Тиймээс “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг орон сууцны зээлийн урьдчилгаа хэлбэрээр авах, одоо авсан байгаа зээлийнхээ төлбөрт шилжүүлэх зорилготой хүмүүс хүсэлтээ чухам хэзээнээс эхэлж, аль байгууллагад өгөх зэрэг иргэдийн мэдэхийг хүсэж буй асуултад хариулт авахаар холбогдох байгууллагаар орлоо. Ингээд Засгийн газраас гаргасан мэдээлэлд “Иргэдийн хүсэлтийг тухайн орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаар дамжуулан Орон сууц, санхүүжилтийн корпорацид хүргүүлнэ” гэсэн байсны дагуу уг корпорацийг зорилоо. Корпорацийн Зээлийн газрын дарга М.Уламбаяртай уулзахад тэрбээр “Уг ажилд зарцуулах мөнгийг ирэх оны төсөвт суулгах болов уу. Гэхдээ чухам хэзээнээс эхэлж иргэдийн хүсэлтийг хүлээн авах нь тодорхойгүй байгаа. Энэ оны хувьд бэлтгэл ажлуудыг хангах жил байх бололтой. Иргэдийн хүсэлтийг хэзээ, хаана хүлээж авах тухай шийдвэрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргана байх” гэсэн хариултыг өгөв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд мөн л “Энэ асуудалд тодорхой хариулт өгөх боломж одоогоор байхгүй байна” гэдгээ хэлсэн. Ерөнхийдөө бүгд л Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа бололтой. Олон асуудал иргэдэд тодорхой бус байгаагийн адил холбогдох байгууллагуудад ч “Ингэнэ. Тэгнэ” гээд хэлчих хариулт одоогоор байхгүй байгаа юм байж.
Дашрамд дурдахад, Орон сууц, санхүүжилтийн корпорациас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журамд холбогдох газруудын саналыг авч, журмыг боловсруулж дуусаад Засгийн газарт хэдийнэ хүргүүлээд байгаа гэнэ. Тэгэхээр Засгийн газрын ойрын хугацаанд хэлэлцэх асуудлын нэг нь энэхүү журам байж магадгүй нь. Хэрвээ энэхүү журмыг батлахын зэрэгцээ иргэдэд байр авахад нь зориулж олгох нэг сая төгрөгийг яг хэзээнээс өгөхийг шийдчихвэл Засгийн газарт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэхээс өөр арга зам үлдэхгүй нь бололтой. Учир нь иргэдийн худалдан авах боломжоор баталгаажсан эрэлтийг хангах хэмжээний орон сууц байхгүй, барьж эхлээгүй байгаа гэдгийг Орон сууц, санхүүжилтийн корпораци төдийгүй Монголын Үндэсний барилгын ассоциацынхан хэлсэн юм. Зургаан хувийн хүүтэй зээл олгох журмын дагуу болон “Хүний хөгжил сан”-ийн мөнгөөр авах байрны аль, аль нь шинээр хэрэгжих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц байх учиртай юм. Ямартай ч уг хөтөлбөрийн эхний хэсгийн барилгыг барих асуудлыг арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон. Тэгэхээр төсөл хэрэгжиж, эхний барилга ашиглалтад орох хүртэл Засгийн газрын шийдвэрийн үр дүн бодит амьдрал дээр биеллээ олох хараахан болоогүй байна.
"Улс төрийн тойм" сонин