Германы нийслэл Берлин хотноо хоёр террорист АНУ-ын есдүгээр сарын 11-ний арван жилийн “ой”-д зориулан тэсрэх бөмбөг бэлтгэж, улмаар халдлага үйлдэх гэж байгаад баригдсан талаар Английн “Telegraph” сонин мэдээлжээ. Энэ талаар Германы Мөрдөн байцаах газрын хэвлэлийн төлөөлөгч “Халдлага хийх гэж байсан хоёр этгээд дөрвөн сарын хугацаанд энгийн амьдралаар амьдарч бидний дунд аймшигт халдлага хийхээр зэхэж байсныг манай хүчний байгууллагынхан эртнээс олж мэдсэн” гэжээ. Тэгэхээр Германы Мөрдөн байцаах газрын мэргэжилтнүүд яах аргагүй гавъяа байгуулсан байгаа гэж хэлэхэд буруудах зүйл ч үгүй. Хүчний байгууллагууд нь ийм зүйлд бэлэн байгаа нь гайхамшигтай хэрэг. Гэвч террористууд гэм зэмгүй хүмүүсийг золиослох санаагаа огтхон ч тавиагүй байгаа нь аймшигтай. Иймээс л араб царайтай хүн бүрийг террорист гэж хардах үндэслэл улам бүр нэмэгдэж байгаа нь эмгэнэлтэй байна.
Мөрдөн байцаагчид тэднийг бүтэн гурван сар ажиглаж, араас нь мөрдсөн аж. Энэ хугацаанд хаанаас ирсэн, хэн болох, тэд эрхэлж байсан ажил гээд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж чадсан байна. Ингэснээр Герман улсын иргэншилтэй, 24 настай лебан үндэстэн, мөн Израйлын Газа хотоос гаралтай 28 настай хоёр залууг есдүгээр сарын 11-нд зориулан бөмбөг тэслэх гэж байсныг олж тогтоожээ. Мөрдлөгийн явцад хоёр террорист өөрсдийн ажиллагааг маш нарийн зохион байгуулж байснаас харахад тусгай мэргэжлийн, бэлтгэгдсэн террористууд байх магадлалтай хэмээн мөрдөгч нар эмээж байжээ. “Ассошейтд пресс” агентлагийн мэдээлж буйгаар Английн тал өнгөрсөн зургаадугаар сард уг хоёр этгээдийн талаар Германы талд мэдэгдсэн аж. Учир нь Английн Аюулгүй албаныхан уг хоёр террористтой холбоотой байж болох нэгэн залууг Манчестераас баривчилсан аж. Тэдний амьдарч байсан гэрээс 17 ширхэг гар бөмбөг, АК-47 калашников гурван ширхэг, алсын удирдлагатай тэсрэх бөмбөг найман ширхэг байсныг хураажээ. Хачирхалтай нь эдгээр тэсрэх бөмбөг нь гар утсаар дамжуулсан алсын удирдлагатай бөгөөд дуудлага ирэх тоолонд, төдийгүй дууны өндөр намыг ихэсгэж багасгах үед автоматаар цэнэглэгдэж байсныг Германы мэргэжилтнүүд онцолсон байна. Тэд байцаалтын явцад ганц ч үг дуугараагүй гэнэ. Одоогоор Германы хүчний байгууллагаас иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг сануулсан бөгөөд сэжигтэй тохиолдол гарвал шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсчээ.
Английн Аюулгүйн зөвлөлийн албаны хэвлэлийн төлөөлөгч “Ирэх зун манай улсад зуны олимп болох гэж байна. Бид бүхий л чадлаараа аюулгүй байдлыг хангах болно. Олимпийн үеэр нийт 800 мянган харуул хамгаалалтад гарах тул санаа зовох хэрэггүй” гэж мэдэгджээ. Гэвч ийн сануулж хэлсний зоргоор санаа амрах нь юу л бол. Учир нь сүүлийн хэдэн сард Англи улсад хандсан террорист заналхийлэл газар аваад байгаа юм. Англичууд Германы Аюулгүйн албатай хамтарч ажиллах санал тавьсан удаатай. Харин Германы зүгээс тодорхой хариу өгөөгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд болсон эл үйл явдал германчуудын санааг ихэд зовоох болсон талаар тус улсад ажиллаж буй “Ассошейтд пресс” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Зөвхөн Герман ч төдийгүй Европ болон АНУ тэргүүтэй барууны орнууд исламын орнуудын ээлжит халдлагаас сэрэмжлэх болов. АНУ-ын Террористуудыг шинжлэн судлах төрийн бус байгууллагын үзэж буйгаар “Террористууд Пакистан, Афганистан, Энэтхэг зэрэг орнуудад халдах болсныг Америкийн Ерөнхийлөгч Б.Обамагийн Афганистан, Иракаас цэргээ татах шийдвэртэй холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ үүнд итгэхэд бэрх ч гэлээ яах аргагүй террористууд дээрх орнуудыг онилоод байгаа нь үнэн юм.
Герман улсын Батлан хамгаалах яамны сайд Томас дэ Майцьюр “Манай улсын батлан хамгаалахын салбарт томоохон өөрчлөлт оруулсан АНУ-ын террористтой тэмцэх албаныханд талархаж буйгаа илэрхийлье. Өнгөрсөн арав гаруй жилд манай цэргүүд олон зүйлийг суралцсан. Мөн Дотоодоос хамгаалах аюулгүйн албаныхан, Мөрдөн байцаах газрынхан гээд батлан хамгаалахын салбарт томоохон өөрчлөлт хийгдсэн” гэж мэдэгдсэн юм. АНУ-аас суралцсан нь зөвхөн Герман биш тул барууны ертөнц нэлэнхүйдээ терроризмтэй тэмцэх арга барилд суралцсан гэж дүгнэвэл үнэнд ойртоно байх. Ямартай ч хүн төрөлхтөн терроризмын эсрэг байгаа нь ойлгомжтой. Энэ удаа германчууд болох гэж байсан хадлагыг таслан зогсоож чадлаа. Магадгүй дараагийн хүнд сорилт англичуудын өмнө тулгарч болзошгүй юм. Гэтэл “Хуулийн цоорхойг ашиглан хууль зөрчихтэй адил дайн, байлдааны өөдөөс барих эсэргүүцлийн нэг арга бол терроризм” гэх Исламын зарим нийгмийн зүтгэлтний тодорхойлолт байдаг. Гэсэн ч дайн, байлдааныг энхийн замаар шийдэх ёстой болохоос улам өдөөн турхирч аллага үйлдэх нь гал дээр тос хийхтэй л адил үйлдэл юм. Терроризм гэдэг ойлголт одоогоос арван жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-д бүх америкчуудын тархинд хэзээ ч мартагдахгүйгээр суусан. Хэдийгээр 1993-2001 оны хооронд террорист гэдэг ойлголт бий болсон ч есдүгээр сарын 11-ний өдөр шиг дэлхий нийтийг цочролд оруулж байсангүй. “Энэ бол исламын ертөнцийн америкчуудад барьж буй том хариу” хэмээн тайлбарлах нь ч бий. Гэхдээ мэдээж хүн төрөлхтөний хувьд маш аймшигтай алан хядлага мөн үү гэвэл мөн. “Хүн нүгэл хийсэн л бол түүнийхээ хариуг заавал хүртэх ёстой” гэх ойлголт тэдний дагаж мөрддөг “Коран” сударт ч байдаг шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин