладаг болж. Түүнийгээ дагаад зам барилгын ажлын явц түргэсэх, чанартай авто зам баригдах гээд олон давуу талууд бий болж, ахиц гарч байна.  Зарим замын компаниуд маань маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хамгийн сүүлийн үеийн технологи авчирч үйлдвэрлэлд нэвтрүүлээд ажиллаж байна. Ингэснээр зардал хэмнэх, цаг хугацаа хэмнэх, эко байдлыг хадгалах тал дээр нэлээд дэвшил гарч байна аа.

-Дараа дараагийн жилд анхаармаар асуудал юу байна?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам карьерийн асуудлыг шийдээд, нэгдсэн карьертай болох талаас тусгай зөвшөөрөл лицензийн шаардлагыг хангуулаад өгвөл бидний ажилд их нэмэртэй байна. Өнөөдрийг хүртэл авто зам дээр ашиглаж байгаа материалд нэгдсэн карьер байхгүй байна шүү дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж