Архангай аймагт улаанбуудайн болц оройтжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Архангай аймагт улаанбуудайн болц оройтжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, тус яамны
Га­зар тариалангийн бодлогын хэ­рэгжилтийг зохицуулах газ­рын дарга
Л.Баяртулга, “Та­­­риалан эрхлэлтийг дэм­­жих сан”-ийн захирал
Л.Дүйн­­хэржав, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дар­­га Г.Ням-Осор
тэргүүнтэй албаныхан өнгөрсөн ням гарагт Архангай аймагт ажиллаа.

Архангай аймгийн нутгаар энэ жил зуншлага сайхан байсан нь харваас илт.
Өвс ногоо өндөр, сахлаг ургаж, үүний хэрээр мал тарга тэвээрэг сайн
авсан ажээ. Зуны саруудад хур бороо ихтэй байсан нь ногооны гарцыг
сайжруулсан ч  тариа, буудайн болцыг удаашруулахад хүр­гэжээ. Тиймээс ч
аймгийн хэмжээнд ургац хураалтын ажлыг ойрмог­хоноос  эхлүүлээд байгаа
гэнэ. Архангай аймаг газар тариалангийн бүс нутгийн тоонд ордоггүй ч
гайгүй олон мянган га-д улаанбуудай тариалдаг. Энэ жил л гэхэд 4000
орчим га-д улаан буудай тариалсан.

Зөвхөн Сэлэнгэ аймаг дангаараа 140 гаруй мянган га-д тариалалт хийсэн
гээд бодохоор уг тоо  харьцангуй бага санагдах нь бий. Т.Бадамжунай сайд
ч “Архангай аймгийн хувьд тариалалт хийж байгаа талбайн хэмжээгээ
нэмэгдүүлэх бүрэн бололцоо бий. Эргэлтийн талбайгаа дор хаяж 10 мянган
га-д хүргэх хэрэгтэй. Энэ жил 4000 га-д уринш хийсэн нь ч чамлалттай
байна. Үүнээс илүү талбайд тариалалт хийх боломж  бий. Харин түүнийгээ
ашиглаж чадахгүй байна” гэж байсан.  Архангай аймгийн хувьд өнгөрсөн
жилээс эхлэн газар тариалангийн ажлыг идэвхижүүлж, 4000 га-д тариалалт
хийгээд байгаа нь энэ аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг
дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй хүмүүсийн хамгийн эхэнд очсон газар бол
“Хасу шим” ХХК-ийн тариалангийн талбай. Тус компанийнхан өнгөрсөн жил
шилдэг тариаланч аж ахуйн нэгжээр шалгарсан туршлагатай хамт олон.
Компанийн захирал А.Цэрэндорж “Энэ жил 600 га-д элит үрийн улаан буудай,
15 га-д төмс, 100 га-д овьёос, 20 га-д ногоон тэжээл тарьсан. Манай
компани “Атрын III”  аяны хүрээнд техник, хэрэгслээ шинэчилсэн. Тиймээс
энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Ургацын хэмжээ жил ирэх тусам
нэмэгдэж байгаа. Технологи сайжирсан нь үүнд нөлөөлсөн” гэв. Мөн тэрбээр
энэ жил  нэг га-аас 18 центнер ургац хураах төлөвлөгөөтэй гэдгээ онцолж
байв. Учир нь 18 центнер гэдэг  аймгийн хэмжээнд нэг га-аас хамгийн
өндөр ургац хураасандаа орох ажээ. Гэхдээ одоо ургацаа хурааж бараг
эхлээгүй, ангилан хадалт хийж байгаа нь мөнөөх л буудайн болц
ойроотсоноос үүдэлтэй гэнэ. Өдий цагт шаргалтаж байх ёстой тариан
талбайн зарим хэсэг нь ногоон өнгөөр халиурч байх жишээтэй. Гэхдээ
ногоон өнгөтэй хэмээн онцлоод байгаа талбай нь овъёосных аж. 
Улаанбуудайн болц нь овьёосыг бодвол харьцангуй сайн байгаа ажээ. Үүний
дараа Архангай аймгийн хэмжээнд хамгийн их улаан буудай тариалсан
Төвшрүүлэх сумын “Багахангай”,  “Бэрэн” ХХК-ийн болон дундын аж ахуйн
талбайгаар орлоо. Архангай аймгийн ууган таван сангийн аж ахуйн нэг энд
үйл ажиллагаа явуулж байжээ. Хаашаа л харна шаргалтан харагдах тариан
талбайн 900 орчим га нь  “Багахангай” компанийн эзэмшил бол 500 га нь
“Бэрэн” компанийнх Эдгээрээс  гадна 100 гаруй га-д улаан буудай
тариалсан дөрвөн иргэн ургацаа хураах гээд бэлтгэлээ базааж суугаа аж.  
Тэд мөн л “Энэ жил буудайн болц оройтож байна” гэсээр угтав. Тариа нь
“Хасу шим”-ийнхийг бодвол харьцангуй намхан ургасан байсан. Энэ нь
тухайн буудайны сорт, тариалсан үр зэргээс шалтгаалдаг ажээ.
“Багахангай” ХХК-ийн захирал Б.Жавхлант “Ургац хураалт  эхлээд 3-4 хонож
байна.  Тарианы болц оройтож байна. Найман сард их хэмжээний бороо
орсон. Зарим нэг хэсэг нь болоод зарим хэсэг нь нойтон байгаа. Ер нь
нэлээд хүндрэлтэй байгаа гэж болно” гэсэн юм. Төвшрүүлэх сумын
тариаланчид “Хасу шим” компанийнхны адил ангилан хадалт хийж байгаа аж.
Түүнчлэн нэг га-аас 12-13  центнер ургац хураах төлөвтэй байгаа гэнэ.
Хураасан ургацаа мөн л улсын нөөцөд өгөх юм байна. “Багахангай”
компанийн хувьд “Үтрэмийн техник, хэрэгсэл хуучирсан” гэсэн бэрхшээлийг
албаны хүмүүсийн сонорт хүргэж байсан.  Арга ч үгүй юм.  “Багахангай”
компанийг хуучин сангийн аж ахуйн суурин дээр 1992 онд байгуулсан бөгөөд
техник нь 20 гаруй жилийн “нас”-тай аж. Гэхдээ л одоогоор өөрийн
техникээр үйл ажиллагаагаа явуулж дөнгөөд байгаа ажээ. Энэ үеэр нийт
тариаланчдаас шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор зардал хэр
нэмэгдсэнийг тодруулахад “Зардал 15-20 хувиар өссөн” гэдэг хариултыг
өгсөн. Гэсэн ч нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр борлуулахаар
болсон нь тэдний хувьд чамлаад байхаар зүйл биш ажээ. Бидний очсон
тариан талбайн багагүй хэсгийг мөндөрт цохиулсан гэсэн. Мөндөрөөс гадна
шувуу, үхэр мал ч ургацаас нь хороож байгаа гэж байлаа. Нээрээ л энд
тэнд сүрэглэн нисэх тогоруу улаан буудай тариалсан талбайг өөрсдийнхөө
“диваажин” болгосон нь илт. Тариаланчдын хэлж буйгаар сүрэг тогоруу
буугаад нисэхэд тэр хавийн талбайд нь хураагаад байхаар зүйл үлддэггүй
ажээ.

Архангай аймгийн Ерөнхий аграномич Ө.Энхтуяагаас дараах асуултад хариулт авлаа.
    
-Архангай аймгийн хэмжээнд 4000 орчим га-д тариалалт хийсэн гэж байна.
Яг хэдэн га-д нь улаан буудай, хэдэн га-д төмс, хүнсний ногоо тариалсан
бэ?

-Аймгийн хэмжээнд 3050 га-д улаан буудай, 438 га-д төмс, хүнсний ногоог
135 га-д тариалсан. Нэг га-аас 18 центнер ургац хураана гэсэн урьдчилсан
балансыг гаргасан байгаа. Тарианы болц нэлээд оройтож байгаа гэдгийг
тариаланчид маань хэллээ. Хэд хоногийн өмнө бага зэрэг цас орж, хяруу
унасан юм. Тиймээс одоо болцоо хүлээгээд байж байна.

-“Нийт нутгаар энэ сарын 15-наас эхэлж  цочир хүйтэрнэ” гэж Ус, цаг уур,
орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа. Тэгэхээр үүнээс өмнө
ургацаа хурааж амжих уу?

-Болцоо хүлээхийн хажуугаар тарианыхаа түрүүчээр ороод ангилан хадалт
хийж байгаа юм. Энэ сарын 15-аас  өмнө ургацынхаа нэлээд хэсгийг
хураачих байх. Техник, технологийн хүрэлцээ ч сайн байгаа.

-Тэгвэл үр тариагаа борлуулах, хадгалах тал дээр?

-Үр тариагаа Өвөрхангай аймгийн Хар хорины улсын нөөцөд болон “Тариалан
эрхлэлтийг дэмжих сан”-д өгчихдөг. Тиймээс борлуулахад асуудал байхгүй.
Аймгийн хэмжээнд тариалсан төмс, хүнсний ногоогоо хадгалах зоорьтой
болсон.  “Агропарк” хөтөлбөрийн хүрээнд сум болгонд 20 тоннын
багтаамжтай зоорь барьсан. Дээр нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн зоорь ч
байгаа.

-Архангай аймгийн тариа­ланчид салбарын яамнаас олгож буй зээлд хэр хамрагддаг юм бэ. Одоо зээлээ төлж дуусч байна уу? 

-Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгч байгаа
хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Уринш хийх үеэр болон хаврын тариалалтын
үеэр авсан шатахууны зээлээ намрын ургацаасаа өгдөг. Энэ жил ургацын
байдал сайн байгаа учраас авсан өр зээлээ дарчих болов уу.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж