2006 оноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтын оролцогчдын тоо гурав дахин өсч, Дорнод Стбирь, Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн үүрэг, байр суурийг тодорхойлж байна. Өнгөрсөн жил уг чуулганаар хөдөө аж ахуйн салбарын асуудлыг авч хэлэлцсэн бол энэ удаа Аюулгүй эрчим хүчийг бүс нутагт хөгжүүлэх асуудлаар чуулж байгаа юм. Чуулга уулзалтад БНХАУ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол Монгол Улс бүрэлдэхүүнийхээ тоогоор хоёрдугаарт бичигдэж байна. Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, урлаг соёлынхон Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалт, Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байгаагаараа онцлог юм.
“Аюулгүй эрчим хүч ашиглах, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй газар бол ОХУ” хэмээн Европын холбооны улсууд үзэж буйгаа чуулганы үеэр илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, Европын ихэнх орон ОХУ-аас хийн эрчим хүч авдаг бөгөөд энэ жилээс зарим улсад хий дамжуулах хоолой байгуулах тухай яригдаж байгаа аж. Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Эрхүү мужийн 350 жилийн ойтой давхцаж байгааг энд онцолж байна.
Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын эхний өдөр Эрхүү хотын амбан захирагч Д.Ф.Мезенцевтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэж байв. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Монгол Улс дотооддоо эдийн засгийн асар их боломжтой болж байгаа. Гэхдээ үүнийг бодит биелэл болгохын тулд хоёр хөрштэйгээ хамтарсан, хөгжилтэй нь уялдсан бодлого баримтлах нь чухал. Монгол Улсын гадаад худалдааны нэлээдгүй хувийг Эрхүү муж нийлүүлдэг. Энэ ч утгаараа төмөр замын гарцаа бүс нутагтайгаа уялдуулан хөгжүүлэхийг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хөрш орнууд бие биеэ нөхсөн бүтээн байгуулалт, хөгжлийн гарц хайх хэрэгтэй. Үүний нэг жишээ нь транзит тээвэр . Транзит тээврийг урд, хойд хөршийнхөө тусламжтайгаар тавих боломж манайд бий. Энэ асуудал маш удаан хугацаанд яригдаж байгаа ч удахгүй ямар нэг шийдэлд хүрэхийг хамтрагч орнуудын төлөөлөгчид хүсч байгаа” гэсэн юм.
Ерөнхий сайд С.Батболдыг дагалдан яваа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид Эрхүү мужаас 100 орчим км-т байрлах “Белореченский” хөдөө аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Тус цогцолбор нь мах, махан бүтээгдэхүүн болон сүү, тахианы өндөг зэргийг үйлдвэрлэдэг, Эрхүү мужийн томоохон компаниудын нэг юм. Өдөрт 1.5 сая өндөг, 7000 литр сүү үйлдвэрлэх хүчин чадалтай тус цогцолбор Эрхүү мужийн 2.7 сая гаруй иргэний 50 орчим хувийг мах, махан бүтээгдэхүүнээр хангадаг байна.
“Белореченский” цогцолбор нь манай улсын “НВЦ” компанитай хамтран ажилладаг бөгөөд одоогийн байдлаар зөвхөн өндөг нийлүүлж байгаа аж. Уулзалтын үеэр Монгол Улстай цаашид хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Монголд мах боловсруулах үйлдвэр ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэлээ. Өмнө нь манайх ОХУ-тай хамтран мах боловсруулах үйлдвэр барих тухай санал гаргаж байсан боловч төдийлөн дэмжигдэж байгаагүй юм. Түүнчлэн хөдөө аж ахуй салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас манайд тарианы үр нийлүүлэх боломжтой байгаагаа дурдаж байв. Монголын талаас өндөг нийлүүлдэг ганцхан компанитай одоогоор хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид хүрээгээ тэлж, Монголын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх боломжтойг онцолж байсан юм.
Байгалийн эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд С.Батболд эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцевтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Консулын газрыг өргөтгөж, маргаантай байсан газрын асуудлыг шийдэж байгаа талаараа Амбан захирагч албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Эрхүү хотод суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж, энэ жил 10 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар боллоо. Цаашид хувиараа суралцаж буй оюутны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тал дээр ч тэд анхаарахаа амласан юм. Сонирхуулахад, 1925 оноос хойш Монгол Улсаас Эрхүү хотод 16 мянга гаруй оюутан суралцсан байдаг бол одоогийн байдлаар 800 гаруй оюутан Эрхүүд суралцаж төгссөн байдаг ажээ. Хамгийн гол нь Монгол Улсад хэрэгцээтэй инженер, техникийн чиглэлийн мэргэжлээр түлхүү суралцуулах тал дээр хоёр тал хамтран ажиллахаар болсон юм. Мөн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн эмч нарын баг бүхий Эрүүл мэндийн галт тэрэг аялуулах талаар ч энэ үеэр ярилцлаа.