Мөрөөдлийг бодит амьдрал болгогч- Стив Жобс

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Мөрөөдлийг бодит амьдрал болгогч- Стив Жобс

Өнгөрсөн сард цахим ертөнц төдийгүй хөрөнгийн зах зээлд шуугиан дэгдээж, донсолгоо үүсгэсэн үйл явдал болсон нь Apple компанийн CEO Стив Жобс үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн явдал байлаа. Анх 2003 онд хорт хавдар туссан гэдэг нь оношлогдсоноос хойш бүхэл бүтэн найман жилийн хугацаанд тэр өвчнөө ялан дийлж, шинийг санаачлан ажилдаа анхаарсаар байсан юм. Харин энэ удаад тэрбээр зайлшгүй эмчилгээндээ бүрэн анхаарах хэрэгтэй болсон бололтой.

Тэрбээр Захирлуудын зөвлөлд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай илгээсэн захидалдаа “Компанийн захирлын үүргийг гүйцэтгэж чадахаа болих цагт энэ тухай хамгийн түрүүнд та бүхэнд мэдэгдэнэ гэж би амласан. Энэ үгийг хэлэх өдөр өнөөдөр тохиож байна. Би Apple-ийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэж өгч байна. Хэрвээ компанийн дээд удирдлага намайг тохирно гэж үзвэл би ТУЗ-ийн дарга, захирал эсвэл Apple-ийн ажилтан ч болоход бэлэн байна.Миний залгамжлагчаар Тим Кукийг хамгийн сайн тохирох хүн гэж үзэж, санал болгож байна. Apple-ийн хамгийн гэрэл гэгээтэй өдрүүд урд маань байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр ололт амжилтуудыг би шинэ албан тушаалынхаа байр суурьнаас харж, дэмжиж ажиллах болно. Apple-д ажиллах хугацаандаа би олон сайн найзуудтай болсон. Тэдэндээ би энэ олон жил хамтарч ажиллаж ирсэнд нь гүнээ талархаж байна” хэмээн бичжээ. Ийнхүү Цахиурын хөндийн амьд домог гэгддэг Стив Жобс нэрээр нь овоглодог Apple компанийнхаа захирлын ажлаа хүлээлгэн өгсөн юм. Түүнийг албан тушаалаа өгөх тухай мэдэгдэл хийснээс ердөө нэг цагийн дараа Apple компанийн хувьцааны үнэ 5 хувиар буурсан бол Walt Disney компанийнх 1,5 хувиар унасан билээ. Энэхүү хөрөнгийн бирж дээрх үнийн уналт нь мэргэжилтнүүдийн дунд Стив Жобсгүй Apple хэр удаан оршин тогтнох вэ гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм. Харин АНУ-ын Засгийн газраас илүү бэлэн мөнгөтэй хэмээн бичигддэг Apple компани ирээдүйгээ тун гэгээлгээр харж байгаа ба үүсгэн байгуулагч, экс Ерөнхийлөгчийнхөө итгэл найдварыг алдалгүй амжимлтаа хадгалж, өөрийн бүтээгдэхүүний зах зээлд хаанчилсан хэвээр байна гэдгээ амлаж байна.

Стив Жобс гэж хэн бэ?

Мөрөөдлийг бодит амьдрал болгосон, амьд домог Стив Жобс хэн бэ? Тэр ямархуу зам туулж өнөөдрийн оргилд хүрсэн бэ гэдэг асуулт таны сонирхлыг татаж байна уу. Тийм бол танд түүний түүхийг товчхон танилцуулья.  

Стив Жобс 1955 оны хоёрдугаар сарын 24-нд нь  Сан Франциско хотод оюутан аав ээжийн анхны хүү болон мэндэлжээ. Түүнийг төрсөн эцэг эх нь хүүгээ Пол Жобс түүний эхнэр Клара Жобс нарт өргүүлжээ. Стив ахлах сургуульд сурч байхдаа  Стив Возняктай танилцсанаар тэдний урт хугацааны нөхөрлөл бас бизнесийн түншлэл эхэлсэн юм. 1972 онд Калифорни мужийн Купертино хотын дунд сургуулийг төгсч, Ореган мужийн Портланд хотын Рийд коллежид санхүүгийн чиглэлээр суралцахаар элсчээ. Гэвч тун удалгүй сургуулиа хаясан байна1974 оны намар Жобс энэтхэгийн програм хангамжийн их сургуульд суралцахын тулд тэр үедээ л шилдэг видео тоглоом үйлдвэрлэгч компанид тооцогддог байсан Atari-д техникчээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар зардлын мөнгөө олсон даруйд энэтхэгийг зорьжээ. Тэнд очоод Энэтхэгийн үндэсний хувцас өмсөн, үсээ хусаад Буддын шашны заншлын дагуу гэгээрэлд хүрэхээр бясалгал хийх болжээ.  Тэрээр энэ үеийг өөрийнх нь амьдралд 3 чухал зүйл авчирсан хэмээн талархаж явдаг юм. Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк мөн Интел компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Майк Маркула нар хамтран “Apple” компанийг байгуулж, 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд компаниа бүртгүүлжээ.Анхны бүтээлээ “Apple” хэмээн нэрлэж, зах зээлд гаргасан нь тун амжилттай болсон юм. Apple I-ийн дараа Apple II, анхны лазерийн принтер, компьютерийн программ хангамжийн DTP /Desktop Technology Publishing/ зэргийг зохион бүтээж цахиур хагалж байлаа.

Гэвч амжилтын зэрэгцээ уналт тэднийг тойроогүй юм. Apple III, Lisa зэрэг бүтээгдэхүүнүүд нь төдийлөн амжилт олоогүй ба алтан хамтрагч Стив Возняк осолд орон, компаниас гарсан нь компанид хүнд цохилт болж байжээ. 1980-аад оны эхээр Apple компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч IBM Microsoft компанийн DOS үйлдлийн систем суулгасан IBM персонал компьютер худалдаанд гаргажээ.

Ширүүн өрсөлдөөн дунд Apple компанийн нэр хүндийг хэвээр байлгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байсан Стив  Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны гуравдугаар сард компаниасаа гарсан юм. Ингээд Стив Жобс “Next computers”-ыг үүсгэн байгуулж,  компьютер, түүний хэрэглэгдэхүүний зах зээлд хүч түрэн орж иржээ. 1996 онд Apple компани Next компанийг 429 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Жобсыг эргүүлэн авч чадсан юм. Ийнхүү Жобс Apple-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргаж, электрон барааны зах зээлд хаанчилж эхэлсэн юм.Бизнесийн талбарт гялалзсан амжилт үзүүлж байсан ч Стив Жобс эрүүл мэндийн хувьд томоохон асуудалтай тулгарсан юм.

Анх 2004 оны эхээр нойр булчирхайн хорт хавдар туссан нь оношлогдсон. Олон төрлийн эмчилгээ хийлгэж 2004 оны долдугаар сард хавдраа авахуулах мэс засал хийлгэж, амжилттай болсон тухай зарлаж байлаа. Хавдар бүрэн эмчлэгдсэн гэж үзэж, химийн болон туяаны эмчилгээгээ зогсоосон юм. Харин үүнээс хоёр жилийн дараа түүний эрүүл мэндийн тухай таагүй мэдээлэл дахин тархаж, хэдэн жилийн нас үлдсэн тухай нь эрээ цээргүй мэдээлж эхэлсэн юм. Удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсэн ч нааштай үр дүн гараагүй учир 2009 онд Теннесс мужийн Мемфис хотын эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Үүнээс жил хагасын дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 17-нд тэрбээр компанийн Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгч ерөнхий захиралын албан тушаал хашиж эхэлсэн юм.

Гэвч Ерөнхий захирлын албаа долоон сарын дараа мөн хүлээлгэн өгч, одоо эрчимтэй эмчилгээ хийлгэж эхлээд байна. Хамгийн сүүлд Daily mail сайтад нийтлэгдсэн мэдээнд Стив Жобс ихээхэн турж, хүний тусламжтайгаар түшүүлж явах болсон гэжээ.

Зургийг энд дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж