Чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжтой

Зүүн Сибирийн Эрхүү хотноо Байгалийн олон улсын эдийн засгийн долдугаар чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв Алс Дорнод, Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх стратегийн бодлогын урт хугацааны төлөвлөгөө болон ОХУ-ын модны аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогод өөрчлөлт оруулах тухай юм.

Мөн Орос-Хятад улсын хилийн худалдааны тухай тусгай хуралдаан болно. Алс Дорнод, Байгалийн бүс нутгийн гол бизнес Ази-Номхон далайн орнуудад, тэр дундаа Хятад улс руу чиглэгддэг тул хоёр улсын хамтарсан аж ахуйн байгуулах сонирхол ихээхэн байдаг билээ. “Байгалийн олон улсын эдийн засгийн форум 2011” чуулга уулзалтад Монгол, Франц, Солонгос, Хятад, Малайз болох Канад зэрэг хорь гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Монгол улсыг төлөөлөн Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын хүмүүс дагалдан явж байна.

Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол улс Орос, Беларус, Казахстаны Гаалийн холбоо болон Япон улс, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай  чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах боломжтой болохыг мэдэгджээ. Тэрбээр “Бид Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудал дээр ажиллаж байна. Белорус, Казахстан, Оросын Гаалийн холбоотой чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулах асуудлыг судлахаар тохиролцсон. Монгол улс эдийн засгийн интеграцийг сонирхож байгаа Зүүн хойд Азийн бүх улстай хамтран ажиллаж байна. Байгалийн эдийн засгийн  форум  үүнд хувь нэмрээ  оруулах юм. Сибирийн баялаг нь Азийн бүс нутгийн хүрээнд эдийн засгийг хөгжүүлэх Төв болох нөөц боломжтой юм. Монгол улсын байгалийн баялаг нөөц дэлхий даяар  сонирхол татаж байна. Гэвч дан байгалийн нөөцдөө тулгуурлах нь өрөөсгөл  бодлого. Боловсруулах үйлдвэрлэл байгуулах, гадаадад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг сонирхож байна. Монгол улс нь  Европыг Азитай холбох нэг гүүр болох томоохон боломжтой” хэмээжээ.

Ази Номхон далайн худалдааны гэрээ нь 1975 онд “Банкокийн гэрээ” нэртэйгээр анх байгуулагдан  2005 онд нэрээ өөрчилсөн юм. Энэхүү гэрээнд Бангладеш, Энэтхэг, Хятад, Лаос, Шри-Ланка, Өмнөд Солонгос улс багтдаг. “Байгалийн олон улсын эдийн засгийн форум 2011” чуулганы үеэр Монгол улс Эрхүү хоттой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэнэ.

Э. Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж