Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож, 21 дэх жилтэйгээ золгож байна. Түүх сөхвөл 1990 оны долдугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, Ардын Их хурлыг шинэчлэн байгуулжээ. Улмаар тухайн оныхоо есдүгээр сарын 13-нд Улсын бага хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдсэн байна. Ардын Их хурлын 360 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын бага хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол Улсын төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх түүхэн үүрэг хүлээсэн юм. Тус бага хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж баталсан түүхтэй. Ингэхдээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталж, нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур зарчмыг бий болгож байжээ.
Үүнээс хойш парламент нь ард түмний сонголтоор дөрвөн жил тутамд шинэчлэгдэх болсноор эдүгээ тав дахь удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ үйл ажиллагаагаа явуулж буй юм. Энэ УИХ-ын хувьд намрын чуулган эхлэнгүүт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахын зэрэгцээ Тавантолгойн ордын асуудлыг ч үндэсний эрх ашигт нийцүүлэн, батлах түүхэн үүрэг ногдож буй. Мөн Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, 2008 оны сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэх онцгой үүрэг хүлээгээд байна.
Г.Дарь