ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Байгалийн эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Орос оронд инновацийг хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү форумын гол зорилго оршино” хэмээн тодорхойлжээ. Хятадын Үндэсний ардын конгрессын Санхүү, эдийн засгийн хорооны тэргүүн Ши Сяуши ч мөн Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж, бизнесийн орчинг сайжруулах тухай онцолсон байна. Гэхдээ энэ бүх албан ёсны хуурай үгний цаана улс орон бүр өөрийн ашиг сонирхлыг гаргаж тавихыг хүсэл нь цухалзсаар байна. Тухайлбал, Хятадын төлөөлөгчид Оросыг хил орчмын нутгууд дахь хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихийг санал болгож байгаа. Энэ удаагийн Байгалийн эдийн засгийн форумын гол онцлог нь АСЕАН-ы орнууд төлөөлөгчөө илгээсэн явдал. Зүүн, хойд Азийн орнуудын нийгэмлэгийн гишүүн орнууд энэ жил анх удаа энэхүү форумд оролцож байгаа аж. Сибирийн хөгжил Ази, Номхон далайн бүс нутагт хамаарна гэдэг утгаараа энэхүү эдийн засгийн форумын ач холбогдлыг нэмэгдүүлсэн ч байж болох юм. Орос улс байгалийн хий, газрын тосны экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн үед Европын зах зээлээс хараат байхаа болихыг эрмэлзэх болсон Кремлийн удирдагчид Хятад, Өмнөд Солонгосын зах зээл рүү түүхий эдээ гаргахын тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэхдээ тэдний төлөвлөсөн ажил тэр бүр бүтэмжтэй болж байсангүй. Тухайлбал, Хятадын Засгийн газартай үнийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүйгээс болоод тус улс руу байгалийн хий дамжуулах хоолой байгуулах төслийн ажил удааширсан. Хөрш орон гэдэг утгаараа Оросын энэхүү сонирхолд манай орон ч хавчуулагдах нь бий. Өмнөд Солонгосын зах зээл рүү байгалийн хий дамжуулах хоолой барихдаа Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудал нэг хэсэг хүчтэй тавигдаж байсан билээ. Харин энэ удаагийн Байгалийн эдийн засгийн форумын үеэр эрчим хүчний салбарын асуудлыг хөндөж тавих учир дээрх яриа ч сөхөгдөж мэдэх юм.
Форум уулзалт нийт гурван өдөр үргэлжилнэ. Дашрамд дурьдахад, Байгалийн эдийн засгийн форумын үеэр “Ирээдүйд би ийм газар амьдрахыг хүсч байна” гэсэн сэдэвт зургийн үзэсгэлэн гарах юм. Үзэсгэлэнд Монгол, Орос, Хятад зэрэг орны хүүхдүүдийн бүтээлийг тавьж, сонирхуулахаар болсон байна.
"Улс төрийн тойм" сонин