Нийт нутгаар маргааш нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Нийт нутгаар маргааш нойтон цас орно

Газар тариалан эрхлэгчдийн хувьд ургац хураалтын энэ цаг үетэй холбоотойгоор тухайн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.

-Энэ сард нийт нутгийн хэмжээнд цаг агаар ямар байх төлөвтэй байгаа вэ?

-Нийт нутгаар ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг газраараа цас орж, эрс сэрүүсэх төлөвтэй байна. 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.Цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг малчид болон тариаланчдад анхааруулах нь зүйтэй болов уу.

-Газар тариалангийн бүс нутгаар  эрхлэгчдийн хувьд энэ цаг үед ургац хураалтын ид ажлын цаг үе. Ирэх өдрүүдэд тухайн бүс нутгаар цаг агаар ямар байх вэ?

-Ойрын өдрүүдэд шөнөдөө хөрсөн дээр хасах хэм хүртэл хүйтэрч байгаа. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дахин хүйтэрч, Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр төвийн аймгийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй байна.

 -Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх бол?

-2011-2012 оны хүйтний улирлын урьдчилсан төлөв байдлаар аравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байна. Ерөнхийдөө  энэ жилийн хамгийн их хүйтэн арванхоёрдугаар сард байх төлөвтэй байгаа.

Д.Долгор

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж