Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр энэ жил нийт 73 км авто зам шинээр барих болон засч шинэчлэхээр төлөвлөж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас ажлаа эхэлсэн. Одоогоор 22-ын товчооны замаас бусад нь цаг агаарын нөхцөл гэж хэл ам болсны дүнд зөвхөн зорчих хэсгээ хүлээлгэн өгсөн /Зассан замуудыг тодруулгаас харна уу/. Харин энэ замуудын чанарт цаг хугацаа дүн тавина.
Одоогоор Шадивлан, 22-ын товчооны зам дуусаагүй байгаа. Мөн ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах замууд ч байгаа юм. Гэхдээ бас замыг нь зассан ч тохижилтыг нь хийгээгүй нь ч бий. Уг нь энэ жил зам засч буй компаниуд явган хүний зам тохижилт зэрэг бүх ажлыг цуг хийхээр болсон. Замаа засаад, эсвэл тавиад дууссан нь тохижилтын ажлаа хийж байгаа гэж Авто замын газрынхан хэлж байна.
22-ын товчоо чиглэлийн замыг хамгийн их ачаалалтай гэдэг. Орон нутгийг хоттой холбож буй гол зам. Улсын баяр наадмын үеэр энэ замын хажуугаар туслах зам болгож түр зуурын зам хүртэл нээгээд амжсан. Энэ замын засвар хамгийн удаашралтай, 45 хувьтай байна. Ашиглалтад оруулах ёстой аравдугаар сар нь болоход ердөө хэдхэн хоног үлдээд байхад шүү дээ. Энэ замд таван цэгт ус зайлуулах төмөр бетонон дөрвөн хоолой, нэг дөрвөлжин хоолой байрлуулсан. 22-ны товчооны замын ажлыг “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг” ХХК гүйцэтгчээр шалгарч, нийт 10,6 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил тавдугаар сарын 18-нд эхэлсэн. Өмнө нь 7 метрийн өргөнтэй байсан замыг 21-27 метр өргөн, хоёр урсгал, зургаан эгнээтэй болгож байгаа. Замыг өргөтгөхийн тулд 36 аж ахуй нэгжийн газрыг чөлөөлсөн. Сайны хажуугаар саар гэгчээр замтай ойрхон обьекттой зарим аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж, газраа чөлөөлж өгөхгүй “луу унжиж” байсан удаатай.
Зам засварын ажил эхэлсний дараа Хотын дарга Г.Мөнхбаяр, мөн Засаг даргын орлогч нар, МХЕГ-ын даргаар ахлуулсан албаныхан хэд хэдэн удаа шалгалт хийхэд цаг хугацаандаа дуусна гэж хариуцсан инженерүүд нь хэлж байсан. Бороо, цаг агаарын нөхцөлөөс болж цаг хугацаа хойшилсон гэж байгаа ч огт ажил хийхгүй өдрүүд зөндөө байсан гэдгийг 22-ын товчоог зоригсод санаж л байгаа. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь байтугай жил дамнаж мэдэх нь.
Үүнээс гадна бас нэг хэл ам таталж, олныг бухимдуулсан зам бол Таван шарын зам. Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх замыг зургаан урсгалтай болгосон талаар наадамчид ам уралдуулж байсан нь саяхан. Гэтэл энэ зам долоо хоногийн дараа зарим нэг газраараа цөмрөөд эхэлчихсэн байсан. Харин албаныхан үүнд “Улсын баяр наадамд зориулж түр хугацаагаар зам тавьсан” гэсэн тайлбарыг тавьсан. Бас нэгэн шалтаг гэвэл МУИС-ийн өмнөх зам ч гэсэн хэдхэн хоногийн дараа цөмрөхөд дахин засварлаад л өнгөрсөн. Энэ мэт зассаны дараа дахин нөхөөд л тайлбар тавьж байхаар чанар гэдгийг нэг хэрэгжүүлээд үзвэл илүүдэхгүй биз.
Бүх замыг муу байна гэж хэлэхгүй ч хийнэ гэсэн замаа цаг хугацаанд нь чанартай хийгээд ашиглалтад оруулчихвал иргэд бухимдахгүй, засч байгаа нь ч асуудалд орохгүй нь тодорхой. Ер нь бол энэ жилийн замын ажил дуусах шатандаа орж байгаа.
22-ын товчооны 10.6 км, Дарь эхээс Шадивлан хүртлэх 12.7 км, Цайз захаас Шархадны эцэс хүртлэх 3.7 км, X хорооллын замаас Саппорогийн аюулгүйн тойрог хүртлэх 1.2 км, Бага тойруугийн 2.6 км зам, Сансарын ШТС-аас Дамба хүртлэх 6.7 км, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртлэх зургаан км, Чингисийн өргөн чөлөөг нарны замтай холбох 1.6 км, ТЭЦ-4-ийн 6.4 км зам, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртлэх 1,2 км зэрэг замууд дууссан. Мөн хорооллууд дундах замын ажил 100 хувь дууссан гэв.
Их тойруу, Сансарын тунелийн явган хүний гарц, БЗД-ийн IV хороо, 805-р ангийн өмнөөс эцсийн худаг хүртлэх нэг км, СХД-ийн 15-р хороо, нэгдүгээр хорооллын 12-р байрны араас дэнж хүртлэх 0,2 зм авто зам, гүүр, Сүхбаатар дүүргийн 8-р хороо Оюутны гудамжны 1,25 км, Ажилчны гудамжны 3,5 км авто зам, Дарь-Эх шадивлан чиглэлийн авто зам, Сэлбэ болон бэлхийн голын дээгүүр 83 урт метр гүүр зэрэг ажлууд хийж байна.
Харин ирэх жил туршлага судалсан компаниуд нь япончуудаас олж авсан туршлагаараа зам барина гэж найдъя. Бүрэн дууссан хойно нь дахин нэг сураг тавьж үлдсэн ажлуудыг нь түр үлдээе. Зам засварын ажил нэг иймэрхүү янзтай л үргэжилж байх шив.
"Ардын эрх" сонин