Элчин сайдын яамаа хаалгахгүйн төлөө ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Элчин сайдын яамаа хаалгахгүйн төлөө ажиллана гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амралтын өдрүүдэд орон нутагт анхаарлаа хандуулсан бол ажлын өдөр эхлэхтэй зэрэгцэн гадаад харилцааны асуудлаар гадны төлөөлөгчдөд анхаарлаа чиглүүллээ. Димитрь Чукарски тэргүүтэй Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын гишүүдийг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд нарын хамт хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ийн санал солилцов.

Болгар нь Монголыг Балканы орнууд, Европын Холбоо, НАТО-той харилцахад багагүй хувь нэмэртэй гэгддэг тул УИХ-ын даргын энэхүү уулзалтад тодорхой ач холбогдол өгч болохоор аж.

Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, хоёр орны ард түмэн ч бие биенээ сайн мэдэж ойлгодог тийм түвшинд хүрсэн, манай орны эдийн засаг, соёл, боловсролыг хөгжүүлэх, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд Болгар улс ихээхэн хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэв. Мөн хоёр орны парламент хоорондын уламжлалт хамтын ажиллагаа ч зохих түвшинд хөгжиж ирсэн, тухайлахад энэ удаагийн УИХ байгуулагдсанаас хойшхи хугацаанд Болгарын Ардын Хурлын гурав дахь удаагийн зочид манай оронд айлчилж байгаа нь парламентын харилцаа өргөжиж буйг харуулж байгаа гэдгийг ч онцлов.

УИХ-ын даргын хувьд Болгарын парламентын төлөөлөгчидтэй ямар асуудлаар харилцах сонирхолтой байгаагаа тэрээр “Монгол Улсын эдийн засаг сүүлийн үед хүрээгээ улам тэлж, цаашид ч хөгжлийн хурдац ахих төлөвтэй байна. Уул уурхайн салбарын хөгжлийн ахиц дэвшлийн зэрэгцээ хөдөө аж ахуйн хөгжлийг ч бас шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Энэ үүднээс хөдөө аж ахуйгаа Европын стандартын түвшинд хөгжүүлэх бодлого баримталж байна. Мөн гадаад харилцааны хувьд Европын орнууд, Европын Холбоотой хамтран ажиллах, тэгэхдээ хуучин түнш байсан Европын орнуудтай уламжлалт харилцаагаа улам ойртуулах эрмэлзэлтэй байгаа” гэв.

Үүний хариуд Димитрь Чукарски “Болгар, Монгол хоёр орон ардчилал, зах зээлийн харилцааг хөгжлийн чиг шугам болгон сонгож аваад хорин жилийг үдэж байна. Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан, ардчиллын үлгэр жишээ орон болжээ. Бид ч энэ хугацаанд Европын Холбоо, НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болсноо чухал ололт гэж үздэг. Соёл, боловсрол, спортын салбарт хүрсэн харилцааны өнөөгийн түвшиндээ суурилан хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж эрчимжүүлэх, ялангуяа бараа эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах нь чухал” хэмээв.

Монгол улс дахь Болгарын элчин сайдын яамыг татан буулгах тухай албан бус мэдээлэл өмнө гарч байсныг энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөндөж, тодорхой хариулт авсан байна. Тэрээр энэ талаар “Монгол дахь Элчин сайдын яамаа түр хаах шийдвэрийг Болгар улсын зүгээс гаргасан тухай яриа сонссон, гэхдээ баттай мэдээлэл хэмээн бодохгүй байгаа” гэсэн бөгөөд үүний хариуд “Дипломат харилцааг зохицуулах тухай шинэ хуулийн дагуу Засгийн газар, Гадаад харилцааны яам гадаад харилцаанд реформ хийж байгаа. Монгол дахь Элчин сайдын яамыг хаахгүй байх талаар бид эндээс очоод өөрсдийн зүгээс хамаарах бүхнийг хийх болно” хэмээх амлалтыг авснаар энэ удаагийн уулзалт өндөрлөсөн байна.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж