”Эрх баригчид хэн ялахыг тохирчихсон байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

”Эрх баригчид хэн ялахыг тохирчихсон байгаа”

Н.УДВАЛ: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫНХАН АЛЬ ТОЙРОГТ ХЭН ЯЛАХЫГ ТОХИРЧИХСОН БАЙГАА


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ынхан “Тусгаар тогтнол”-ын ордонд орох талаар ярьж байгаа юм уу?

-Манайх “Тусгаар тогтнол”-ын ордонд орохгүй шүү дээ. Намын ахмад гишүүдийн дунд ийм яриа болсон юм билээ. Энэ ордон МАХН-ын ахмад гишүүдийн хүч хөдөлмөр, оюун бодол шингэсэн гэдэг утгаараа ярьсан байх. Ер нь нам өөрийн гэсэн байртай байх нь зохимжтой биш. Учир нь намууд ижил, тэгш гараанд байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Ямар ч байсан намын байрыг улсын төсвөөр барих нь буруу гэж боддог. МАХН-ын байрыг шатаасан буруутай этгээдийг тогтоогоогүй байж төр татвар төлөгчдийн мөнгийг гаргаж буй нь их хариуцлагагүй үйлдэл юм. Үүнтэй уялдуулаад манай нам 2008-2012 онд улсын төсвийг хэрхэн зарцуулсан талаар бүх аймаг, сумдын төлөөлөл оролцсон хөндлөнгийн аудит хийсэн. УИХ дөрвөн жилийнхээ бүрэн эрхийн хугацаанд сонгуулийн өмнөхөн мэдэг­дэл гэж гаргадаг. Энэ үед бид хөндлөнгийн аудитыг бүх салбар, аймаг, сумаар нь гаргаж тавих ажлыг эхлүүлэх гэж байна. Ингэвэл шударга ёсонд илүү нийцнэ.

-Тэгвэл Ардын намтай өмчөө булаацалдах асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?

-МАХН-ын зүгээс албан ёсоор ийм яриа гаргаагүй. Цаашид зөвхөн “Тусгаар тогтнол”-ын ордон ч биш бусад салбарт төсвийн мөнгийг зөв зарцуулж байна уу гэдэгт анализ хийж, гаргаж тавих болно.

-Танай нам сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн төлөө­лөгч ажиллуулахаар болсон. Эдгээр төлөөлөгч хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Ардын нам, Ардчилсан намынхан аль тойрогт хэн ялж, хэн, хэнийг гаргах вэ гэдгийг тохирчихсон байгаа шүү дээ. Тухайлбал чи, бид хоёр нэг тойрогт нэр дэвшихээр болбол чиний гутал, хувцас, хөөрөг энэ тэрийг нь бэлтгэж өгөөд хоёулаа тойрог руугаа хамт явна. Үүний эцэст би ялахыг аль, аль нь мэдэж байдаг. Харин ялагдсан чамд өөр албан тушаал амласан байх жишээтэй. Хүн харахад өрсөлдөөд байгаа ч юм шиг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хоорондоо тохиролцчихдог. Одоо хэн нь Ерөнхий сайд болох вэ гэдгийг ч ярьчихсан байгаа байх. Иймээс л үүнийг эсэргүүцэж сонгуулийн тооллого болж буй хэсэг бүрт иргэдийн хөндлөнгийн хяналтыг ажиллуулна. Сонгогчийн саналыг үнэн, зөв тусгах тогтолцоог бий болгоно.   

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар тооллогын явцад хөндлөнгийн хяналт гэж байдаг шүү дээ?

-Хяналт тавиад ч хүлээж авдаг газар байдаггүй. Одоогийн тогтолцоогоор сонгуулийн үеэр ямар нэгэн маргаан гарвал санал тоолсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ хугацаанд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй хүмүүст мөнгө өгөөд хурлын ирцийг хүргэхээргүй болгочихдог. Хуулийн хугацаанд авч хэлэлцээгүй учир маргаан шийдвэрлэгддэггүй. Тиймээс үүнийг л засах гээд байгаа юм. Энэ бол нэг хүний асуудал биш.

-Танай нам хяналтын механизмыг ажиллууллаа гээд УИХ-ын 2012 оны сонгууль луйвар, булхай гарахгүй гэдэг итгэлтэй байна уу?

-Үүнийг л харин илрүүлж, зөв явуулахын төлөө ажиллана. Ер нь ард түмэн мөнгө өгсөн хэн нэгэнд нь санал өгдөггүй юм билээ. Тэд саналаа өгдгөөрөө өгдөг боловч хамгийн гол нь саналыг нь засчихдагт учир байна. Ингэж сонгууль явуулж байхын ород мөнгөөрөө наймаалцаад нэг, нэгийгээ гаргачихсан нь бараг дээр биз дээ.

-“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Энэ хөдөлгөөн сонгуулийг шударга явуулахад иргэдийн хөндлөнгийн хяналтыг бүрдүүлэх юм.   

-Нэг аймаг, суманд гэхэд хэдэн хүн хяналт тавьж ажиллахаар байна?

