Ерөнхий прокурор Д.Дорлигжав хуулийн байгууллагад ажиллагсдын шүүсийг шахаж байна. Илрэхгүй, илрүүлж болох ч хүсэхгүй байгаа олон хэрэг Улсын прокурорын газарт “хадгалаас”-тай байдаг гэхэд хилсдэхгүй. Харин ардчилсан Ерөнхийлөгч “Шүүхийн шинэтгэл хийнэ” гэснийхээ дараа Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томилсон нь учир битүүлэг хэргүүдийг ном журманд оруулах эхлэлийг тавьсан гэх хүмүүс байсан. Тэрбээр Ардчилсан намын гишүүн болсноосоо хойш улс төрийн халуун цэгт албан тушаал хашиж ирсэн нэгэн. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хурандаа, генералуудыг номонд оруулж байсан гэх явган яриа ч бий. Түүнийг мэдэх хүмүүс бууж өгдөггүй, шантардаггүй, хийнэ гэснээ хийж байж салдаг гэж ярьдаг юм билээ. Хууль зөрчдөг хүмүүс нь ард түмнээс илүү эрх мэдэлтнүүд байдаг гэдэг. Үүнтэй тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д хэдэнтээ хүргүүлсэн ч бүтэлгүйтсэн. Харин одоо Д.Дорлигжав прокурор С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхний ажилтай танилцаж байгаа. Улс төрийн сүлжээ болтлоо далдлагдсан “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг илрэхээсээ өнгөрсөн” гэж олон нийт үздэг. Энэ сэтгэхүйг Д.Дорлигжав эвдэхийг үгүйсгэх аргагүй. Тэрбээр прокуроруудад хэргийг шалгах ажил муу байгааг хэлээд мэргэжлийн өндөр түвшинд ажтллахыг сануулав. Үүний зэрэгцээ анх удаа уг хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцууллаа. Энэ нь түүнийг хууль, хяналтын байгууллагыг журамлаж, илрээгүй олон хэргийг нийтэд ил болгох их ажлын байж мэдэх юм.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин