Ойн бодлогын талаарх багц зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Ойн бодлогын талаарх багц зөвлөмж

Монгол улсын ойн бодлогод тусгах эрдэмтдийн боловсруулсан ойн бодлогын талаархи багц зөвлөмж

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр монгол улсын ойн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм.  Ойн бодлогын баримт бичиг боловсруулах судалгааны багийнхан Монгол орны Баруун, Зүүн, Төв гэсэн 3 бүс нутагт оролцогч талуудыг хамарсан хэлэлцүүлэг, судалгаа явуулж, ойн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, ойн бодлогын төслийг боловсруулахаар баруун бүс нутаг: Завхан, Хөвсгөл аймагт доктор (Ph.D) З.Цогт, магистр  М.Ундраа нар, зүүн бүс нутаг: Хэнтий, Дорнод аймагт академич, профессор Ч.Дугаржав, магистрант М.Батнасан нар, төвийн бүс нутаг:  Архангай, Өвөрхангай,  Төв, Сэлэнгэ, Булган, Дархан уул, Орхон аймагт доктор (Ph.D)  Г.Цэдэндаш, доктор (Ph.D)  Д.Энхсайхан А.Болд нар тус тус ажилласан бөгөөд судалгаанд ой бүхий 11 аймгийн 100 орчим аж ахуйн нэгж, үүнээс нөхөрлөл 32, ХХК 20, Төрийн байгууллага 25, Төрийн бус байгууллага 5, Тусгай хамгаалалттай газрын захиргаа  5, Төсөл, хөтөлбөр 5 хамрагдсан ба бүгд 1000 орчим иргэн судалгаанд оролцжээ.

 Энэ нүсэр ажлын үр дүнд дээрхи эрдэмтдийн төслийн багаас “Монгол улсын ойн бодлого” гэсэн бичиг баримтанд тусгах ойн бодлогын талаархи багц зөвлөмжийг гаргасан байна. Та бүхэнд энэ зөвлөмжийг сонордуулж байна.

А. “Монгол орны байгаль, уур амьсгалын өвөрмөц нөхцлийг ой-ургамалжлын бүслүүр, муж бүрээр нарийвчлан гаргаж, ирээдүйн 10-20 жилийн дараа тэдгээр бүслүүр, муж бүрт уур амьсгал, ой модны ургах орчны ямар өөрчлөлт орохыг төсөөлөн урьдчилан тоймлох. Эдгээр өөрчлөлтийн ирээдүйд Монгол оронд ямар төрөл, зүйлийн мод, сөөг сайн ургах боломжтой, ямар төрлөл, зүйлийн мод, сөөг ургах боломжоо алдахыг урьдчилан тоймлох.

Б.
Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн цаашдын 10-20 жилийн хөгжлийн чиг хандлага, бүсчлэл, томоохон үйлдвэрүүдийн байршил, тэдгээрийн хүчин чадал, тэдгээрийн модон материалын хэрэгцээ, хэмжээ, шаардлагыг судлан Монгол орны ой модны нөөц, нөхөн төлжих чадвартай уялдуулан бодлогыг гаргах. Хэрэв Монгол орны ойн нөөц хэмжээ, чадавхи хүрэхгүй тохиолдолд экспортоор хангах асуудлыг бодлогод тусгах.

В. Ойн үндсэн ашиглалт-ын огтлолтыг бүрмөсөн хориглохгүй байх. Монгол орны ойн бүтэц, бүрэлдэхүүн нөөцийн тархалтаас хамаарч муж бүрт ялгавартай хандах.

Төв суурин газрын ойролцоо болон ногоон бүс, хориотой зурваст үндсэн ашиглалтын огтлолтыг эрс хориглох,  хяналтыг сайжруулах. Харин ашиглалтын бүс болон алс зэлүүд газрын ойд үндсэн ашиглалтын огтлолтыг ойн огтлолтын эргэлтийн нас, хугацаанд нь тохируулан төлөвлөх. Алс зэлүүд нутагт ой модны ашиглалтын замыг улсын төсвөөр байгуулах. Улс орны модлогийн томоохон хэрэгцээг мод бэлтгэх улсын үйлдвэрлэлийн газрууд хатуу хяналтын доор бэлтгэдэг системийг бий болгох. Нэлэнхүй огтлолтыг хориглосон хэвээр байх. Зурвасаар болон аажим огтлолтыг шинжлэх ухааны үндэслэлтэй  төлөвлөх. Монгол оронд мод бэлтгэлийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх. Технологийн шинэчлэл хийх. Түүвэрлэн огтлолтын аргыг гол арга болгох. Морь, шараар цагаалдаг уламжлалт аргыг сэргээх. Энэ аргыг ялангуяа ойн нөхөрлөлүүд болон бага хүчин чадалтай мод бэлтгэлийн үйлдвэрүүдэд өргөн нэвтрүүлэх хууль эрхийн болон урамшууллын системийг боловсруулах.

Өнөөдөр Монгол оронд огтолсон модныхоо дөнгөж 40-50 хувийг бүтээгдэхүүн болгож байна. Нэгэнт огтолсон модны ашиглалтын коэффициентийг дээшлүүлэх талаар олон санал гарсан бөгөөд үүний тулд олон улсын стандартын түвшинд дүйцэхээр модон бүтээгдэхүүн хийх тэргүүний техник, технологийг Монгол оронд нэвтрүүлж, тийм бүтээгдэхүүн хийж байгаа газарт урамшуулал өгөх, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг ойн бодлогод тусгамаар байна. Түүгээр ч үл барам жижиг модон эдлэхүүнийг уламжлалт гар аргаар хийдэг иргэд, нөхөрлөлийг төрөөс дэмжих. Ингэвэл иргэдийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь “Хүн төвтэй ой” гэсэн уриалгад нийцнэ.

В.1.
Сум, орон нутгийн жижиг албан байгууллагууд, иргэдийн зүсмэл материал болон модны хэрэгцээг яаж хангах талаар:

Ийм хэрэгцээ хэзээ ч байсан, цаашдаа байсаар байх болно. Сум орон нутаг хэрэгцээгээ өөрсдөө төлөвлөдөг системийг хяналттай болгох. Сум, орон нутгийн нэгжүүд ойг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах мэргэжлийн боловсон хүчин бүхий мэргэжилтний багтай байх, тэднийг байнга сургаж, мэргэжлийг нь дээшлүүлдэг байх. Сум дундын ойн анги тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, аргазүйгээр хангадаг механизмыг бүрдүүлэх. Сум, орон нутгийн жилийн хэрэгцээг судлаж түүндээ тохирсон модыг сумын харъяанд байгаа ойн аж ахуйн нэгж, байгууллага, ойн эзэмшлийн нөхөрлөлүүдээр бэлтгүүлэн сум бүрт ой модны зах (бирж) байгуулах. Тэдгээр захаас сумын иргэд хашааны банз, дранк, дүнз, түлээ зэрэг хэрэгцээтэй модон материалаа авдаг механизмыг бий болгох.  Харин хүн бүр гоожин авч ой руу хөрөө, сүх барьж мод бэлтгэдгийг зогсоох.
   
В.2. Түлш: Өдгөө жилд хэрэглэдэг модон түлшний хэмжээг нарийвчлан тогтоох. Ийм хэмжээний түлээний оронд өөр ямар зүйлээр орлуулж болох талаар судалгаа хийх. Түлшний оронд цахилгааны эх үүсвэрийг судлах. Цахилгааныг олон эх үүсвэрээс гаргаж болдог бөгөөд Монгол орны ирээдүйд Атомын цахилгаан станц илүү үр ашигтай байж болохыг үгүйсгэхгүй. Монгол орон ураны нөөцөөр баялаг орны тоонд ордог түүнийг ойрын үед эдийн засгийн болон ногоон эдийн засагт зориулах шаардлагатай байна. Үүнээс гадна усан цахилгаан станцуудыг барьж байгуулах асуудлыг ойн бодлогод тусгамаар байна. Хархорин зэрэг газарт  хуучин байсан усан цахилгаан станцыг сэргээх саналтай байсан. Энэ нь 10-20 жилийн дараа Монгол орны усны нөөц ямар хандлагатай болж өөрчлөгдөхөөс хамаарах болов уу.

Ургамал ой модны хувьд ойрын ирээдүйд цэвдэгт хөрс хайлж багасах тусам гацуур, хуш, жодоо зэрэг модны тархац улам хумигдаж оронд нь хус, улиангар ихсэх ба Хангайд шинэсэн ойн хэмжээ багасаж оронд нь сөөг ургамал ургах нөхцөл бүрдэх хандлагатай байна. Харин тал хээрт өвс ногооны гарц сайжран хуурайсаг үетэн ургамал багасаж бусад цэцэгт ургамлын хэмжээ аажим нэмэгдэх хандлагатайг харгалзах.

Түлшний оронд хийн түлшийг Монгол оронд өргөн хэрэглэх шаардлага тулгарч байна. Энэ талаар хэлэлцүүлгийн явцад цөөнгүй удаа санал гарч байсан. Хийн түлшний экспортийг нэмэгдүүлэх талаар бодлогод тусгах нь зүйд нийцнэ.

Чулуун нүүрснээс түлшийг орлох олон эх үүсвэр гаргаж түүнийг түлшинд хэрэглэх технологийг ойн үндэсний бодлогод тусгах нь зүйтэй гэж үзнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бусад салбарын бодлоготой ойн бодлогыг нягт уялдуулах шаардлагатай.

Монгол орон нарны энергийг түлшний оронд ашиглах талаар ойн бодлогод тусгах нь зүйтэй.

Г. Ойг нөхөн сэргээх талаар.
Өнөөгийн байдлаар Монгол орны ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын үр дүн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгааг олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна. Сэлэнгэ аймагт Тужийн нарс, Хэнтий аймагт Биндэрийн ойн ангийн ойжуулсан газар, Завхан аймгийн “Завхан-шинэс” ХХК-ын ойжуулалт, Булган аймгийн Хялганатад хийсэн “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын ойжуулалт, Төв аймгийн Туулын эхэнд 80-аад онд хийсэн ойжуулалт, Дархан-уул аймгийн Моностойд хийсэн ойжуулалт зэрэг цөөн газраас бусад газарт хийсэн ойжуулалтын ажлын үр дүн бага байна. Сүүлийн 20 жилд  Монгол орны ойн санд хүлээж авсан талбай өчүүхэн бага байна.

Нөгөө талаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай жилээс жилд буурч байгаа бодит нөхцөлд ойжуулалтын ажлын зохион байгуулалт, хүлээж авах журам,  санжүүжилтын хэмжээ, арга технологийг эрс өөрчлөх цаг нь болжээ. Энэ талаар ойн бодлогод нэгэн томоохон бүрэлдэхүүн хэсэг болгон тусгах зайлшгүй шаардлагатай байна.

Монгол орны Баруун, Зүүн Хэнтий, Зүүн Хөвсгөлийн бүс нутагт шилмүүст модны оронд хусжих, улиангаржих явц үргэлжилсээр байна. Нөгөө талаас өнөөдрийн ойжуулалтын европ арга технологи ялангуяа хуурайшлын үе шатанд ихэнх газарт  тохирохоо болив. Иймээс ойжуулалтын арга технологийг Монгол орны байгаль цаг уур болон гаригын хэмжээний уур амьсгалын өөрчлөгдөлд тохирсон арга технологоор солих.

Хуурайшил, дулаарлын ойрын үед тарьц суулгацын үндэсийг чийг татдаг бодисоор идэвхижүүлэн тарих, зөвхөн огтолсон хожуул бүхий ойн талбай болон түймэрт гүнзгий өртсөн, хөнөөлт шавьжинд нэрвэгдэн бүрэн хатсан ойн талбайг нөхөн сэргээх  шинэ арга технологийг эрж хайх, туршилт судалгааг хийх. 

Ойн нөхөрлөлүүд болон иргэдэд мод үржүүлгийн газрыг байгуулахад нь газрыг нь үнэ төлбөргүй, хүнд сурталгүйгээр олгох, урамшуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, зааж сургах ажлын нэгдсэн системийг бий болгоход ойн бодлогын нэгэн үзүүр чиглэх нь зохистой байна. Ойн ангиудыг аймаг бүрт байгуулж тэдгээрийг төрийн бүрэн ивээлд байлган мэргэжилтэй боловсон хүчнээр хангах шаардлагатай бөгөөд мод тарьж байгаа иргэд, нөхөрлөлүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг, зааж сургадаг механизмыг ойн бодлогод тусгах нь зүйтэй.

Сүүлийн жилүүдийн дулаарал, ган, зудын улмаас хээр, цөлийн хээрийн бүсээс ой бүхий нутагт малчид олон арваараа шилжин суурьших боллоо. Энэхүү их нүүдэл нь  ойн сэргэн ургалт, ойжуулалтын ажлын үр дүнд ихээхэн сөргөөр нөлөөлөх болсон. Зун, намар ойжуулсан талбайд мал бэлчсэнээс ойжуулсан газарт зөвхөн анжисны шан л үлдэж байна. 2-5 настай нялх тарьцыг ямаа амтархан иддэг, үхэр сугалж хаядаг, өвөл адуу цас малтах үедээ тарьцыг хугалж гэмтээдэг.  Иймээс урд өмнө нь ойжуулсан талбайн хэмжээ жилээс жилд буурсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудалд хүрээд байна. Хэрэв энэ янзаараа байвал хэдхэн жилийн дараа ойжуулсан модод малын нөлөөгөөр устах аюулд тулгараад байгааг анхаарах.

Байгалийн сэргэн ургалтанд туслах (БСУТ) ажилд багагүй хэмжээний мөнгө зарсаар байна. Энэ ажлын үр дүн бараг харагдахгүй байгаад дүгнэлт хийх. Нэгэнт ойжуулсан тарьц суулгацыг торниулж ойн санд хүлээлгэн өгөх хүртэл нь хамгаалах нэн шаардлагатай. БСУТ ажилд зарцуулж буй хөрөнгийг зарим тодорхой газар нутагт хашаа хамгаалалт барихад зарцуулж асуудлыг шийдвэрлэх арга замыг ойн бодлогод тусгах нэн шаардлагатай байна.
Анжисаар шан татаж тарьцаар ойжуулах  талбай улам хомсдсоор байна. Энэ нь нэг талаар малтай холбоотой, нөгөө талаар хожуул бүхий талбайд анжисаар хагалах бололцоо байхгүйтэй холбоотой. Гар аргаар хүрзээр үүрлэн тарих аргыг туршиж байгаа боловч үйлдвэрлэлийн шатанд үр дүн нь шаардлага хангахгүй байна.  Ширгэж буй гол горхины дагуудаа хашиж хамгаалаад бургас тарих, уул уурхайн ашиглалтын дараах овоолгод хайлаас, гүйлс тарих, хиймэл усан сан тойруулж бургас, улиас олон наст өвслөг ургамал тарих асуудлыг бодлогод тусгах нь зүйтэй.

Ойн экосистемийн өөрчлөгдлийн олон судалгаагаар ой, ус хоёрын харилцан холбооны талаар болон усны эх, голын дагууд мод тарьж нөхөн сэргээх нь ус булаг хэвийн байдлаараа сэргэх нөхцлийг бүрдүүлдэгийг тогтоожээ. Санал асуулгын явцад ч энэ талаар олон санал гарав. Иймээс гол горхины дагуу бургас тарьж, хашиж хамгаалах, улмаар цэвдэгийн түвшинг дээшлүүлж ус булгийг хэвийн байдалд нь оруулах талаар ойн бодлогод оруулах шаардлагатай.

Монгол орны Баруун, Зүүн Хэнтий, Хөвсгөлийн бүс нутгийн зүүн хэсэгт мод огтлолт болон түймрийн нөлөөгөөр шилмүүст мод хусаар солигдон ургах үйл явц эрчимтэй явагдаж байна. Ийм солигдсон хусан ойд түймэр гарвал улиангаржина. Энэ нь цаашдаа хээрийн экосистемд шилжих угтвар болдог. Иймээс хусан ойг эх модоор нь буюу нарс, шинэсээр нөхөн сэргээх туршилт, судалгааг хийх хэрэгтэй байна. Уг ажилд бичил механикжуулалт шаардлагатай байгаа учир цаашдаа энэ талын туршилт, судалгаа хэрэгтэй байна.

Монгол орны хүнсний хангамжийг дээшлүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын хүнсийг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудлын хүрээнд тариалангийн талбайг хамгаалах ойн зурвасыг олноор байгуулах асуудал ойн бодлогын нэгэн хэсэг байх ёстой. Монгол орны хуурай уур амьсгалтай нөхцөлд тариалан хамгаалах ойн зурвасыг олноор байгуулах нь зүйд нийцнэ. Атарын 3-р аян хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулах шаардлагатай бөгөөд тэрээр ургац нэмэгдүүлэх нэгэн үндэс болдог. Иймээс ойн зурвасыг байгуулах туршилт судалгааг ч ойн бодлогод тусгах.

Д. Ой хамгааллын талаар: Монгол оронд ой хамгаалалын асуудал нэн тэргүүний чухал асуудал бөгөөд ой хамгааллыг шаардлагын хэмжээнд хүргэсэн тохиолдолд ойг нөхөн сэргээх шаардлага бараг үгүй болно гэхэд хилсдэхгүй. Ой хамгаалал гэсэн ойлголтонд түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэл, гаригийн ерөнхий хуурайшил, дулаарлаас хамгаалах зэрэг өргөн ойлголтууд багтана.

Санал асуулгын явцад ой хамгаалал шаардлагын түвшинд хүрэхгүй байна гэсэн хариу гарлаа. Иймээс ой хамгаалах ажилд хөрөнгө хүчийг нэмэгдүүлэх, ард олонд ойг хамгаалах сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд ойн суурь боловсрол олгох, байгаль хамгаалагч нарын багаж хэрэгсэл, нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, ой хамгаалагч нарыг олшруулах, ойд цэвэрлэгээний огтлолтыг байнга хийх боломжийг бүрдүүлэх, нөхөрлөлүүдээр дамжуулан ойг хамгаалах асуудлыг ойн бодлогод тусгах шаардлагатай болж байна.

Хуурайшил, дулаарлын нөхцөлд ойг түймрээс хамгаалах ажилд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Түймрээс хамгаалах халз зурвасыг жил бүр шинэчлэх, урьдчилан хяналттай түймэр тавих, түймрийн харуулын цамхагыг олноор байгуулж байнгын эзэнтэй болгох, түүнийг  хөрөнгө хүчээр хангах, Ойн газар болон Онцгой байдлын албыг сансрын том масштабтай өдөр тутмын шинэ мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж байнгын мониторинг хийх шуурхай системийг бий болгоход ойн бодлогын нэгэн үзүүрийг чиглүүлэх.

Түймэр, дараа нь хөнөөлт шавьж, дээр нь хуурайшлыг нэмбэл ойн сан хээрийн экосистемд шилжсээр байна. Хэнтийн нурууны баруун хэсэгт нарсны шутте өвчин газар авсаар байна. Үүнийг хязгаарлах гол арга нь хөрөнгө мөнгө, байнгын мониторинг, мэргэжил мэдлэг, сурталчилгаа гэж үзэж байна. Эдгээрийг ойн бодлогод тусгах шаардлагатай.

Ойн эзэмшлийн нөхөрлөлүүдийг олноор байгуулах нь ойг хамгаалах нэгэн арга гэж олон нийт үзэж байна.

Е. Ойн эзэмшлийн нөхөрлөлүүдийн талаар: Ойн эзэмшлийн нөхөрлөлүүд Монгол оронд олноор байгуулагдаж байгаа нь шинэ үзэгдэл болж байна. Олон улсын туршлагаас үзэхэд ойн нөхөрлөлүүдээр дамжуулан ойгоо хамгаалах, нөхөн сэргээхийн зэрэгцээ ой мод тэдний амьжиргаа, орлогын нэгэн эх үүсвэр болох нөхцлийг бүрдүүлдэг байна.

Тэгвэл санал асуулгын явцаас авч үзвэл Монгол оронд үүнийг өөрийн гэсэн онцлогтой шийдэх нь зохистой байна. Монголын ой хөвчийг бараадаж амьдардаг бараг бүх хүн ам малчид байна. Тэд “Нүүдэлчин” соёл иргэншилтэй, нэг газраа байнга байдаггүй ажээ. Зун, намартаа ой бараадан малаа бэлчээрлүүлэх бөгөөд өвөлдөө ойгоос холдон 20-30 км, заримдаа 50 км-ч нүүх нь ч бий. Ийм нөхцөлд зун, намартаа байгаа ойтой газраа хамгаалах нь бодитой бөгөөд өвөл, хаврын улиралд 30 км-ийн цаанаас ойг хамгаалж чадах уу гэсэн олон санал гарч байна. Малчин хүн малаа нэгдүгээрт боддог нь зүй ёсны бөгөөд тэд дан ганц ойд анхаарлаа хандуулж чаддаггүй байна. Санал асуулга, ганцаарчилсан ярилцлагын үед малчин хүнд ойг өгвөл сүйрэхийн тэмдэг гэсэн санал гарч л байсан.

Иймд эхний ээлжинд ойд байнга суурьшин амьдардаг иргэдэд ойг эзэмшүүлэх зарчимыг баримтлах нь зохистой байна.

Монгол орны нөхцөлд үйлдвэрлэлийн мод бэлтгэлийг ихэнхдээ өвлийн улиралд хийдэг нь тодорхой бөгөөд нөгөөх малчин эзэн нь байхгүй газарт дураараа огтлон дургидаг байна.

Ойн нөхөрлөлүүд одоогийн байдлаар: жинхэнэ утга агууллагыг нь мэдсэн нөхөрлөл, зөвхөн модыг нь огтлох сонирхолтой нөхөрлөл, хэт нь алсдаа хэрэг болно гэсэн сэтгэлгээтэй нөхөрлөл гэсэн 3 янзын нөхөрлөл байна. Иймээс нөхөрлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэжлийн талаас туслах, ойн ангийг бэхжүүлэх, тэднийг мэргэжсэн ажилчдаар хангах, нөхөрлөлд хөрөнгө оруулах, эзэмшлийн ойг нь хурааж авна гэсэн айдас хүйдэсгүй болгох шаардлагатай байна. Үүнийг л ойн бодлогоор засмаар байна.

Ойн нөхөрлөлүүд олноор байгуулагдаж одоохондоо учраа олохгүй мунгинаж байна. Тэдний ойн аж ахуйн талаархи мэдлэг хомс, мэргэжилтэн байхгүй, болж л өгвөл ой модыг огтлон амьдрах сэтгэлзүй давамгайлсаар байна.

Ийм нөхцөлд цаашдаа ойн эзэмшлийн нөхөрлөлүүдийг олноор байгуулах, гэхдээ одоогийн ойг эзэмшилд өгөх журамд заасан хүнд суртал, олон дамжлага, мөнгө нэхдэг байдлыг ор тас устгах, төрөөс хөрөнгө санхүү, мэргэжил мэдлэгээр хангах, харъяа ойн ангиудаас сургалт явуулах зэрэг асуудлыг ойн бодлогод суулгах нь зохистой байна. Аймаг бүрт, эсвэл аймаг дундын ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвүүдийг байгуулж тэдгээрт ойн нөхөрлөлүүдийн гишүүд, бусад иргэдийн ойг нөхөн тарих, ойн талаархи мэдлэгийг дээшлүүлэх сургалтын төв болгох.   

Ж. Бусад асуудлаар.
Байгаль хамгааллын талаар гаргасан хууль, журмыг нарийн чанд мөрдүүлэх, ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмал, газар, усны тухай хуулиудтай ойн хуулийг нягт уялдуулах,  шаардлагатай бол тэдгээр бусад хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутагт үе удмаараа оршин сууж ирсэн малчид олон байна. Тэд ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндэс байхгүй.

Аймаг, сумдын хилийн цэсийг голын усан хагалбарын дагуу  өөрчлөх санал гарч байсан нь анхаарах ёстой нэг асуудал мөн.

Сум, орон нутгийн удирдлагуудын ойн талаархи мэдлэг, мэргэжлийг байнга дээшлүүлэх, засаг дарга нарыг байгаль орчны болон ойн мэргэжилтэй хүнээр томилох, ойн мэргэжлийн сонирхолыг иргэд, нөхөрлөл, компануудад бий болгох, огтлох модны хэмжээг сум орон нутаг өөрсдөө шийддэг болох, нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөөг бодитой боловсруулах,  арчилгааны огтлолт хийх нэрээр модыг сорчлон огтолдогийг зогсоох, ойн судалгаа, шинжилгээний төв байгуулж ойн бүх талын арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй явуулах зэрэг санал гарч байсныг ойн бодлогод  харгалзан үзэх, зарим газарт ойн салбарыг босоо бүтэцтэй болгох, сум, орон нутгаас салгаж бие даалгах зэрэг саналууд цөөнгүй гарсаныг харгалзан үзэж болох юм” гэсэн бодлогын зөвлөмжийг гаргаад байна.   

    
“Ногоон ертөнц байгаль орчин” ТББ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж