Уг хуулийн зорилго нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд малчид хятадын ченжүүдэд биш дотоодын үйлдвэрлэгчдэд ноос ноолуураа тушаавал урамшуулал олгох, биржээр дамжуулан үйлдвэрлэгчээс хэрэглэгчид олон шат дамжлагагүй, чанартай бүтээгдэхүүн хүргэх зэрэг аж.
Энэ хууль гурван сарын өмнө батлагдсан бөгөөд дахин есөн сарын дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Иймд байнгын хорооныхон өнгөрөгч гурван сарын хугацаанд хуулийг хэрэгжүүлэхийн төлөө юуг амжуулсныг сонсохыг зорьжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн яам энэхүү хуулийг хэрэгжүүлэгч гол оролцогч тул хуралд ирж тайлбар хэлсэн бөгөөд юуны өмнө Хөдөө ахуйн түүхий эдийн биржийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хэрэгтэй байгаагаа дуулгав. Үүнийг хийх ажлыг хэд хэдэн ААН-ийн дунд тендер зарлан гүйцэтгүүлэх болжээ. Энэ гурван сарын хугацаанд есөн аймгийн төв дээр ХАА-н биржийг дэмжсэн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр, 20 хоршоог загвар болгон хөгжүүлэх төлөвлөгөө гараад байгаа. Ноос ноолуур пресслэгч төхөөрөмж зэрэг биржийн үйл ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмжүүдийг авчирч эхлээд байгаа аж.
Байнгын хорооны гишүүд эдгээр ажлын үр дүнг үгүйсгэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч хөдөө орон нутагт иргэдтэй уулзах үеэр хөдөө аж ахуйн биржийн талаар огт мэдээлэлгүй байгаа гэдгийг ч засгийнханд анхааруулсан байна.
Энэ талаар байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Хууль гарсаар гурван сар өнгөрсөн ч энэ талаар малчид огт мэдээлэлгүй байна. Ямар нэгэн хуулийг бодитой хэрэгжүүлэх гэвэл сурталчлах ажлыг хамгийн эхэнд хийх ёстой. Энэ хуулийн гол оролцогчид нь малчид байтал тэд юу юугаа ч мэдэхгүй байгаа нь ямар учиртай байна” хэмээн асуулт, шүүмжлэлээ нэгтгэн Засгийн газарт тавив. Малчид мэдэхгүй байсан шалтгаан нь яамны зүгээс ямар нэгэн байдлаар мэдээлээгүйд. Мэдээлээгүй шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмууд гараагүйтэй холбоотой. Журмууд гараагүй нь эдгээр журмыг тодорхой тооцоо судалгаатай хийх шалтгаантай холбоотой аж. Нийт 11 журам боловсруулагдан бий болсноор энэ хууль хэрэгжих бүрэн боломжтой болно. Үүний дараа л малчдад яг юу хийх ёстойг нь тайлбарлахад бэлэн болох гэнэ. Мөн энэхүү мэдээллийн үеэр гарсан анхаарал татсан нэгэн мэдээллийг хүргэсэн нь орон нутагт төрийн мэдээллийг гуйвуулан хүргэдэг тухай байлаа. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор засгийн газраас бонд гаргасан бөгөөд малынхаа ноосыг гадныханд биш дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн бол килограмм тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон билээ. Гэвч энэ жилд ноос, ноолуураа дотоодын үйлдвэрлэгчдэд өгсөн хувь хэмжээ төдийлөн хангалттай хэмжээнд хүрээгүй үзүүлэлттэй гарчээ. Ийм нөхцөл үүсэхэд ченжүүд нөлөөлсөн гэнэ. Тэд “ирэх жилээс л төрийн энэхүү бодлого хэрэгжих болно” гэж худал цуурхал тараасан нь малчдыг үндэсний үйлдвэрлэгчдэд биш ченжүүдэд өгөхөд хүргэсэн бололтой.
Хуулийг сурталчлах, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр Хэнтий, Ховд, Баян-өлгий аймгуудад сургалт явуулах, гадаадын улс орнуудад биржийн чиглэлээр суралцаж буй иргэдийг татан ажиллуулах чиглэлээр саналыг Засгийн газарт оруулах гэж байгаа гэнэ. Мөн их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн биржийн чиглэлээр 3 кредитийг нэмж оруулахаар судалж байгаа гэнэ.
Биржийг бий болгоно гэдэг нь тээвэр агуулахын логистикийн сүлжээг шинээр бий болгох, агуулах хадгалалт, гэрээ журам гээд араасаа олон асуудлын шийдлийг хүлээж байгаа гэнэ. Иймд агуулах савны тооллогыг өнгөрсөн хоёр жилд хийсэн ба барааг муутгахгүйгээр хадгалж болох эсэхийг нь тогтоож, хувийн хэвшлийнхний агуулахыг мөн ашиглах байдлаар үүнийгээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ийм нөхцөлд, тооцож буйгаар хамгийн хурдан арилжаанд оруулж болох бараа нь улаанбуудай, ямааны ноолуур, амьд мал байгаа гэнэ. Мөн ажлыг үр дүнтэй болгоход интернэтийн сүлжээг ашиглах талаар анхаарлаа хандуулж байгаа аж. Нийт сумдын тал нь буюу 160 сум нь интернэтийн сүлжээнд холбогдсон байгаа нөхцөлийг биржийн үйл ажиллагаатайгаа холбож чадвал ихээхэн эерэг боломжууд бий болох нь тодорхой.
Үүний нэгэн адил биржийн үйл ажиллагаатай уялдуулах шаардлагатай зүйл нь төрийн зүгээс малчдад үзүүлж буй тусламж болохыг байнгын хорооны гишүүн Ц.Сэдванчиг онцолсон бөгөөд төрөөс малчдад, тариалагчдад үзүүлэх зээл тусламжийг өөрсдөдөө ашигладаг хүмүүс бий болсон байна. Иймд нэгэнт малчид, тариаланчидтай холбоо тогтоож байгаа биржээр нь дамжуулж төрийн үйлчилгээг үзүүлэх нь оновчтой юм гэх саналыг гаргав.
Ийнхүү мэдээлэл өндөрлөсөн бөгөөд энэ удаагийн тайлбар, шүүмжлэлийг багцалбал “Биржийн хуульд оролцох гол хүмүүс өөрсдөө энэ хуулийнхаа талаар мэдлэг муутай тул хууль хэрэгжихэд хүндрэл үүсэж болзошгүй тухай, Биржийн ажиллах гол журмуудаа бэлэн болгоогүй байгаа тул хуулиас өөр зүйлийг сурталчлах боломжгүй тухай” байлаа.
"Ардын эрх" сонин