-Одоогоор төслийнхөө тооцоо, судалгааг хийж байна. 

-Сонгуулийн тогтолцоог ши­нэчлэх гэж УИХ-дахь хоёр намын бүлэг хэлэлцсэн боловч зөвшилцөж чадаагүй. МАХН-ын хувьд аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Бид пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа. Ер нь сонгуулийн тогтолцоо ямар ч байсан сонгуулийг шударга явуулбал шударга төр байгуулагдана. Бидэнд ийм л төр хэрэгтэй шүү дээ. Энэ ч утгаараа санал луйварддаг хэсэг рүү илүү анхаарч байна.

-Та УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших үү. Намаа төлөөлж хэн, хэн нэр дэвших юм бэ?

-Бид маргааш нам дотроо томоохон хэлэлцүүлэг хийх гэж байна. Шинэчлэгдсэн МАХН-ыг хэрхэн Монгол Улсын тэргүүлэх улс төрийн хүчин болгох арга замын тухай ярилцах юм. Мөн сонгуульд хэн, хаанааас хэрхэн нэр дэвших вэ, намынхаа мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ойлгуулах вэ гэдгийг шийднэ. Миний хувьд ганцаараа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж гишүүн болох нь гол биш. Харин намаа яаж олонхи болгох вэ гэдэг нь чухал.

-МАХН-ынхан Ардын намын гишүүдийг эгнээндээ нэгтгэж байгаа. Хэр амжилттай байна вэ?

-Би саяхан Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий зэрэг сумаар очиход хөдөөгийнхөн МАНХ-ыг Ардын нам болсноо мэдэхгүй байна лээ. Тэгэхээр намын гишүүдийн хувьд МАХН нь сэтгэл зүрхэнд нь хэвээрээ байгаа юм билээ. Нөгөө талаас 100-т байгуулаад явж байхад Ардын намаас олон гишүүн орж ирэхийн сацуу Ардчилсан намаас МАНАН-г эсэргүүцдэг хүмүүс манайд орж байна. Тиймээс ирэх сонгууль шударга, шударга бус, үнэн, худлын дунд болох байх гэсэн ойлголттой байгаа.

-Н.Энхбаяр дарга Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзаж, хамтрах талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Уулзсан, уулзаагүй гэдэгт дүгнэлт өгөх хүн нь би биш. Бид иргэдэд 1.5 сая төгрөг өгч амлалтаа биелүүлж, дараа нь Оюутолгойн луйврын гэрээг засаж, Тавантолгойг ард түмэнд өгөх, хариуцлага алдсан дарга нартаа хариуцлага тооцчихвол Ардын намынхантай эвсэнэ гэдгээ хэлсэн. Намын дарга энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн байгаа.

-МАХН-ын дэд дарга асан Ц.Шинэбаяр “Хэрэв Ардын намтай эвсэх гэж байгаа юм бол энэ нь шинэчлэл болж чадахгүй” гэж хэлээд гарсан шүү дээ?

-Ц.Шинэбаяр дарга “Хамуг Монгол” эвслийг шинэ жилийн өмнө байгуулсан юм.

-Тэгвэл дэд даргаар ажиллаж байхдаа энэ эвслийг байгуулсан гэж үү?

-Тэгсэн. МАХН-ын Түр штаб байгуулсны дараа энэ эвслээ байгуулж байсан. Тэр үед МАХН-ын Түр штабын ерөнхий зохицуулагч нэрээр “Хамуг Монголын тунхаг”-ийг гаргасан. “Энэ тунхаг зарим талаараа алдаатай байна. Тиймээс үүнийг намын хамт олон хариуцахгүй. Харин та намын ерөнхий зохицуулагч гэж намын нэрийг ашиглаж ийм тунхаг гаргаж болохгүй. Тунхаг дотор фашист маягийн үзэл байна шүү” гэж тухайн үед хэлж байсан юм. Тэгээд янз бүрийн шалтгаанаар дэд даргын албаа өгч, намаасаа татгалзсан. Энэ бол хувь хүний асуудал. Ц.Шинэбаяр гишүүн намаас гарлаа гээд бидэнд хохирол учирна гэж бодохгүй байна.

-С.Молор-Эрдэнэ М.Энхсай­хантай нийлж байгаа болохоор МАХН-ыг орхихоор болсноо хэлж байсан. Ер нь тухайн үед МАХН-д яг юу болсон юм бэ?

-С.Молор-Эрдэнэ “М.Энхсай­хантай нэгдэх гэж байгаа бол гарлаа” гэсэн бол энэ улстөрч хүний үг биш байна. Үнэхээр шударга ёсыг тогтооё гэж бодсон л бол ямар ч хамаагүй аргаар тогтоох л ёстой. Бид ямар нэгэн намтай нэгдэхгүй, эвсэнэ. Зөвхөн шударга ёсны төлөө гэж байгаа улс төрийн хүчинтэй шүү.

-МАХН-аас өрх тусгаарласан дарга нар нам байгуулах талаар ярьж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

 -Нам байгуулаад сайн ажиллаж, амжилт гаргаасай л гэж бодож байна. Гэхдээ фашист нам биш бол болж байгаа юм.

-Парламентад сууж байгаа Ардын намын гишүүдээс МАХН-ын явуулж буй үйл ажиллагааг “зөв” гэж дэмжиж, уулзаж байсан хүн байгаа юу?

-МАХН-ын 45 гишүүн одоо УИХ-д байгаа шүү дээ. Ардын намын гишүүн болсон хүмүүс нь бие даагчид юм. УИХ-ын тухай хуулиар ийм байгаа. Саналын хуудаст бичигдсэн нэрээрээ УИХ-д бүлэг байгуулдаг. Хэрэв энэ нь өөрчлөгдсөн бол бие даасан гишүүд л болдог хуультай. “Эх орон, ардчилал” эвсэл 2004 онд задрахад яг энэ байдал бий болж, бүгдээрээ бие даагчид болсон юм.

-Монголын Ногоон нам, Иргэний Зориг намтай нэгдэж, МАХН  мөн л бусад улс төрийн  хүчинтэй эвсэж ирэх сонгуульд хүч үзэхээр зэхэж байна. Та 2012 оны сонгуулийн талаар ямар таамаг дэвшүүлж байна?

-Монголын Ногоон нам, Иргэний Зориг намыг албан ёсоор нэг нам гэж үзэхгүй байгаа. Аливаа нам нэгдэхдээ хоёр намынхаа их хурлыг хийж, татан буугдах ёстой байдаг. Гэтэл татан буугдах шийдвэр нь аль, алинаас нь гараагүй. Тиймээс тэднийг гуравдагч хүчний байр суурь гарган оролцож чадахгүй гэж бодож байна. Харин МАНАН ба “МАХН дээр нэмэх нь бусад гэсэн хүчин л сонгуульд өрсөлдөнө.

-“МАХН бусдаас юугаараа ялгаатай юм. Парламентад гараад юу ч хийхгүй байвал яах вэ” гэх мэтээр бодох хүн байгаа байх?

-Одоо байгаа хүмүүс юу хийж байгаа юм. Төсвийн мөнгийг хувааж идэх талаар л ярьдаг. МАХН-аас гарсан хүмүүс хувийн сонирхол багатай учир ард түмнийхээ төлөө юм хийнэ. Манай намыг лидер байхгүй гэж хэлж байсан. С.Батболдыг уулын, Н.Алтанхуягийг чацарганы наймаачин гэдэг. Ийм хүмүүс юугаараа лидер юм. Эд нарыг лидер гээд монголчууд ойлгочихвол зүгээр хулгайчдыг лидер гэж ойлгож байгаатай адил. Лидер гэдэг чинь өөр. 

-Танаас намаас явуулсан ард нийтийн санал асуулгын үр дүн хэрхэн гарсан юм. Ер нь та бүхний үйл ажиллагааг хүмүүс хэр дэмжиж байгаа вэ?

-“МАНАН-ын байгуулсан Зас­гийн газарт итгэж байна уу” гэсэн санал асуулгад сонгуулийн насны хүмүүсийн 53 хувь нь оролцсон. Тэгэхэд 80-аас дээш хувь нь “Итгэхгүй байна” гэсэн. Мөн “Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд өгөх нь зөв үү” гэх асуултад “Зөв” гэж 80 гаруй хувь нь үзсэн. Тийм учраас төр засаг үүнийг анхаарч ажиллах ёстой.

-Та хяналт тавьж ажиллах талаар нэлээд ярилаа. Үүнээс гадна танай намын цаашид баримтлах зорилго юу вэ?

-Манай нам ирэх сонгуульд олонхи болно. Ингэхийн тулд одоогийн олигархижсан дэглэмийг ард түмэнд ойлгуулах үүднээс улс төрийн “Хар ном” гаргах гэж байгаа. Энэ номонд яг болоод өнгөрсөн үйл явцыг баримттай нь гаргах юм. Иргэд үнэн зөв мэдээлэл авах нь ховордсон. Тиймээс үнэн мэдээллийг хүмүүсийн гарт хүргэхээр ажиллаж байна. “Хар ном”-оо гаргаснаар олигархижсан гинжин хэлхээг тасална. Тэгээд 2012 онд УИХ-д нэр нь цэвэр, шинэ хүмүүс манай намаас сонгогдоно гэж найдаж байгаа.

-МАХН 15 олигархийг нэрлэсэн удаатай. “Хар ном”-ндоо тэдний тухай бичнэ гэсэн үг үү?

-Зөвхөн толгой 15 олигархи орохгүй. Өөр хүмүүс, орно. Одоо хамаг хөзрөө дэлгээд яах вэ. Цаг нь болохоор сюрприз барья.

-Энэ ном хэзээ бэлэн болох вэ?

-Ирэх гуравдугаар сард бэлэн болно. Сонгууль зарлах хугацаа хүртэл номоо олон нийтэд хүргэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж